ХОНХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТ: МАНАЙ “ХӨХ МОНГОЛ” БҮЛГЭМ ЭРҮҮГИЙН ЕРТӨНЦИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАНА

b0d063_MPA_PHOTO_2017-3178_x974“…Гяндангийн нэг өрөөнд хоёр хүн байна. Давхарласан хоёр ортой, дотроо жорлонтой. Өглөө хар цай, халбага будаа өгнө. Өдөр нь цувдайтай гурил. Орой нь жаахан талх, цай… Шөнө болмогц хөнжил, гудас тавьж өгөөд маргааш өглөөний зургаан цагт хурааж авна. Өдөрт 15 минут нарлана. Байнга дан өмд, цамцтай. Өвөл бол тувт чичрээстэй. Тамхи татуулахгүй. Харин ном, сонин уншуулна…” 
Энэ бол соц нийгмийн үеийн цуутай гэмт хэрэгтэн Чойрогийн Дүгэрээгийн хэлсэн үг. Хоёр ч удаа дээд хэмжээ сонсож, найман жил гянданд суусан Ч.Дүгэрээг эрүүгийн нөхөд нь “Чи бол гяндан гэдэг амьд хүний авсанд хамгийн олон жил суугаад эв эрүүл гарч ирсэн жинхэнэ мужик. Чамаас өөр хүн бол сэтгэл санаагаар унаад, турж эцээд, солио өвчин тусаад үхчих байлаа. Одоо чи бол эрүүгийн ертөнцөд дархлагдсан…” гэж хэлээд түүнийг дархалж байсан гэдэг юм. Нээрээ ч Дүгэрээ нь эрүүгийнхэн дундаа бол дархлагдсан маягтай жаалж яваад л хорвоог орхисон хүн. Таван жил гянданд сууж, таван жил чанга дэглэмтэй колонид ял эдлээд гарч ирсэн Хонхэрээдийн Б.Энхбаттай уулзахдаа Чойрогийн Дүгэрээг ийнхүү ишлэв. Саяхан тэрбээр өөрийн тэргүүлдэг “Хөх Монгол” бүлгэмтэйгээ хамтраад хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ тухай уншигчид сайн мэдэж байгаа. Тиймээс би бээр эртний анд Хонхэрээдтэй ганцаарчлан уулзахдаа яриагаа шууд л гяндангаар эхэлсэн.
-Гянданд байхдаа ном их уншив уу?
-Социализмын үеийн гянданд бол ном сонин оруулдаг байсан. Цуутай гэмт хэрэгтэн “Шулга” Сандаг гэхэд л гянданд байхдаа Марксын “Капитал” зохиолыг уншиж судалсан байдаг. “Шилэн” Дамдин гэхэд л Алексей Урганевын “Мөр хөөсөн нь” гэдэг зохиолын амтанд орсон байдаг. Өнөөгийн гянданд хэрвээ ном, сонин орууллаа гэхэд унших боломж байхгүй. Гэрэл их муутай. Коридорын гэрлээр камерын өрөө гэрэлтдэг. Маш бүдэгхэн. Ийм нөхцөлд ном сонин уншиж гэмээнэ хараагүй болно. Сохорно. Гяндан бол эр хүний шандасыг шалгадаг газар. Тэнд орсон эр хүн жинхэнэ эр хүн болж гардаг. Өмнө нь гаргасан алдаагаа ч ойлгоод засч чаддаг, сэтгэж чаддаг. Гяндан үзээгүй хүмүүс гянданг ойлгохгүй ээ. Би чамд ганцхан л юм харуулъя. Гав дөнгөний сорви ингэж тогтдог юм. Миний гарыг хар даа. Хүмүүс бол гавны сорви бугуйгаа дагаад тойрог хэлбэртэй тогтдог гэж бодох байх. Тэгтэл энэ сорви дээшээ ганц зураас маягтай тогтсон байгаа биз. Гэхдээ би гяндангийн зарим зүйлийн тухай нарийн ярьж бас болохгүй. Энэ чинь төрийн нууцад хамрагддаг. Найман жил гянданд суугаад гарч ирсэн Чойрогийн Дүгэрээг хүмүүс луйварчин, дээрэмчин гэдэг. Гэвч тэр хүн өөрийнхөө л замаар явсан. Хэрдээ эрдэм соёл хөөгөөд явсан бол тэр замаараа амжилтанд хүрэх байсан. Анхнаасаа тэр хүний эхэлсэн замнал тэр. Тэгэхээр нэгэнт тэр хүний орсон замыг хараах хэрэггүй. Замаа олохгүй төөрч будилаад байгаа хүмүүсийг бодвол өөрийнхөө замаар явсаар байгаад дууссан хүмүүсийг муу хэлж хэрэггүй. Өөрийнхөө замаар явсан хүн өөрийнхөө замаар л явна. Дашдоржийн Нацагдорж хүртэл гяндан үзсэн хүн шүү дээ. Ямар сайндаа л “Гяндан чиний суурин дээр шарилж ургахын цагт, хуяг чиний нүүрэн дээр хэрээ гуаглахын цагт…” гэж бичиж байхав. Гяндан гэдэг бол үнэхээр л амьд хүний авс. Ямар сайндаа л “Гяндлуулахад хүрвэл замдаа боогоод үхчих” гэсэн хэлц үг гарсан байхав дээ. Нэлээн шийртэй аавын хүү л гяндангаас амьд гарч ирнэ дээ.
-Шийртэй аавын хүү гэснээс чамайг Оросын “вор”-уудтай уулзаж явсныг мэдэх юм. Оросын шоронгийн систем манайхаас ямар вэ?  
-Оросын дархлагдсан хулгайч нартай уулзаж учирч явсан минь үнээн. Манай шоронгийн систем, Оросын шоронгийн систем хоёр адилхан. Харин дэлхийн түүхэн дээр аваад үзэх юм бол хамгийн хатуу системтэй шорон бол Монголынх… Манай шорон таван системтэй. Жирийн дэглэм, чанга дэглэм, онцгой дэглэм, гяндан. Тэгээд тусгай… Энэ тусгай гэдгийг бол энгийн хүмүүс мэдэхгүй. Хамгийн дээд тал нь гяндан гэж л ойлгож байгаа. Би тусгайд байсан. Гэвч үүний тухай задалж ярихгүй гээд гар, хөлийн үсэг зурчихаад ирсэн хүн. Яагаад гэвэл төрийн нууцад хамаарагддаг. Онцгой дэглэмээс дээш системийг баргын аавын хүү давж гарахад хэцүү. Онцгойд зуу гаруй хүн байдаг. Гянданд намайг очиход хориодхон хүн байсан. Гэтэл чанга, жирийн дэглэмүүдэд хэдэн мянгаараа хоригдож байна. Гянданг даваад гараад ирсэн хүмүүсээ эрүүгийнхэн их хүндэлдэг.
-Тэр үнэн юм билээ. Өмнөх нийгмийн Дашийн Мундаа, Чойрогийн Дүгэрээ, Цэвээний “Хар” Лхамсүрэн, Цэвэлийн Ваанчигжамбаа гээд бэлээхэн түүх байна. Гяндлуулж байсан эд нарыг эрүүгийнхэн Манжийн үеийнхээр бол есөн эрүү даваад гарч ирсэн шилийн сайн эрчүүдтэй адилтгаж байсан ч удаатай. Гяндангийн хамаг зовлонг даваад гарч ирсэн хүнд тэгээд сэтгэлийн ямар хат сууж байх юм бэ?
-Гянданг даваад гарч ирсэн хүнд ганцхан чанар суудаг юм. Үхэх гэдгийг мартчихдаг юм. Хэн нэг нь “Чамайг ална даа” гэхэд ойлгодоггүй юм. Чамайг зодно доо гээд хүн айлгахад ойлгодоггүй юм. Ийм болчихсон хүнийг оролдох юм бол өөрсдөө л хоолойгоо таслуулна. Тийм учраас аль хэдийнэ дархлаа суучихсан Оросын дархлагдсан хулгайч нар ямар ч хамгаалалтгүй явж байдаг. Яагаад гэвэл тэр хүний сэтгэл зүй маш өндөр түвшинд бэлтгэгдчихсэн байдаг.  Өөрийнхөө хүрээлж байгаа бригадынхаа хүмүүсийг амиараа хамгаалж чаддаг. Гэхдээ эрүүгийн хүн бол хэзээ ч улс төрд ордоггүй. Энэ бол хууль. Путин юу гэж хэллээ. “Оросын төрийн гурван тулгуурын нэг нь энэ “вор”-ууд шүү” гэж хэлсэн. Өнөөдөр Орост хоёр төрлийн хөшөө байдаг. Нэг нь Оросын төрийн өмнө гавъяа байгуулсан хүмүүсийн хөшөө. Нөгөөдөх нь воруудын хөшөө. Жишээ нь соц нийгмийн үеийн цуутай гэмт хэрэгтэн Бриллиантын маш гоёмсог хөшөө байна. Америкийг шуугиулж явсан мафийн толгойлогч Япончикийн хөшөө байна. Мөн “Өвөө” Хасааны хөшөө байна. Бүгдийг нь хүрлээр цутгасан. За тэгээд Оросын энд тэнд олон хөшөө бий. Манайд өнөөдөртөө бол “Торой” Бандийн хөшөө байна. Баабар намайг харааж байсан. “Хялайсан муу гуйлгачин хулгайчийн хөшөө бариуллаа…” гэж. Тэглээ ч өнөөдөр “Торой” Бандийн хөшөө рүү хүмүүс очсоор л байна шүү дээ. Эрүүгийнхнийг зөв чигт хөдөлгөдөг нэг л зүйл байдаг. Тэр бол үндэсний үзэл. Ийм үзлийг яс махандаа шингээчихсэн байдаг. Энэ хүмүүст үндэсний үзлийн эсрэг тэрсэлж байгаа болгон өөрсдийнх нь дайсан болж байдаг.  Гэхдээ эрүүгийн гэх тодотголыг хулгайч, дээрэмчин, алуурчидтай адилтгах үндэсгүй. Ийм хулгайч, дээрэмчид бол Монголд хар мянгаараа байна.  Харин эрүүгийн гээд нэрлэчих хүн хэд байсан. Одоо харин бүгд алагдаад дууссан. Дамирангийн Энхбат бол энэ тоонд орох хүмүүсийн нэг байсан. Жирийн нэг гэмт хэрэгтнүүдийг эрүүгийнхнээс ялгах хэрэгтэй. Эрүүгийн хүмүүсийн нэг авах юм бол асар өндөр боловсролтой байдаг. Энэ нь маш аюултай. Би түрүүн Оросын эрүүгийн Бриллиантын тухай ярьж байсан. Тэр гянданд ганцаарчилсан өрөөнд олон жил болсон хүн. Гадаа өөрчлөн байгуулалт явагдаад, Орос орон дампуурч байх үед хуулийнханд хандаж “Манай Орос оронд Барууны салхи салхилаад байна шүү. Тэр салхинд та нар хийсээд хуйлраад байж болохгүй. Энэ Орос гэдэг чинь өөрийн үндэстэй, өөрийн соёлтой, үүнийгээ бид хамгаалах хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгээд Оросын цагдаа, тагнуулынхантай хамтарч ажиллахгүй гэж татгалзсанаас болоод өрөөндөө буудуулж үхсэн. Манайд ч гэсэн “Чонон” Борис гээд алдартай хүн байсан. Даанч энийг хүмүүс мэддэггүй. Долоон буудлын нэг хармааны хулгайчийг “Чонон” Борис гэж андуураад байдаг. Жинхэнэ “Чонон” Борис бол 505-аас оргосон Оросын хоригдлуудыг хойшоо гаргадаг, өндөр зэрэглэлийн шилийн сайн эр байсан болохоос Улаанбаатарын гудамжинд зодоон хийгээд, хүн хутгалаад явдаг хүн байгаагүй шүү дээ. Жинхэнэ Борисын түүх өнөөдөр хаалттай байна. Ард нь дуурайж гарч ирсэн олон Борисын түүх бий. Жинхэнэ Борис баригдчихаад байхдаа “Би алт, мөнгө нуусан газраа та нарт зааж өгье” гээд НАХЯ-ныхантай явсан. Тэгээд нэг агуй дээр очоод чулууг нь онгойлгоход юун алт мөнгө, 505-аас оргосон хоёр хүүхэн байсан. Би энэ хоёрыг үхчих болов уу гэж зааж өгсөн юм гэж хэлсэн. 505-аас оргосон оросын эрэгтэй эмэгтэй хоригдлуудыг ууланд нууж байгаад хойшоо гаргадаг тийм хүн байсан юм билээ. Тэгээд тэр хоёр хүүхнийг гаргах санаатай өөрийн агуйдаа хийчихээд явж байгаад өөрөө баригдчихсан. Ингэж тэр хоёр хүүхний амийг аварсан. Өөрийнхөө биеэр энэ ажиллагаанд оролцож явсан өвгөн хурандаагийн амнаас би сонсож байлаа.
-Эрүүгийнхэн, гэмт хэрэгтэн гэдэг чинь хоёр өөр ойлгоцтой болж байна. Энэ тухайд дахиад тайлбар авъя аа?
-Улс оршин тогтноход гурван том тулгуур байдаг. Ард түмэн байдаг, дээр нь ард түмнийг хөгжин дэвжихэд тусалдаг хоёр зүйл байдаг. Нэг нь төр байдаг, нөгөө нь төрд байдаг сүүдэр. Тэр сүүдэр нь эрүүгийнхэн. Өнгөрсөн зуунуудын түүхийг авч үзэхэд шилийн сайн эрчүүд бол Манжийн төрийн сүүдэр болж байсан. Тэр үед Манжийн төрийг айлгадаг байсан улс бол шилийн эрчүүд байсан. Харин манж нараас цол хэргэм авдаг байсан ноёд тайж нар бол шилийн эрчүүдийн хажууд хэн ч биш. Аливаа улсад төр бий болоход төрийг дагаад луйварчид, цагаан захтнууд аяндаа гараад ирдэг. Эд нарыг цэвэрлэхийн тулд, эд нартай өрсөлдөхийн тулд нөгөө сүүдэр талд нь эрүүгийн ертөнц босч ирдэг. Даанч манай монголчууд эрүүгийн ертөнцийг гэмт хэрэгтнүүдээс ялгаж салгаж ойлгодоггүй. Харин бусад улс орон бол ойлгож ирсэн. Америкт гангстарууд байна, Орост дархлагдсан хулгайч буюу ворууд байна. Японд якудза нар байна. Хятадад триади нар байна, Италид мафи байна. Эд нар чинь эрүүгийнхэн. Гэмт хэрэгтэн, эрүүгийнхэн гэдэг чинь ийм том ялгаатай. Гэмт хэрэгтэн гэдэг бол хулгайч, дээрэмчин, алуурчин. Гэхдээ эрүүгийн болохын тулд энэ дамжлагийг дамжиж байж дараачийн шатан дээр гарч ирдэг. Эрүүгийн хүнд нэг л давуу чанар байдаг. Олон жилийн өмнө намайг эрүүгийн ертөнц рүү орж байхад манай аав хэлж байсан юм. Нэг бол гон бие гозон толгой яваарай, эсвэл гэр бүлээ өөрөөсөө тусдаа сайхан амьдруулж байж наад тоглоомоороо тоглоорой гэж захиж байсан. Би алийг нь ч хийгээгүй байж байгаад сая алдсан. Эрүүгийн хүнд нэг л чанар байдаг юм. Дүрэлзэж байгаа галан дээр сая доллар атгаж байгаад хаях. Өлгийтэй хүүхэд барьж байгаад гал руу шидэх… Ийм хоёр тохиолдолд эрүүгийн хүний сэтгэл хөдлөх ёсгүй. Энэ бол айхтар чанар. Гэхдээ хүссэн хүн болгон ийм болж чаддаггүй. Тийм учраас эрүүгийн хүмүүсийн амьдралын тухай кино, номыг хүн бүхэн сонирхдог. Америкийн том том эрүүгийнхэн цаазаар авах ял авчихаад зогсож байхдаа хэлсэн байдаг юм. Би яасан юм бэ, нэр төрөө л хамгаалсан шүү дээ. Би энэ ард түмнийг л сайхан байлгахын төлөө явж байсан шүү дээ. Надад харамсах юм байхгүй гээд буудуулж байсан. Ийм хүмүүс бол улс төрийн луйварчидтай зиндаархаад “Хохь чинь шүү, ард түмний хөрөнгөөр өөхөлсөн наад тарган гүзээг чинь хурц хутгаар яраад хаячихна шүү” гэж зоригтой хэлдэг, бас үүнийгээ гүйцэлдүүлж чаддаг. Тэгээд хуулийн өмнө толгойгоо тушаахдаа айж ичнэ гэж байдаггүй. Өнөөдөр манай улсад бол ингэж өөрийгөө зольж чадах эрүүгийнхэн хэрэгтэй байгаа. Даанч ховор байх аа. Эрүүгийн хүн бий болж, эрүүгийн хүн өөрийнхөө бригадыг бий болгосон нөхцөлд төрийн луйварчидтай аяндаа дайтаад эхэлдэг. Энэ хүмүүсийг хуультай хуульгүйгээр төрөөс цэвэрлээд өгдөг.
-Якудза нарын үйлдлийг Японы төр засаг хориглодоггүй юм гэсэн. Яагаад гэвэл якудза нар төрийн нэрээр баяжсан цагаан захтнуудыг цэвэрлэж байдаг юм гэнэ билээ. Тиймдээ ч Японы улс төр маш дэг журамтай болсон гэдэг. Харин манай улс төрчид сүүлийн арваадхан жилийн хугацаанд Монгол улсыг арав гаруй тэрбум долларын өрөнд оруулчихаад, гадаадаас зээлсэн тэр мөнгөө элдэв юманд зарцуулсан мэтээр дундаас нь маш их зувчуулсан. Эд нарыг манай хуульчид залхаан цээрлүүлж чадахаа байсан. Үүнд би зэвүү хүрсэндээ одоогоос гурван жилийн өмнө “Монголд мафи байхгүй болохоор молхи улс төрчид давраад байна” гэсэн нийтлэл бичээд олон хүнд чичүүлж, бас олон хүнээс урмын үг хүртэж байлаа. Тэр үед чи наранд байсан ч болоосой. Чамтай хамтраад дуу хоолойгоо нэгтгэмээр санагдчихлаа. Гэхдээ надад эрүүгийн хүн байх чадал чансаа, туулсан замнал байхгүй болохоор сая доллар дүрэлзсэн гал руу хаяхад “Яана аа” гээд ухасхийх л хүн. Тэгэхээр би бол хэнд ч хэрэггүй нэг муу хогийн шаар юм байна.
-Чи заавал эрүүгийн хүн байх ямар хэрэгтэй юм бэ. Сэтгүүлч гэдэг чинь маш чухал мэргэжил. Миний тайлбарлах гээд байгаа эрүү гэдэг юм бол тогоо, гал хоёрын дунд үүсдэг хөө юм. Хоол нь бол ард түмэн. Гал бол төр. Гал, хоол хоёрын дунд заавал хөө гарч ирнэ. Энэ хөө байхгүй бол хоол зөв буцлахгүй. Энэ гурав хосолж байж амьдрал оршин тогтноно. Харин өнөөгийн манай нийгмийн амьдрал дээр хоол, гал хоёрын дунд хөө байхгүй болсон болохоор гал нь буруу дүрэлзээд, хоол нь буруу буцлаад байна. Хөө байхгүй болохоор гал дэндүү давраад тогоон дээр байгаа хоолоо гашилгаж хаяад байна. Уг нь хөө, гал хоёр хосолж байж л тогоон дээр сайхан хоол боловсроно. Үнэндээ төрийн нэр барьсан цагаан захтнууд маш их болжээ. Гэхдээ цагаан захтнуудыг захирч чадахаа байвал эрүүгийнхэн аяндаа бий болдог. Хүссэн хүсээгүй эрүүгийн хүмүүс босч ирээд дайнд орно. Ерөөсөө энэ Оросын ворууд, Японы якудза нар ийм л зүйл хийдэг. Нийгэм нь шахсаар байгаад энэ хүмүүсийг гэмт хэрэгтнүүд дундаас гаргаад ирдэг. Тэгээд эд нар нийгмийг тэнцвэржүүлдэг. Ард түмэн нь ч ийм юмыг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр Монгол улсын төрийг дахиж шинэчилье гэвэл юуны өмнө прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэдэг юмыг байгуулах ёстой. Хэдэн жилийн өмнө ийм байгууллага байсныг төрийнхөн татан буулгачихсан. Энэ чинь Авилгатай тэмцэх газар, шүүх, прокурор, тагнуулынхны хууль зөрчиж байгаа үйлдлийг шалгадаг газар байлаа. Авилгатай тэмцэх газрыг анх Дангаасүрэн даргын ярьж байсан шиг цагдаа, прокурорт ажиллаж байсан хүмүүсээс биш, тусад нь хуулийн сургуулиар бэлтгэгдсэн хүмүүсээс бүрдүүлэх ёстой. Түүнээс биш цагдаагаас хөөгдсөн, цагдаад луйвар хийж баяжчихаад, дараа нь Авилгатай тэмцэх газарт ирж дараачийн луйвраа хийх гэж байгаа албан хаагч нар энэ байгууллагыг толгойлж болохгүй ээ. Дээр нь улс төрийн өндөрлөгт гарч ирсэн хүмүүс энэ байгууллагыг хармаандаа хийчихээд өөрсдийнхөө эрх сонирхолын дундуур өрсөлдөгч нараа намнадаг, ард түмнийг айдаст хүйдэст барьж байх зорилгоор ашигладаг зэвсэг болгож байна. Яагаад гэвэл энэ байгууллага чинь ард түмнийг луйвардаж байгаа хүмүүсийг залхаан цээрлүүлэх зорилгоор байгуулагдсан болохоос биш луйварчдаа ард түмнээс хамгаалах зорилгоор байгуулагдаагүй юм. Өнгөрсөн 90 оноос хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол улс маш олон хүнээ төрийн дээрэмчидийн гарт учир битүүлгээр алууллаа шүү дээ. Миний мэдэхийн Санжаасүрэнгийн Зориг, Дангаасүрэн, Ерөнхий сайд байсан Наранцацралт, Мэндийн Зэнээ, Очирбатын Дашбалбар, Ономоогийн Энхсайхан гээд дандаа л Монголын төлөө, газар шорооны төлөө тэмцэж байсан улс. Эдгээр хүмүүсийн үхлийн нарийн шалтгааныг манай хуулийн байгууллага одоо хүртэл гаргаж чадаагүй байгаа.  Бас нэг асуудал гэвэл Монгол улс сүүлийн арван жилд асар их өрөнд орчихлоо. Энэ өрийг төлөх мөнгө чинь бэлэн байж байна. Оффшорчдын дансанд энд тэнд бэлэн байж байна. Зөвхөн цуглуулах л дутуу байна. Өнгөрсөн хорин жилд луйварчдын хийсэн хориод тэрбум доллар гадаадын данснуудад доллараараа хэвтэж байна шүү дээ. Одоо шууд л хурааж авчраад Монгол улсын их өрийг төлөх ёстой.  Өнөөдөр Монгол улс бол эдийн засгийн хувьд дампуураагүй. Зөвхөн төрийн удирлага нь дампуурчихсан. Түүнээс Монгол улсад үйлдвэрлэл явуулдаг бүх юм нь байна. Үйлдвэр явуулах түүхий эд нь байна, ажиллах хүчин нь байна. Мал аж ахуй байна. Сайхан сэтгэлтэй ард түмэн нь байна. Миний сая хийсэн хэвлэлийн бага хурлын гол зарчим нь ердөө л энэ. Тиймээс манай “Хөх Монгол” бүлгэмийн нэр төрийг гүжир гүтгэлгээр доромжилж болохгүй гэдгийг мэдэгдэе.
-Юуны өмнө та нар баримт цуглуулах ёстой.
-Баримтууд нь байна. Одоо Монголын улс төрийг удирдаж байгаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газар Зандаахүүгийн Энхболд, энэ Хурц мэтийн хүмүүстэй холбоотой гэмт хэргийн баримтууд бидний гарт байна. Сэтгүүлчид та нарын гарт байна. Ард түмний гарт байна. Гэвч баримтууд нь байлаа ч энэ хүмүүсийг шийтгэдэг хуулийн байгууллага нь байхгүй байна. Тэр хуулийн байгууллага нь эд нарын гарт байгаа учраас тэр шүү дээ. Тийм учраас эдгээр хүмүүстэй яаж тооцоо бодох вэ гэхээр улс төрчдийн захиалгаар ажилладаг хуулийн байгууллагыг бүрэн цэвэрлэх ёстой. Би чамд ганцхан л юм хэлье. Надад ял оноосон шүүгч байдаг. Би нэрийг нь хэлэхгүй. Би талийгаачийг шархтай байхад нь өөрийнхөө машинаар амийг нь аврах санаатай цэргийн Госпиталд аваачиж өгсөн. Тэгээд өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн. Тэгтэл шүүгч надад энэ хэргийн төлөө цаазаар авах ял оноосон. Миний хэргийн дараа энэ шүүгчийн шийдсэн нэг хэрэг бий. Тэр яасан гэхээр гудамжинд явж байсан нэг охиныг цохиж унагаад, чирч гэртээ оруулж хүчиндээд, ухаан оронгуут нь дахиж толгой дундуур нь юмаар цохиж, амьсгаатай байхад нь шуудайнд хийгээд жорлондоо хаячихсан. Аав ээж нь охин алга болчихлоо гээд эрж байгаад ес хоногийн дараа тэдний жорлонгоос охинохоо цогцсыг олсон. Энэ хүнд тэр шүүгч зүгээр л хорих ял оноосон байдаг юм. Гяндан ч өгөөгүй. Ядаж бид хоёр адилхан ял авах ёстой байсан. Тэгэхэд энэ хэрэг минийхээс хүнд хэрэг байхгүй юу. Би чинь өөрөө цэргийн Госпитальд хүргэж өгөөд, цагдаа дээр өөрөө очсон хүн шүү дээ. Алах гэсэн хүн шархтай хүнийг эмнэлэгт аваачиж өгөх үү? Тэгэхэд улс төрийн тодорхой хүчнүүдийн гарт орчихсон хуулийн байгууллага тэд нарынхаа захиалгаар надад шууд дээд хэмжээ өгсөн. Өстөнөө хонгилд оруулж хашдаг ийм улс төрийн хүчин ажиллаж байна. Өнөөдөр Улсын дээд шүүхэд дандаа захиалгатай хэрэг дээр ажилладаг хүмүүс оччихсон, дээд шүүхийн бригадыг бүрдүүлчихсэн байж байна. Авилгатай тэмцэх газар дандаа захиалгатай хэрэг дээр ажилладаг, цагдаа магдаад хөгийн юм хийж байсан хүмүүс оччихсон сууж байна. Улс төрд үйлчилдэг энэ хонгилыг хамгийн түрүүнд таслан зогсоох ёстой. Улс төрийн тодорхой мөнгөтэй мафи болчихсон бүлгүүдэд үйлчилдэг. Энэ бүлгүүд чинь бас дотроо нэг нэгнээ хүлээн зөвшөөрөөд зэрэгцээд оршин тогтночихсон байхгүй юу. Дөрөв таван бүлэг. Нэг нэгнээ бүр хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр нэг нь толгойлогч болох гээд үзээд байгаа байхгүй юу. Энэ бүлэглэлүүд Ардчилсан намын нэг босоо хонгил болж байхад, Ардын намын бас нэг босоо хонгил байж байх жишээтэй. Энэ хонгилыг л манай Монголын ард түмэн хамгийн түрүүнд таслан зогсоох ёстой.

-Саяхан “Хөх Монгол” бүлгэмийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын гол сэдэв нь нэр төрийн тухай байсан. Энэ талаар товчхон ярина уу?
-Хүн төрөлхтөн дунд нэр төр гэж маш эрхэм юм байдаг. Энэ ер нь амьд байгальд байдаг зүйл. Нэр төрөө эрхэмлэж мэддэггүй, нэр төрөө хамгаалж чаддаггүйгээс болж ард түмэн дампуурах, хувь хүн үнэгүйдэх гол шалтгаан болдог. Сайхан бизнесмен, алдартай тамирчин, мундаг улс төрчид бүгд нэр төрөөрөө бахархдаг. Тэгээд нэр төрөө хамгаалахын төлөө л явдаг. Оросын байдлыг харъя. 1990 оноос хойш Оросын нэр төр асар их уналаа. Үүнээс болоод Оросын эдийн засаг маш их хямралд орлоо. Харин сүүлийн хэдэн жилд Путин төрөөс төрсөн олигархиудтай ширүүн тэмцэл хийж Оросын нэр төрийг босгоод ирлээ. Үүн шиг Монгол улсын нэр төрийг л бид өндөрт өргөх ёстой. Хувь хүмүүс ч гэлээ дандаа л нэр төрөө бодож амьдардаг шүү дээ. Манайхны нэг буруу ойлгоц байдаг. Хулгайч, дээрэмчин, алуурчин л бол тэр хүнд ямар ч нэр төр байхгүй гэж. Үгүй шүү. Эд нарт өөрийн гэсэн нэр төр бий. Ганцхан жишээ яръя. Тэр жил Авдрантаас оргосон “Онгорхой” Чукагийн түүхээр кино хийсэн байна лээ. Тэгтэл Авдрантын шоронгоос “Онгорхой” Чука яагаад оргосныг хэн ч мэддэггүй. Эцсийн эцэст түүний нэр төрд халдсан учраас л тэр хүн оргосон юм. Тэр үед ардчилсан хувьсгал эхлээд хүний эрхийг хүндэлж байна гээд шоронгийн хоригдолыг үс мүс тавьдаг болгочихсон. Тэгээд хоригдолууд урт үс ургуулдаг болчихсон. Тэгж байтал ахиж нэг дарга гарч ирээд үсийг нь ав гэсэн. Үсийг нь аваад эхэлсэн тэр үед шоронгийн овгорууд, атаманууд үстэйгээ байсан. “Онгорхой” Чука сэгсийсэн урт үстэй гянданд очсон байдаг. Тэгтэл энэ хулгайч яагаад үстэй байдаг юм бэ гээд хянагч нар хүчээр дарж байгаад үсийг нь авсан. Энэ нь тэр шоронд “Онгорхой” Чукагийн нэр төрийг уланд нь гишгэсэн үйлдэл болсноос болж энэ хүн эсэргүүцэж боссон. Надад бас иймэрхүү зүйл тохиолдож байлаа. Мааньтын шоронд нэг ийм явдал боллоо л доо. Ээ бурхан минь, нэг өдөр тусгайгийн баахан багтай хүн нохойтой орж ирээд намайг үүд рүү чирч аваачаад буу тулгаж байгаад миний сахлыг авч байгаа юм. Зүгээр л сахлаа ав гэвэл би авчихна шүү дээ. Гэтэл заавал сүр бадруулаад, нохой дагуулаад буу тулгаад хачин юм болж байгаа юм. Яагаад ингэв гэхээр Мааньтын шоронд Хонхэрээдийн Энхбат гэж нэг нэр төртэй ялтан байна, энийг хогийн цаас болгочихвол бусад нь дагаад хогийн цаас болчихно гэсэн санаа агуулсан байгаа юм. Хоригдол ч бай, алуурчин ч бай тэр хүмүүст нэг төр гэж байдаг. Миний сахлыг ингэж сүр бадруулан авч байлаа. Тэгээд тэд нар манай залуучуудыг хорихын том зааланд оруулж нохойгоороо уруулаад л, манай залуусын зарим нь өөдөөс нь зодолдоод, цус нөжтэйгээ холилдоод, эцэст нь гомдол гаргана гэхэд тусгайгийнхан аргадаж байлаа. Тэгэхээр хоригдол хүний нэр төрийг дарж байж л тэнд диктатур тогтоодог. Нэр төр гэдэг ийм чухал зүйл. Өнөөдөр монгол охид, монгол залуучууд, би монгол хүн, би хүн гэдэг нэр төрөө мэдрэхгүй байна. Тиймдээ ч нэр төрөө хамгаалахын төлөө тэмцдэггүй. Харин өөрсдийгөө хүн гэдгийг мэдэрсэн тохиолдолд тэр тэмцэл явагдана.
-Танай “Хөх Монгол” бүлгэм цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ? Хуулийн байгууллага цэвэршихгүй бол та нар яах вэ?
-Бид нар бол хийх ёстой юмаа зүгээр хийгээд л явна. Хүн алах хэрэгтэй бол ална. Цэвэрлэх хэрэгтэй бол цэвэрлэнэ. Эрүүгийнхэнд ганцхан хууль байдаг юм. Баригдсан бол хулгайч. Би баригдсан тулдаа, өөрөө хэргээ хүлээсэн тулдаа л алуурчин гэж нэрлэгдсэн болохоос биш талийгаачийг хөдөө аваачаад булчихсан бол би баригдахгүй л байх байсан. Хөдөө аваачид булчихаад “Мэдэхгүй. миний машинаас буугаад л явсан шүү дээ” гээд зогсож байсан бол намайг хэн ч барьж чадахгүй байх байлаа. Эрүүгийн ертөнцийн ганцхан хууль байдаг. Эрүүгийн ертөнцийн хийсэн зуун үйлдлийн бүр багаар бодоход 40 нь баригддаггүй л байхгүй юу. Бид нар бол өөрийн ертөнцтэй. Бид нар бол энэ хүмүүсээс авах юмаа авна, цуглуулах юмаа цуглуулна. Яг л эрүүгийн ертөнцийн зарчимаар ажиллана.

“Ноцтой мэдээ” сонин №35 /669/ дугаарт. Хөөрөлдсөн Б.Ойдов


URL:

Нэр: 247 Огноо: 25 December 2017

Наад лалар чинь гяндандаа үхээгүй юм уу

Нэр: зочин Огноо: 25 December 2017

нэрийг нь дурдсан мэдэж байгаа дарга нараас ганц нэгийг нь алаач

Нэр: Зоччин Огноо: 25 December 2017

Дэмжнээ.хужаагийн угаадас додоодог гөлөгнүүдийг хоморголон хядах бол би алалцна даа.ялангуяа эрлийзүүдийг!

Сэтгэгдэл бичих