Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглалаа

XX зууны Монголын жинхэнэ түүх монголчуудын өөрсдийнх нь тооллоор XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр албан ёсоор эхэлжээ. Энэ өдөр Хятадын Чин династийн яг 220 жил үргэлжилсэн ноёрхолыг Гадаад Монголд түлхэн унагаж Олноо өргөгдсөн Монгол улс буюу Богд Жавзандамба хутагтын VIII дүр хэмээн олон монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвд эр энэ шинэ улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө.

Шинэ хаан өргөмжлөгдөхөд цаг тооллыг дахин шинээр тоолж эхэлдэг хятадын соёлын хүрээний бүх улс оронд байсан заншлын дагуу Богд Жавзандамбыг хаан ширээнд залсан тэр оныг олноо өргөгдсөний нэгдүгээр он болгон тунхаглав. “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн албан ёсоор өргөмжлөгдсөн Жавзандамбын анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар төр улсыг тунхагласан баярт өдрийг тохиолдуулан алив амьтны амь бүрэлгэхийг цээрлэж, өвгөд хөгшдөд бэлэг таяг, өнчин ядууст хишиг харамж хүртээж, хүнд хөнгөн бүх ялтныг суллаж2 тавьснаас гадна энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн хүмүүсийг хөхиүлэн шагнасны дотор Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимид, Хайсан гүн нарын нэрийг хамгийн түрүүн бичээд “тулгар төр байгуулахад онц хүчин зүтгэсэн” хэмээн үнэлсэн нь чухам тэд л шинэ Монголыг эрх чөлөөний “эцэг “ байсанд учир оршино. Энэ өдөр бол 1911 оны 12-р сарын 29 байлаа.

Лигдэн хаанаар дуусгавар болж, тусгаар төр нь мөхөж газрын зургаас арчигдсан Монгол улс ийнхүү дахин гарч ирэх хоорон дахь хоёр зуунд хүн төрөлхтний иргэншлийн түүх орвонгоороо өөрчлөгдөн, “техникийн дэвшлийн их зуун ” хэмээн тухайн үеийнхэн нь үнэлсэн XIX зуун улиран одож түүнээс ч их аугаа өөрчлөлт авч ирэх учиртай XX зуунтай золгосон байлаа. Энэ хооронд Европ гаралтай Өрнийн гэгдэх иргэншил дэлхийд ноёлох болсон төдийгүй гарал үүслээсээ үл шалтгаалаад энэ байдал ерөөс хүн төрөлхтний хэмжүүр шалгуур нэгэнт болчихсон байсан юм. Мэркэнтальч үзэл бодлоос үүсэлтэй Европын колончлол XX зууны эх гэхэд бүх дэлхийг хуваан авсан тул өчүүхэн онгорхой үлдсэн сүүлчийн зайнууд руу хүчирхэгүүдийн хоорон дахь сүүлчийн тэмцэл өрнөж байв. Чухам энэ сүүлчийн зайн нэг нь Гадаад Монголыг өөртөө багтаасан Хятадын Чин династи байжээ.

Энэ хоёр зууны хооронд монголчуудын амьдрал ахуйд онцын өөрчлөлт ороогүй боловч шарын шашны нөлөөгөөр оюуны амьдралд нь эрс хувьсал гарчээ. Хоорондоо арцалдан тэмцэлдэх боловч сэлмийн хүчээр нэгтгэж чадсан хүнээ хүлээн зөвшөөрөөд аян дайнд морддог байсан монголчууд винайн ёсонд захирагдан, нүгэл бүхнийг тэвчихийн тулд бие дээгүүр нь гүйлдэх бөөсийг ч алж зүрхэлдэггүй “ариун явдалтан” болсон ба шашин төрийг хослох сургаалын дагуу оюуны ба төрийн удирдлагыг нэгтгэн ойлгодог болсон байв. Ийм учраас 200 гарай жилийн дараа дахин суларч буй хаан ширээний төлөө монголчуудын оюуны удирдагч Жавзандамбатай өрсөлдөх хэн ч байсангүй. Язгуур хөөвөл Чингисийн алтан ургийнхан Халх дөрвөн аймгийг захирцгааж байсан ба тэдэн дундаа хамгийн ахмад нь болох Түшээт хан Дашням аргагүй энэ суудлын төлөө зүтгэх эрхтэй байж. Түүнээ ч мэдэрсэн хан “Би бол энэ төвд гаралтай Жавзандамбыг бодбол их Чингис богдын угсаатан хан нарын дотроос хамгийн ахмад нь билээ” хэмээн санаархал, дургүйцлээ илэрхийлж байсан авч түүний үгийг тоож сонсох хүн гарсангүй.

Шинээр өөрийн тусгаар тогтнолыг зарласан Монгол улс орчин үеийн жишгээр яам байгуулж, Засгийн газрыг үүсгэж шинэ Засгийн газрын нэрийн өмнөөс Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсад ноот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласан бичигтээ улс орон юуг нь хүлээн зөвшөөрөхийг хүсэмжилжээ.

Чухам л тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхаглаж хүчирхэг улс гүрнээ хүлээлгэн зөвшөөрүүлсний эцэст л энэхүү тусгаа тогтнолоо хадгалж, үр шимийг нь хүртэж болно гэдгийг тэд мэдэхийн цаагуур мэдэж байлаа. Ерөөс хүлээлгэн зөвшөөрөгдсөн улс оршин тогтнож болдог практик Европт үүсээд нэлээд хэдэн зууныг элээсний эцэст XX зуун гэхэд дэлхий нийтийн жишигт тооцогддог болсон байж. Харин энэ хүчирхэгүүдэд Монгол улсыг хүлээн зөвшөөрөхөд 35-75 жил хэрэгтэй гэдгийг Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн тэр үеийн хутагт нар төсөөлөөгүй ба ач гучаар нь дамжсан хэдэн үеийн тэмцэл драм энэ асуудлыг тойрон үргэлжилсээр Монгол улсын XX зууны түүх бүрэлдүүлнэ чинээ санаагүй биз. Монголчууд мориндоо мордон сэлмээ гялалзуулж ертөнцийн түүхийг өөрийн хүслээр бичиж явсан XIII-XIV зуун тэртээд улиран оджээ. XX зууны эхэнд манай гаригийн хамгийн бөглүү цэгийн нэг болсон Монгол нь хүн амаар өчүүхэн цөөн, эдийн засгийн чадавхи, соёл боловсролын хувьд дундат зууны хэмжээнд байснаас гадна геополитикийн хувьд харгалзан хэд хэдэн орны ашиг сонирхолыг хөндөж байсан тул түүхэн үйл явдлыг нь гадаад орчинтой нь холбон тайлбарлахгүй бол дэндүү өрөөсгөл болно. Монгол улсын “эзгүй” байсан хоёр зуу гаран жилд дэлхийд гарсан улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгэлгээ, техник технологийн их өөрчлөлт хувьсгал эцсийн бүлэгт Чингисийн удмынхан дахин төр улсаа сэргээх бодит нөхцлийг бүрдүүлсэн юм.

Тусгаар тогтнолын төлөө үзэлтэй ноёд лам нар Жавзандамба хутагтад хандан Хятадад өрнөж буй самуунд хэрхэн хандах талаар тодорхой санал хэлэхийг хүссэн захидал явуулсан байна.    Үнэхээр яахаа мэдэхээ байгаад арга барагдан асууж байна уу? Энэ бол урьдаас бэлдсэн зохиомж байлаа. Манж Чингийн мэдлээс гарч тусгаар тогнолоо сэргээх нь монголчуудын 200 гаран жилийн мөрөөдөл байв. Хятадад хувьсгал гарч Чин династи унах болсон нь чухам энэ хүлээсэн цаг гарцаагүй мөн. Нөгөөтэйгүүр шинэ засгийн бодлогыг эсэргүүцэх ялдамд тусгаар тогнолоо сэргээх хүчний нягтрал, зохион байгуулалт нэгэнтээ буй болжээ. Үүнээс гадна энэ хүслийг нь дэмжихүйц гадны хүчин байгаа нь аятайхан далим байв. Иймээс ард олон энэ үед яах учраа олохоо байгаад эзэн Богддоо хандаж тэр нь үүнд нь хариулж буй маягийн төрх олон нийтэд болон гадаад ертөнцөд харуулах зорилготой нэг талаас гэнэн юм шиг мөртөө нөгөө талаас нэлээд зальжин арга юм. Мэдээж Жавзандамба хутагт үгээ хэллээ: “Одоо Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдрүүдийг үзэхгүй цаг болсон”.

Ердөө маргааш нь Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар гэдгийг байгуулж Түшээт хан аймгийн чуулганы дарга, түшээ гүн Чагдаржаваар ахлуулав.  Энэ нь нэг талаас Монголд Манж Чингийн засгийг түлхэн унагахад бэлдэх хувьсгалын штаб, нөгөө талаас Түр Засгийн газар маягтай байгууллага аж. Энэ байгууллага буй болонгуутаа Жавзандамба хутагтын мөнөөх лүгдэнг Өвөр Монгол, Барга, Алашаа, Хөх нуурын монголчууд руу дамжуулахдаа тун удахгүй Жавзандамбыг хаан ширээнд залан тусгаар Монгол улс байгуулах гэж байгаагаа гэж давхар мэдэгдэн бичиг шийтгэж орон даяар түгээлээ. Халхын дөрвөн аймгаас тус бүр мянган цэрэг дайчлах тушаал гаргасанд ердөө маргааш нөгөөдөр нь Хүрээнд 500 гаран цэрэг эр цугларав. Цуглуулсан цэргээрээ дайтахыг урьдал болгосонгүй, ердөө л сүр үзүүлж айлгахад ашиглав. Сань До амбанд тайлбарлахдаа өмнө газар самуун үүсэж Монгол руу довтлох гэж байгаа гэж дуулаад 4 000 морьт цэрэг цуглуулж нэгэнт олон жил хишгийг нь хүртсэн Чин улсын хааныг хамгаалах хүсэлтэй гэв. Тэгснээ хариу өгч амжихаас нь өмнө, “нэгэнт хариу өгөхгүй гэдэг бол татгалзаж буй хэрэг тул бид өөрийгөө хамгаална, өөрийн тусгаар Монгол улсаа байгуулна” гээд амбанг бушуу нутаг буц хэмээн хөөлөө. Өөрөөр хэлбэл зөвхөн Чин династийн манж нартай вассалын гэрээтэй ба нэгэнт өнхөрөөд өгсөн бол өөрөө өөрийгөө хамгаалах нь зүй. Бүх юм нүд эрмэх зуур болоод өнгөрөх нь энэ.

Сань До зугтан Оросын консулд хоргодон 1911 оны 12-р сарын 4-нд Орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин хөөгдөж явлаа. Энэ үед Хүрээнд 4 000 монгол, 1 000 орчим орос цэрэг байсан ба харин хятад цэрэг ердөө л 130 орчим байжээ. 12-р сарын эхээр Өвөр Монгол, Барга, Дариганга болон Гадаад Монголын аймаг хушуунд яаралтай албан бичиг явуулан, нутгийн боомт газарт цэрэг гарган сэргийлж, элдэв зөрчигсөдийг үлдэн хөөж энэ тухайгаа яаралтай Хүрээнд мэдэгдэж байхыг даалгав. Мөн  Түшээт хан, Сэцэн хан аймгаас 1 500 цэрэг дайчилж хилийн харуулын цэргийн нэмэлт хүчний хамт баруун тийш одон Ховд Улиастайг чөлөөлөх тушаал гарлаа. Ингээд өдрийн сайныг үзэн тогтоогоод 1911 оны 12-р сарын 29-нд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залж Монгол улс байгуулсныг албан ёсоор зарлан тунхаглах ёслол хийхээр товложээ.

Чагдаржаваар тэргүүлүүлсэн Түр Засгийн газрыг таван яам бүхий бүр Засгийн газар болгон хувиргалаа. Дотоод явдлын яамыг Цэрэнчимэдээр ахлуулан бусдаасаа илүү эрх бүхий яам гэж тунхаглалаа. Өөрөөр хэлбэл тусгаар монгол улсын анхны ерөнхий сайдын үүргийг энэ лам гүйцэтгэхээр болсон хэрэг. Гадаад явдлын яам Ханддорж, цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Сангийн түшээт хан Чагдаржав, шүүх яам эрдэнэван Намсрай нарын сайдтайгаар байгуулагдвай. Засгийн газар байгуулагдангуут хэн нь том гэдэг дээр маргаан гарчээ. Цэрэнчимэд энэ талаар Богдод гомдолж мэдүүлж, ГЯЯ өөрийнх нь дээр гарчих гээд байгааг сануулсны дараа Дотоод яам зэрэг дэвийн хувьд хамгийн том нь хэмээн хаан лүндэгнэснээр дотоод яам бусад яамруу бичиг ”илгээнэ”, бусад нь энэ яамыг дээд газар болохынх нь хувьд хүндэтгэн “өргөн илгээнэ” гэж бичиж байхаар тохиров. Эндээс Ханддорж, Цэрэнчимэд нарын зөрчилдөөн эхэлсэн бололтой. Шарын шашны хос ёсны онолоор шашны мяндагтан төр шашныг хослон барих ёстой нь тодорхой боловч дараагийн хүн нь алтан ургийн хар хүн үү, шашны зүтгэлтэн үү гэдэг дээр ноёд, лам нар санал зөрж байсан бололтой. Энэ зөрчилдөөн нэлээд хурцадсаар эцэст нь 1912 оны 7-р сард Ерөнхий сайдын албыг буй болгон түүнд Чингисийн шууд угсааны хүн болох Сайн ноён хан Намнансүрэнг тохоон томилсон юм. Намнансүрэн ерөнхий сайд болсны нэг гол шалтгаан нь тэрээр тусгаар Монгол улсын хаанаар Жавзандамбыг өргөмжлөх саналыг бусдаас түрүүн анхалж гаргажээ.

Халхын дөрвөн аймаг нийлж тусгаар тогнолоо сэргээн Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Халх гэдэг ойлголтонд халхын дөрвөн аймаг ба шавиуд багтаж байсан юм. Сэцэн хан аймаг 24 хошуунаас гадна, Эрдэнэ ялгуулсан хутагт, Ачит дархан Егүүзэр хутагт гэсэн 2 шавьтай. Түшээт хан аймаг 22 хошуутай бол Сайн ноён хан аймаг мөн 22 хошуунаас гадна Зая бандит хутагт, Эрдэнэ бандит хутагт Чин сүжигт номуун хан, Нар банчин хутагт, Ноён хутагт, Наран хутагт, Эрдэнэ хан хутагт гэсэн долоон шавьтай аж. Засагт хан аймагт 18 хошуу, Жалханц хутагт, Ялгуулсан хутагт, Номуун хан гэсэн 3 шавь хамарна. Ингээд дөрвөн аймаг нь 86 хошуу, 12 шавь буюу нийтдээ засаг захиргааны 98 нэгжид хуваагдана. Дээрхи 12 шавийг захирсан хутагт дээр Жавзандамба хутагтыг нэмээд халхын 13 тамгатай хутагт гэж тоолж байв. Халх тусгаар тогтнолоо зарласны дараа бусад монголчууд энэ шинэ улсад нэгдэн орох хөдөлгөөн Хянганаас Алтай, Цагаан хэрмээс Байгаль далайн хоорон дахь өргөн уудам нутагт  өрнөв. Энэ бол үе үеийн монголчуудын уугуул өргөн дэлгэр нутаг аа!

Баабар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих