АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргыг АТГ яагаад баривчилсан юм бэ?
Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайтын боомтоор өмнөд хөрш рүү гаргадаг. Тэнд нүүрс ачсан машины цуваа 120 орчим км урт дарааллыг үүсгэж, Гашуунсухайтын түгжрэл гэдэг нэр томъёог хүртэл гаргаад авсан.
Харин сүүлийн хэд хоногт энэ түгжрэл буурч дарааллын урт нь 40 гаруй км болсон тухай мэдээллийг ЗТХЯ, АТҮТ-өөс бахархалтайгаар мэдээлж байна.
Тэгвэл тэнд ийм урт дараалал үүсэх ёстой юу. Хэнээс, юунаас болоод түгжрэл бий болчихов?
Энэ талаар ЗТХЯ “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой” компаниуд хилээр цөөн машин нэвтэрч байгааг мэдсээр байж их хэмжээний нүүрс зарсан гэдэг тоог төвдөө мэдээлэх гэсэн тооны хойноос хөөцөлдөж ачилтыг хийсээр ирсэн. Ер нь нүүрс худалдан авдаг хятад эзэдтэй нүүрс тээвэрлэгч компанитай дээрх уурхайнууд тээврийн, хариуцлагын гэрээ хийх ёстой. Ингэдэггүйгээс замбараагүй байдал үүсч, хэдэн мянган жолооч нар хохирсны эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. Тиймээс энэ асуудал АТҮТ-өөс машин цөөлж бүртгэлд оруулснаар шийдэгдэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Гэтэл бодит байдал дээр энэ асуудлын буруу нь АТҮТ-тэй холбоотой байх магадлал маш өндөр байна. Хоорондоо наймаа панз хийсэн гээд нүүрсний хэдэн компани, Хятадын худалдан авагчтай шууд өгч, аваад гүйдэггүй юм. Монгол Улсын хилээр гардаг. Хууль хяналтын байгууллагууд тэрийг нь хянаж байдаг. Хамгийн гол нь нүүрс ачсан машинуудыг дарааллаар нь гаргах ажлыг АТҮТ зохион байгуулдаг. Энэ ажлыг хийх гэж төрөөс баахан зардал гаргаад, олон арван хүн ажиллаж байгаа. Гэтэл энэ ажлыг гүйцэтгэхдээ дунд нь нугалаа үүсгэж, авлига авч байсан тухай мэдээлэл нийтийн хэвлэлүүдээр цацагдаад удлаа. Тодорхой хэлбэл, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр гэдэг хүн нүүрс тээвэрлэгч компанийн захирлаас авлига авч байгаад баригдлаа гэсэн мэдээ тарсан. Түүний хэрэгтэй холбогдуулаад АТҮТ-ийн нэр бүхий 5-6 ажилтнаас байцаалт авчээ. Ер нь бол АТҮТ-ийнхэн авлига авдаг аргатай юм байна. Тухайлбал, 10 машины зөвшөөрөл өгөөд 20 машин гаргадаг. Дараа нь тэр “туулай”-нуудаа мэдээллийн сангаасаа устгадаг байсан гэх мэдээлэл ч дуулдаж байна.
Өөрөөр хэлбэл, “туулай”-нуудын татвар даргын халаасанд авлига болоод ордог гэсэн үг. АТҮТ-ийн серверт хэн нэвтэрдэг, тэндэх мэдээллийг хэн нэмж, хэн хасах эрхтэй вэ зэргээс олон зүйл тодорхой болж мадагүй юм. Ингэхээр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга энэ дарааллыг “зохицуулахад” ихээхэн хувь нэмэр оруулсан болж таараад байна. Тийм учраас түгжрэл АТҮТ-тэй холбоотой гэдгээс бултах аргагүй.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: