Төрийн гурван өндөрлөгийн хэн нь ажлаа цуцлах вэ?

Манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Тодруулбал, төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг. Хууль дүрмээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэгэн зэрэг гадаад томилолтоор явж, амралтаа авахыг хориглодог. Тэгвэл урьдчилан гаргасан төлөвлөгөөгөөр ирэх сарын 9-нд Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн эзэнгүй байх нь ээ. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт, Катар улсад хийх албан ёсны айлчлал ирэх сарын 5-10-нд үргэлжлэх бол, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы парламентын даргын урилгаар арванхоёрдугаар сарын 9-14-нд тус улсад айлчилна. Харин Балигийн ардчиллын форум ирэх сарын 8-9-нд Индонезийн Балид болох бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гуравдахь гишүүн Ерөнхий сайд С.Батболд энэ форумд оролцох ажээ. Дэлхийн 50 гаруй улсын Засгийн газрын тэргүүний оролцох уг форумд оролцохоор Ерөнхий сайд С.Батболд ирэх сарын 7-нд эх орноосоо мордохоор төлөвлөөд байгаа юм байна. Тэрээр Балигийн форумд оролцоод ирэх сарын 10-нд ирэх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейт, Катар улс дахь айлчлалаа өндөрлөөд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Тунист уулзалт зохион байгуулахаа онгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Хэдийгээр айлчлал ингэж төлөвлөгдсөн ч ирэх сарын 9-нд эх орноо эзэнгүй үлдээхгүйн тулд хуулийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аль нэг гишүүн нь айлчлалаа цуцлах болох нь. Харин хэн нь эх орноо “манаж” үлдэх вэ гэдэг нь урьдчилан гаргасан айлчлалын хөтөлбөрүүдээс тодорхой бус байна.


URL:

Сэтгэгдэл бичих