МАН ямар нэгэн аргаар сонгуульд ялах ёстой гэв

-Эсэргүүнүүдийнхээ амыг үдэх дүрэмтэй боллоо-

МАН-ынхан өчигдөр үүлэн цагаан ордныхоо долоодугаар давхрын сүрлэг хурлын танхимын салхийг хагалж Бага хуралдаанаа хийв. Тус намынхны тусгаар тогтносон ордонд 10:30 цагт эхэлсэн хуралдааны эхэнд намын дарга С.Батболд илтгэлээ уншиж танилцуулсан юм.

Намын даргын найман хуудас илтгэлд улс орны эдийн засгийн байдал, цаашид баримтлах бодлого болон намын шинэчлэл, үйл ажиллагаа хариуцлагын асуудал, сонгуулийн хууль, намаас сонгуульд бэлтгэх ажлын явц гэсэн асуудлыг тусгажээ. Багш нар цалингаа голж ажил хаяад баахан “амьтан”-ы хүүхдүүдийг харах хүнгүй эцэг, эх нар бажигдах зуур МАН-ын даргын илтгэл амьдрал сайхан байна гэдэг өгүүлбэрүүдээр эхлэв.

Монголын уул уурхайн салбар хөгжлийн шинэ үедээ орлоо, барилгын салбар эрчимтэй хөгжиж байна, баялгийн хуваарилалтад хүн бүр оролцох боломж бий боллоо, ажилгүйчүүдийн тоо буурлаа, эдийн засгийн өсөлт оны эцэст 20 хувь болох нь гэх мэдээллүүдийг Ерөнхий сайд онцолсон. МАН-ын II бага хуралдааны “Монгол ардын намын ажлын тулгамдсан зорилтууд” улс төрийн илтгэлд энэ мэт “давсгүй” үг нэлээд байв.

МАН-ын 2008 оны сонгуулиар дэвшүүлсэн 393 заалт бүхий мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувьд хүрсэн гэнэ. Тэгээд ирэх 20 жилд МАН ямагт ялж, эрх барьж байх стратеги төлөвлөгөөг яаралтай боловсруулж дараагийн бага хурлаар батлуулахыг Удирдах зөвлөлдөө үүрэг болгожээ. МАН-ын бага хурал үдийн 13 цагт завсарлахад 10 гаруй хүн санал хэлсэн байна. Бага хурлын завсарлагаанаар хэвлэлийнхэд яриа өгсөн гишүүд бүгд л намын даргынхаа илтгэлийг сайн болсныг магтаж, хэдийнэ иймэрхүү арга хэмжээ авах байсан юм гэж байв.

Мэдээж энэ удаагийн МАН-ын бага хурал сонгуулийн өмнөх жилд болж буй гэдгээрээ онцлогтой. Тиймээс намын дарга С.Батболд “Та бид сонгуульд амжилттай оролцохын тулд намыг хагалан бутаргахыг амин сонирхлоо болгогсдыг дийлж гарахын төлөө намынхаа дотоод амьдралын байдлыг сайтар оношилж шинжлэн үзэх нь чухал байна. МАН цаашид ямар дүр төрхтэй байхыг, ямар хувь тавилантай учрахыг намын дотоод байдал тодорхойлно. Хувийн сонирхлоор хэрүүл маргаан өдөөх, олон саналаар тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж аминч алдаатай санааг сөргүүлэн тавих ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй” хэмээгээд төрийн, улс төрийн болом намын албан тушаалд сонгогдож, томилогдсон намын гишүүдийнхээ ёс зүй сахилга хариуцлагын асуудлыг бүх талаас нь хэлэлцэх хэрэгтэй гэв.

Ингээд намаас төрийн болон намын албан тушаалд сонгогдож, томилогдсон МАН-ын гишүүдийнхээ ёс зүйн дүрмийг батласан. Ийм дүрэмтэй болсноор намын чиг шугамаас хазайсан гишүүдээ цаг алдалгүй шийтгэх зарчмыг цаашид баримтлахаар болов. Үүгээр эсрэг үг хэлэх гишүүдийнхээ амыг үддэг цэвэрхэн аргатай болж буй ажээ.

Өөрөөр хэлбэл, үүнээс цааш Ардын намын гишүүдэд хувь хүний үзэл бодол гэж байхаа больж зөвхөн намын үзэл бодлоор дуугарах хэрэгтэй боллоо. Ирэх сонгуулийнхаа ажилд идэвхийлэн орсон МАН-ынхан багаа зузаатгаж дөрвөн нарийн бичгийн даргынхаа тоог зургаа байлгахаар болов. Угаасаа намын дүрмээр нарийн бичгийн даргын орон тоо зургаа байсан юм байна. Үүний хоёр нь эмэгтэй байх дүрмээр нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг орон тооны бус, ТВ-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэлийг орон тооны нарийн бичгийн дарга болгожээ.

Ирэх сонгуульд МАН-д маш том нэгэн гай бий. Энэ бол МАХН юм. Энэ тухайд С.Батболд “Сүүлийн үед улс төрийн амьдралд гар-сан таатай бус нэгэн үзэгдэл нь хэсэг хүн МАХН нэрээр үйл ажиллагаа явуулж буй явдал юм. МАХН нэрийг Дээд шүүх хууль бусаар өгсөн. Тэд МАН-ын гишүүд дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь илт. Тиймээс биднийг илүү хурдтай, мэдрэмжтэй байхыг сануулж байна. Одоо бүх ажлаа сонгуультай уялдуулах цаг боллоо. Манай нам сонгуульд оролцохын тулд биш ялахын төлөө ажиллаж ирсэн уламжлалтай.

МАН-д өөр сонголт байхгүй. Сонгууль ямар ч хуулиар явсан манай нам ялна гэсэн итгэлтэй байх ёстой” хэмээн илтгэв. Энэ нь ямар нэгэн аргаар сонгуульд ялах ажлыг М АН-ынхан одооноос эрчимтэй хийж эхлэх хэрэгтэй гэсэн үг хэмээн ойлгогдохоор байв. Үүнийхээ тулд арга барилаа өөрчилж, айл бүхэн, хүн бүрт “МАН-ыг сонговол мандан бадарна” гэдэг нэрийг хоногшуулахын тулд ажиллаж эхлэх хэрэгтэй гэжээ.

Завсарлаад үдийн 14:30 цагт эргэн хуралдахдаа Бага хурлын гишүүнээр 14, Удирдах зөвлөлийн гишүүнээр нэг хүнийг сонгож батлав. Удирдах зөвлөлийн нэг гишүүн нь төрийн албан хаагч болсон учир орны хүнийг нь сонгох болсон ажээ. Тиймээс Ц.Цогзолмааг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Бага хурлын шинэ гишүүдийн хувьд хэвлэлүүд аль хэдийнэ уншигчдын сонорт хүргэчихсэн УИХ-ын гишүүн Р.Будын охин Б.Анужин, “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, нөгөө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар сонгогджээ.

Бас саяхан МАН-д урвасан “Урбанек” Б.Лхагважав, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав нарын хүмүүсээс гадна орон нутгаас Б.Болормаа, О.Алтансүх, Ж.Оюунбилэг, Ж.Жамъянтив, Ч.Пунцаг, Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Л.Доржхорлоо, Д.Галсандондов нарыг томилсноор МАН-ын бага хурал 312 хүний бүрэлдэхүүнтэй болжээ. Мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, ТВ-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл нарыг орон тооны зөвлөхөөр, бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг орон тооны бус зөвлөхөөр томилсон байна.

Ө.Сонор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих