А.Баатархуяг: Хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох бий, энэ томчууд…
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охины бичлэгтэй холбоотой шуугиан тэр охины болоод хэдэн хүүхдийн ирээдүйг баллаж байна даа! Одоо бүр байтлаа насанд хүрээгүй шахам хүүхдүүдээр тоглож улстөр, эдийн засгийн ашиг сонирхлоо тулгадаг болох нь…
Хүүхдүүдийн асуудлыг дэвэргэж байгаа нь томчууд голдуу байх юм. Түүнийг нь дагаж элдвээр сахилгагүйтэж байгаа хүүхдүүдийг харахаас яс хавталзам. Өөрөө хүүхэдгүй мэт аашлах хэрэг байна уу? Монгол үгэнд “Хүүхэд нохойн хэрүүл хийсэн хүн айлтай айл явдаггүй” гэдэгсэн. Цаанаа улстөрийн шалтгаантай мэт харагдаад байгаа л юм даа. Ажиглаад байхад “УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг улстөрөөс гарлаа” гэсэн мэдээлэл хамгийн түрүүнд идэвхтэй тархаж эхэлсэн нь цаад зорилгыг илчлээд байна. Тэр бид хоёр яах вэ? Улстөрөөс гарсан ч, байсан ч олон нийтэд нэг их хамаатай юм биш. Өдий насанд “Үхэхээс бусдыг үзсэн” хүмүүс.
Энэ АН-ынхныг намнах МАН-ын ажил уу?, эсвэл АН доторх “гудамжны улстөр үү?” гэх мэт дүгнэлт эрж, яс хаяхаасаа өмнө “Энэ хэдэн хүүхдийн ирээдүйг бодож байгаа хүн байна уу?” гэж асуумаар санагдах…
Ер нь хүний хүүхдүүдийг шүүж, хэлэлцэхээсээ өмнө өөрийн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй болж! Хүний өөрийн хүүхэд ялгаа юу байх вэ? Дөч, тавьтай бидний үеийнхэн нэг их хэл амаа билүүдээд цуугиад байх ч явдал биш! Ялангуяа хүүхдүүдийн дэргэд…
Энэ золигууд 15-20 насандаа л элдвийн юманд орооцолдчих гээд байдаг, хамгийн хэцүү үе. Эрчүүд яах вэ? Тэгэс, ингэс гээд хааяа ширүүлнэ. Ширүүлэхдээ хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Тэгээд эх нь хүүхэдтэйгээ хуйвалдана, олон юмыг нууна. Муу эх нь хүүхдүүдтэйгээ тулж “хүүе хаая” гэдэг.
Хүүхдүүд яг энэ “завсрын” үедээ эцэг, эхээ ёстой нэг “шар махтай нь хатаана”. Нойргүй санаа зовж хонох ч, шөнө дунд хүртэл хүлээх ч энүүхэнд. Тэгээд ороод ирэхээр нь үглэхээс хэтрэх биш, дандаа загнаж зандчаад байхаар хүүхэд эвдэрчихнэ гэж айх юм байна шүү.
Одоо нийгэм ямар байгаа билээ? Урьд “Хүний аманд орчих гээд.., гарч тогло” гэдэг байсан эцэг, эхчүүд одоо бол хүүхдүүдээ том багагүй гэрээс гарах бүрийд санаа зовдог болсон. Наад зах нь машин тэрэг ч олширч, зам ч өргөсөж, дээр нь жолоочийн сахилга хариуцлага ч ямар байгаа билээ. Өмнө нь жолооч болоход 5, 6 мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаарддаг байсан. Тэр дундаа мэдрэлийн эмчийн. Ойворгон, биеэ барих чадваргүй, сэтгэцийн доголдолтой (өвчтэй биш) хүмүүсийн гарт хүчирхэг техник өгвөл аюултай учраас тэр… Яг түүнтэй адил нийтийн мэдээллийн сүлжээ фейсбүүк, твиттерийг тийм хүмүүст ялангуяа нэр нүүрээ нуусан, нас зүс нь мэдэгдэхгүй хүмүүст чөлөөтэй өгөхөөр тэдэн дотор “яваа” хүүхдүүд аль л хурц, мууг нь хамгийн түрүүн шингээж авдаг. Сэргэг гэнэ ой санамж хамгийн хурц юманд дуртай хойно. Ядаж байхад ухаалаг утас гэдэг нэг “гай” гарч ирж.
Ямар сайндаа л багадаа амар байж гэлцэх вэ! Өдий насандаа хүүхдүүд том хүн болж байгаа нь энэ гэж болох, болохгүй юм бүхнийг айж эмээхгүй, бодох санах юмгүй барьж авна. Орой үдэш тогтохоо болино. Аавын цээж оргино, тамхи тариа нууцаар татна. Болдоггүй эрхтнээрээ тоглоно. Хажуугаар нь ядаж л эр-эмээрээ жамаараа болоосой гэж залбирна. Одоо эдний үзэж харж, сонсож дуулж байгаа нь ямар билээ! Ер жаахан хатуу гараар барьдаг нь энэ үе л дээ. Заримдаа ч ээж нь дийлэхгүй оргиод “холбоотны гэрээгээ зөрчиж” аавд ховлож, аав нь жаахангүй ширүүлж байж дарж авах үе ч бий!
“Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг байж, хуучин. Бухын хүзүүний тэр хасаг эмээл шиг булчин ай мөн хатуу шүү. Харин зөв өсгөхийн тулд нийгмээрээ л хариуцлага хүлээх ёстой. Хүн нийгмийн дунд л төлөвшдөг. Хуучин цагт бол ТМС, цэрэг хоёроор дарж авдаг байсан бол одоо тэр нь алга. Дарж авах юу байх вэ? Тэнд сахилга батжуулж, хөдөлмөрт сургаж, хат суулгаж, амьдралын хүнд хэцүүгийн зах зухыг хүчээр мэдрүүлдэг байлаа шүү дээ! Дээр нь хүмүүжил, эх оронч үзлийг яс маханд нь тултал өгдөг байсан.
Хүн бол ухаантайнхаа хэрээр удаан бойждог амьтан. Бие нь өсөж, үс сахалдаа баригдсан ханхар эр ч ухамсрын хувьд шал түүхий байдаг. Тиймээс боловсролын системд зөвхөн ШУ-ны түгээмэл үндсийг заахаас гадна хүмүүжил, ёс суртахуунаар боловсруулахад маш их хүчин чармайлт тавих хэрэгтэй байдаг. Ёс суртахууны суурь ойлголт, хүмүүжилтэй хүнд л гоо зүй гэсэн дараагийн шатны сургалт нэмж байж сэхээтэн хүнийг “гаргаж авдаг” байв.
Гэгээрэх, боловсрохын ялгаа энд бий. Хуучин гэгээрлийн яам гэдэгт гэрийн боловсролд тулгуурлаж, албаны ёсны гэгээрлийг хариуцуулдаг байсан бол нийгэм хөгжихийн хэрээр “боловсруулах буюу хүмүүжүүлэх” үүргийг төр өөртөө авсныг “үзэл сурталжсан үе” гэдэг ч зарим талаар зөв систем байсан юм. Хүмүүжлийн эрхлэгч, пионерийн удирдагч, сургуулийн эвлэлийн үүрээр дамжин хүн “боловсорч” байжээ. Тэр үеийн “өв тэгш, өндөр ёс суртахуунтай, тэргүүний социалист иргэн” бий болгохыг зорьдог байсан. Бү дэлхий дахины өмнө нүүр улайхгүй төлөвшсөн залуу үеийг бүтээхийг зорьж байсан нь бараг л бүтэшгүй мөрөөдөл байсан л даа!
Хүүхдүүд 23-25 насандаа л гараас гардаг амьтад л даа, чааваас. Яг тэр үедээ бие даан амьдрах чадвартай хүн болж төлөвшдөг. Тиймээс ямар ч хүний амьдралын ид үе хүүхдүүддээ зориулагдсан байх нь олонтаа.
Өнөөгийн нийгэмд бидний хүүхдүүдийг асар олон аюул занал, занга, дөнгө отож байдаг. Зарим талаар байгалиас ч аюултай. Хүн бол байгаль, нийгмийн амьтан. Хувь хүнээс бие хүн болж төлөвших замдаа оюун санааны хувьд эрсдэлд өртөх нь нийгмийн шинж нь юм.
Хар тамхи, садар самуун, архи согтууруулах ундаа, зодоон цохион, зэвсэг мэс зэрэгт өртсөн хүүхдүүд нийгмээс тусгаарлагдах болдог. Шорон гяндангаас мултардаг юм гэхэд ялангуяа мэдээллийн солилцоо, хурд өндөр төвшинд хүрсэн өнөө үед нийгмийн үзэн ядалтын улмаас өөрийн эрхгүй нуугдах, тусгаарлагдахаас өөр аргагүй болох талтай. Энэ тусгаарлалт нь хүүхдийн амь насанд ч халтай…
Даваад гардаг юм гэхэд хүүхдүүд насан туршийн биш юм гэхэд наанадаж гэрлэж бараалахад түвэгтэй байдалд орчихоор байна.
Гудамжинд хоёр хүүхэд хэрэлдэж байхад томчууд дунд нь орж хэрэлдэхгүй, зодолдож байвал дундуур нь орж зодолдохгүй биз дээ! Загнаж зандраад ч болов болиулах ёстой. Айгаад гэртээ орчихоод компьютер асаагаад “Одоогийн хүүхдүүд их муухай болж хэрэлдэж, зодолдож байна” гэж бичих бол Та нийгмийн үүргээ биелүүлээгүй, бүр хор болсон гэсэн үг. Яг түүн шиг үзэгдэл одоо болж байна. Хүүхдүүдээсээ хүртэл айдаг болж байна уу даа? Бид!
Хүүхдүүдийн асуудалд хөндлөнгөөс орж, том том дүгнэлт өгөхөөсөө өмнө тэднийг хүүхэд гэдгийг бод. Ядаж буруутай бол зохих ёсоор шийддэг газарт нь, буруугүй бол эцэг эхэд нь үлдээ. Бид давхар яллах үүрэггүй. Тэр хүүхдүүд бидний өмнө хариуцлага хүлээгээгүй, сонгогдсон томилогдсон албан хаагч ч биш, мөнгө идсэн авилгач ч биш! Сонгогдох нь байтугай сонгоход “ухаан” хүрэхгүй гэж хуульд заасан нас.
Ядаж тэдэнд үлдсэн жаахан хугацаанд хүүхэд байх эрхийг нь үлдээ. Нэг их удахгүй том хүн болчихно. Эцгүүдэд нь дургүйгээ төлөвшөөгүй үр хүүхдэд нь гаргаж болохгүй. Тэгвэл бид ирээдүйгээ нийгэмдээ өсөрхөгчдөд, нийгмээ үзэн ядагчдад үлдээнэ. Аав нь баян учраас хүүхэд нь адгийн шаар байх ёстой гэж ямар ч улайрсан хувьсгалч хэлж байгаагүй юм.
Тийм ирээдүйг хэн хүсэх вэ? Эр юм гээд хатуурхдаг ч эцгээс нь илүү байж чадахгүй. Эрчүүлийг нь буруутгах тусам цаагуураа хүний охин хүүхэд нүд үзүүрлэгдэх аюултай. Буруутгавал өөрсдийгөө буруутга! Үлгэргүй, хариуцлагагүй байсныхаа төлөө, ийм цаг үед тэсээд амьдраад байгаагийнхаа төлөө! Бас түүнээс дор ирээдүйг бэлтгэж байгаагийнхаа төлөө. Тэр хүүхдүүд бидний нийгэмд “хүн болж” байгаа. Гэртээ гэмт хэрэг хийгээгүй, нийгэмд буруутгагдаж байгаа хүүхдүүд.
Гадаадад суралцахаар явсныг нь зугтлаа гэж, хамт зургаа авахуулсныг нь хамсаатан гэж шуугих хэрэггүй. Томчуул тэвчээртэй байх ёстой. Бид үр хойчоо хамгаалах, үүрэгтэй болохоос дайрч давшилж, дэвслэх ёс үгүй. Ер нь бол юу ч болоогүй байна, юу болсон нь ч тодорхойгүй байна. Үр хойчдоо харгис хэрцгий ханддаг ард түмэн удаан наслахгүй! Ер нь хүүхдийг зодож биш олонхдоо хайрлаж л өсгөдөг юм билээ дээ… Хайр их байх тусмаа л хүүхдэд, хүүхдүүдэд маань сайн. Би ирээдүйдээ арай л хатуу хандаад байгаа юм биш биз? XX зууны эхээр Майский Монголчууд хүүхдэд ямар их хайртайг гайхаж байсан. Бүр мөхөж буй үндэстний зөн нь ийм болгож гэж дүгнэсэн байсан. Одоо бол Өүлэн эхийн хэлдгээр “Зулзагаа нядлах ядах ангир мэт…” болчихож.
Харгис хатуу цагт ч зуун жил арван хуруугаа алдартал, таван хуруугаа тамтартал өсөрхөн тэмцэлдсэний эцэст ялагдагчаа “тэргэний цүүд чацуулан хядаж” байсан нь “хүүхдэд” гар хүрэхгүй л гэснийх юм шүү…
Жич: Энэ нэг болоод байгаа юмыг харж харж тэсэлгүй нэг ийм юм бичлээ. Би ч бас эдний насны хүүтэй. Сайн л хүү, гэхдээ л айх юм байна шүү!
А.Баатархуяг
URL: