Бадарчин явсан газар ба цаазын ялгүй Монгол
- Монгол Улсын Ерөнхийлөгч X. Баттулга Танаа
Таны амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголд цаазын ял халсныг цаг үеэ олоогүй, бодит сөрөг бэрхшээлийг дэврээсэн бодлогогүй явдал гэж өөдрөгөөр сэтгэгчид үнэлдэг юм. Ажиглаад байхад араасаа үлэмж уршиг чирэх бололтой. Ерөнхийлөгч Та энэ явдлыг ухаарч, цаазын ялыг сэргээх талаар идэвх санаачилга гарган ажиллаж байгаад иргэн би ихэд талархаж, санаа нэгтнүүдийнхээ хамт сайшаан дэмжиж байна.
Монголд гэмт хэрэг хурдтай өссөөр, ялангуяа онц ноцтой, харгис хэрцгий, зэрлэг балмад хэрэг түүхэнд үзэгдээгүйгээр гаарсан үед цаазын ялыг халсан билээ. Гэмт хэрэг эрс буурсан буюу цаазлах хэмжээний ял үйлдэгчид үгүй болсон нөхцөлд цаазыг хориглосон бол ядаж яахав гэж бодъё. Гэтэл байдал огцом хүндрээд байхад цааз халдаг бол иргэдийнхээ амгалан тайван байдлыг шоронгийн хадааснуудынхаас дорд үзсэн хэрэг болжээ. Алуурчдад ашигтай, Монголд маш халгаатай, цаашдын төлөв байдлыг хурцатгасан, шийдвэр яагаад гарав гэвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр төр хөөцөлдөгч авьяас, арга илбэнд автсаны гор юм.
Элбэгдоржийн тар тамирыг ард түмэн аль хэдийнэ амьдралаас таньж мэдсэн. Энэ хүний үнэн нүүр царай бол үлгэрт гардаг үнэгэн зальт бадарчингийн хойд дүр юм. Бадарчин хаа явсан газраа өөрийгөө үргэлж илбэдэн дөвийлгөж, өрөөлийг дандаа чадаж, давж, завшдаг биз дээ. Онцлог нь баруунаас улс төрийн бадар барьдагт оршино. УИХ түүнтэй найман жил “эвлэрч”, найзалж ирснээр Монголд бэлэг биш балаг нэмэгдсэн. Бадарчин явсан газрын балаг зөвхөн энүүхнээр хязгаарлагдахгүй. Түрээсийн ардчилал, зүүдний диваажингаар ард иртэдийн сэтгэл санааг хутган үймүүлж, хуваан талцуулж, араар нь тавьсны балаг одоо болтол үргэлжилж байна. АСЕМ-ыг зохион байгуулсны балаг бас илэрч байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зохиомлоор шийдсэн гээд хүмүүс шазуур зуусаар байна. Манай нийгэмд болж бүтэхээсээ болохгүй, бүтэхгүй нь дийлээд байгааг ардчилал, хүний эрхээр гучаад жил хэтэрхий гоцойрч, тоглож наадсаны уршиг гэж ухаарч байна. Улс төрөөр тоглолгүй ажил хөдөлмөр, амьдрал хөөцөлдсөн барилгачид, замчин, малчин, уурхайчин, ажилчин, бизнесмэнүүд л Монголыг энэ зэрэгтэй авч явна.
Огт гэм зэмгүй гуйлгачин ядуус нийгмээс хувь хүртэж чадахгүй хог дээр үмх юм эрж, өлсч даарч, өвдөж шаналж явахад цаазлуулбал зохих алуурчид бэлтгэсэн байранд бэлэн хоол зооглоод бие амар, өвдвөл эмчлүүлчихээд хэвтэж байгаа нь хаанахын шударга, энэрэнгүй ёс вэ. Баруунаас бадар барьсны ач гавьяа ердөө энэ үү. Хариас халдвал бас тэднийг өршөөж, “хадгалах” хэрэг үү. Хамгийн баян Америк хүртэл өнөөдөр ингэж зүрхлээгүй байхад бид бусдыг дуурайж, хэрээ шиг хөлөө хөлдөөж байгаа юм биш үү.
Үе үеийн цааз сонсогчдыг 25 жил шоронд “хадгалаад” суллаад байвал сүүлдээ юу болох вэ. Хүн ард түгшиж байна. Саяхан нэг сонинд ШШГГ хоригдлуудыг засаршгүй этгээд болгон бэлтгэж байна гэж бичжээ. Тэднийг засан хүмүүжүүлдэггүй юм бол шоронгоос хүн гарах уу, араатан гарах уу гэдэг нь ойлгомжтой биз дээ. Он цаг өнгөрөх тусам амь хэлтрэгчдийг хадгалах байр, харгалзагч албадын тоо талийж өгнө. Улс орон маань шоронжсон орон болох вий дээ. Хоригдлуудыг хэчнээн олон жил хадгална улсаас төчнөөн их төсөв зардал гарна. Түүнийг ядуурлыг бууруулах, хүний хүмүүжил хөгжлийг дэмжихэд зориулбал ямар их хөгжил, буян хайрлах бол. Монголыг цаазгүй хэвээр байлгавал хүн араатнаа нэмэгдэж, улам өөгшин дошгирч, шоронгоос болон гаднаас өшөө авагчид олширч, аюулт хэрэг өдөөгч, өдөөхийг завдагч, мөрөөдөгчид өсөх төлөвтэй байна. Төр амь хороохгүй болсныг далимдуулан зарим залуус цагаандаа гарч бие биеэ яргалан хувиараа далдуур хүн “цаазлахад” бэлэн болчихоод дэлхийд ад үзэгдэн Монголын нэрийг гутааж явна. Цаазын ялгүй Монгол маань нэр төрөө бодсоор байтал яваандаа дур зоргын алуурчдаар, мөн тэр хэмжээний хохирогчдоор дүүрч алуурчдыг цаазлах эрхгүй, нүдний булай улс болох биш үү.
Цаазын ялыг сэргээх нь Монголд цаазгүй байхаас илүү ээлтэй. Таныг зорьсондоо хүрвэл ард түмэн уухайлан дэмжинэ гэдэгт би бат итгэлтэй байна. Сэргээж болно, болохгүй гэж хүний эрх ярихаас цаашгүй мэдэмхийрэгчид маш олон гарна. Гэтэл үндэстний нийтлэг эрх ашиг нэр төр төдийхнөөс хамаагүй чухал асуудал биз дээ. Хүний эрх гэж их ярьдаг болсноос хойш хүмүүсийн хариуцлага сахилга, хүүхдийн ухамсар хүмүүжил дордсон шүү, Ерөнхийлөгч өө.
Хүүхэд залуучуудын хүмүүжил, хэвлий дэх амь хоёрт онцгой анхаарах цаг болжээ гэж би бодож байна. Энэ талаар Үндсэн хуульд оновчтой дорвитой заалт оруулж өгөхийг Төрийн тэргүүнээс эрхэмлэн хүсч байна.
Ахмад сэтгүүлч Г. Далантай
URL: