Ломбард гэдэг чинь луйвар гэсэн үг үү?
Ардчиллын салхи сэв сэв үлээх үест байшин барилгын булан тохой бүрт тохиролцооны дэлгүүр гээч мухлаг нээгдэж байсан бол энэ цагт ломбард ор суурийг нь эзэлжээ. Ломбард чухам л борооны дараахи мөөг мэт олширчихож. Хэрэг болсон үед байгаагаа тавиад хурдан шуурхай хэдэн төгрөгтэй залгуулчихдаг буянтай үйлчилгээ гэх нь бий ч хууль дүрэмгүй аж төрөх хэв шинж тэнд л ноёрхдогийг бид төдийлөн анзаардаггүй. Эрхзүйчийн хэлж буйгаар, Иргэний хуульд барьцаалан зээлдэх газар буюу ломбард нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох ёстой. Өөрөөр хэлбэл, үнэт эдлэл, гар утас, цаг, зурагт, машин гэх мэт хөдлөх эд хөрөнгийг барьцаална.
Газар, барилга, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгох эрх, барьцаалдан зээлэх газар буюу ломбардад байхгүй юм байна. Хачирхалтай нь зарын сонин, мэдээллийн сайтуудаар “үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл чөлөөлнө” гэх үгс тогтмол хөвөрдөг. Угтаа иргэн та үл хөдлөх хөрөнгөө ломбардны барьцаанд тавьсан бол хууль зөрчсөн учраас гэрээ чинь хүчин төгөлдөр биш гэж ойлгож болох нь. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч хүү тооцохгүйгээр үл хөдлөх хөрөнгөө авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүү төлөхгүйгээр зээлсэн мөнгөө өгөөд үл хөдлөх хөрөнгөө буцааж авах боломжтой юм байна. Товчхондоо үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл чөлөөлж байгаа барьцаалан зээлдэх газрууд ил цагаан хууль зөрчиж байна гэсэн үг. Түүнээс гадна хуульд, барьцаалан зээлдэх хүүг талууд өөрсдөө тохиролцоно гэж заасан байдаг ч Монголын ломбардууд тохиролцолгүйгээр шууд тогтсон хүү санал болгодог. Мөнгө хэрэг болсон хүн үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Түүнчлэн Монголын ломбардуудын эзэд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг маш балмадаар хэтэрхий их зөрчдөг. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн үнэтэй утсаа 100 мянган төгрөгөөр ломбардад тавилаа гэж бодъё. Эргээд мөнгөний боломжгүйгээс утсаа авч чадахгүй хугацаа хэтрэхэд ломбардны эзэд шууд зарчихдаг. Эргээд зөрүү мөнгийг нь олгодоггүй. Угтаа эд хөрөнгийг нь зарсан бол зөрүү мөнгийг эзэнд нь олгох үүргийг тухайн ломбард хүлээдэг. Иргэний хуулийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлээ төлөхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, танд “Таны гэрээний хугацаа дууссан тул хөрөнгийг чинь худалдахыг анхаарна уу” гэсэн бичгийг урьдчилж заавал өгөх ёстой. Утсаар мэдэгдэх хангалтгүй. Заавал гэрийн хаягаар нь бичиг хүргүүлэх ёстой. Бичиг өгснийхөө дараа 10 хоног эд зүйлийг нь худалдах эрхгүй. 10 хоног өнгөрсний дараа эд зүйлийг нь зараад зөрүү мөнгийг эзэнд нь өгөхийг хуульчилсан байдаг юм байна. Товчхондоо ломбард зөвхөн хүүгээрээ ашиг олох ёстой байгууллага. Харин Монголын ломбардууд иргэдийн хуулийн мэдлэг муу, анзааргагүй авирыг ашиглаад ил цагаан луйвар хийдэг.
Нөгөөтэйгүүр ихэнх ломбардны падаан дээр гэрээний хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийг худалдаалж ломбардны орлого болгоно. Хугацаагаа сунгаагүйгээс гарсан хохирлыг тухайн ломбард хариуцахгүй гэж бичсэн байдаг нь Иргэний хуулийг шууд зөрчсөн хэрэг гэдгийг хуульчид хэлдэг. Тэгэхээр нэгэнт хууль зөрчсөн гэрээ байгуулсан учраас үйлчлүүлэгч хүүг төлөхгүйгээр эд хөрөнгөө буцааж авах эрх үүснэ гэсэн үг. Түүнээс гадна хулгайчдын авралын од аль эсвэл хамгийн ойрын хамсаатан нь ломбард болдог байна. Өөрөөр хэлбэл, хулгайчид хулгайлсан эд зүйлсээ ломбарданд хямдхан өгдөг. Улаанбаатар хотын цагдаагийн газраас ломбардны үйл ажиллагаа эрхэлж байгаа ажилтнуудтай хамтарч, хулгай дээрмийн замаар орж ирсэн телевизор, гар утсыг тоолж тоог нь гаргажээ. “Гэмт хэрэг илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд алдагдсан 1200 телевизор, 1600 гаруй гар утасны тоог гаргаж, гэмт этгээдийг олох илрүүлэх ажлыг хийж байгаа гэсэн.
Үнэндээ халаасандаа ямар нэг ломбардны хуудасгүй хүнийг олоход бэрх. Анх орж ирэхдээ сарын 20 давсан хувийн хүүгээр “шулж” муу нэртэйгээр эхэлсэн уг бизнес өнөөдөр зах зээлийн өрсөлдөөнд хүүгээ буулгасан хэдий ч байх ёстой эрх зүйн хэм хэмжээндээ ажиллаж хэвшээгүй л байна. Энэ нь нэг талаар хяналт шалгалт султай холбоотой. Эх сурвалжийн өгүүлснээр, Монголд ломбардыг Мэргэжлийн хяналтын газар л шалгадаг. Гэхдээ таван жилдээ ганц удаа… Харин Цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг хянадаг аж. Тиймдээ ч Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага хааяа нэг шалгаад захиргааны хариуцлагаар торгууль ноогдуулаад л өнгөрөхөөс өөр асуудалгүй аятайхан луйвар хийх ажлын талбар болдог аж. Түүгээр ч барахгүй ихэнх ломбардууд татвар төлдөггүй гэнэ. Учир нь “Манайх үйл ажиллагаа явуулаагүй” гээд X тайлан өгчихдөг. Татварын ерөнхий газар таван жилд нэг л удаа шалгалт хийдэг болохоор тухайн ломбард ганц, хоёр жил ажиллаад л “Манайх үйл ажиллагаагаа зогсоолоо” гэчихээд шалгалт орох боломжгүй болчихдог юм байна. Иймэрхүү аргаар ямар ч татвар төлдөггүй, ашиг хүртээд л яваад байдаг ломбард олон байдаг аж.
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай улсад 1097 барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байгаагаас Улаанбаатар хотод 521, орон нутагт 576 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл луйвар хийж, татвар төлдөггүй энэ төрлийн үйлчилгээ нь боломжийн ашигтай тул тоо нь ийн өссөн хэрэг. Түүнээс гадна сүүлийн үед гар утас, компьютер, зурагтын төрөлжсөн ломбард олширсон. Эдгээр ломбардууд зээлийнхээ хугацааг 14 хоногоор бодож байгаа нь ч ямар нэг хориглосон зохицуулалт байхгүйтэй холбоотой. Хуулийн цоорхойг ашиглан ядарсан иргэдээ ломбард нэртэй луйварчдад дээрэлхүүлэхээ болихын тулд хуультай болох нэн чухал шаардлагатай ч манай төрийн түшээд өмд гуталны хэрүүл хийж, ухаан сөхөөгүй гүйлдээд завгүй байна. Харин ломбардууд луйвраа хийгээд л…
З.Урсгал
Эх сурвалж: 24tsag.mn
http://www.24tsag.mn/content/158377.shtml
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you5
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/