“Монголын хууль гурав хоног”-ийг мөрдөе
Монголын хууль гурав хоног… Хууль батлагдсанаас хойш гурван хоног мөрдөхийг оролдоно, дөрөв дэх өдрөөс нь замхарна. Биелэлт хэрэгжилтэнд нь хэн ч санаа үл тавина. Тэр хэрээр иргэд ч зөрччихөж болно гэсэн үг хэмээн ойлгочихдог, энэ цаг үед. Жил гаруйн өмнө замын хөдөлгөөний шинэ дүрэм журам гарч, иргэд ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй юм байна хэмээн төсөөлөн ухамсарлаж, ярзайтал инээж цагаан шугамаар гарах бэлтгэл хүртэл базаасан. Харамсалтай нь цагаан шугам, ногоон гэрлээр гэх дүрэм өнөөдрийн байдлаар настангууд хийгээд бага ангийн балчируудад л үйлчилж байх шиг.
Журам мөрдөгдөж эхэлсний маргааш сошиал ертөнцөөр, гарцгүй газраар гарч яваад торгуулсан иргэн Булган аймгийнх гэнэ. Манай Булганыхан юм юмандаа анхдагч шүү гэсэн егөө дөгөө явсныг эс тооцвол өөр торгуулсан хүн алга шиг байна. Бусад нь замын голоор хөндлөн гулд алхдаг янзаараа. Эгээ л ээрэм талд алсын бараа ширтэн алхаж яваа малч өвөг шигээ. Замын голд шүгэл тачигнуулах “цагдаа ах” ч тэднийг анзаарах янз алга. Торгоё гэхнээ мөнгө байхгүй гээд гүрийчих учраас мэдрэлийн эд эсээ үхүүлэхийн нэмэр гэж боддог биз. Ер нь бол богино настай хуулиуд манай хууль эрх зүйн салбарын онцлог ч гэж хэлж болно. Батлаад л, шинэчлээд л, нэмээд л, өөрчлөн найруулаад л байдаг. Өнөөх нь хэрэгждэггүй. Уг нь мөрдвөл мөрдчихөөр ч, бас л сарниж тараадахсан бас нэг хууль бол тамхины хууль. Тамхи татлаа гэж тавин мянган төгрөгөөр торгуулсан анхны хүнээр Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум”-д оролцож байсан гадны төлөөлөгч тодорсон тухай манай нийслэлчүүд өдгөө ч мушийн ярилцдаг. Нэгэнтээ Төрийн ордонд тамхи татаж болохгүй хуультайг мэдээгүй гадаадын иргэнийг хамгийн анх төрийн тусгай хамгаалалтынхан “шуурхай эрэн сурвалжлан илрүүлж” даруй 50 мянган төгрөгөөр торгосон юм гэсэн.
Харин үүнээс хойш, түүнээс цааш тамхийг 50 мянган төгрөгөөр “татсан” хүн байна гэж дуулдсангүй. Ширхэгийн тамхийг өнөө өнгө төрхөө сайжруулсан ТҮЦ-үүд гол орлогоо болгодог нь янзаараа. Анх батлагдаж байх үедээ хууль санаачлагчийн хэлж байсанчлан малын бэлчээрт гаанс нэрж буй өвгөнийг торгох тухай яриагүй байна. Яг одоо гараад хар. Гадаа гудамжинд, хотын замын түгжрэлд, сургуулийн ойролцоо тамхи татсан хүмүүс өдөр, шөнө ялгахгүй холхиж л байна. Тамхи татах цэг байхгүй юм чинь гэж ам хаах нэгэн байх ч, шал дэмий хэрэгжихгүй хууль баталж яадаг байна вэ гэж адлах нь олонх байгаа. Уг нь томоохон албан байгууллага, үйлчилгээний төв, бар, цэнгээний газрууд тамхи татахыг зөвшөөрсөн тусгай өрөөтэй болвол энэ хууль хэрэгжихэд тун дөхөм. Гэвч үйлчилгээний байгууллагууд торгуулахгүйн тулд үйлчлүүлэгчдэдээ гадагшаа гарч тамхи татахыг зөвлөдөг. Өөр аргагүй болсон тамхичид дуулгавартай нь аргагүй гадаа бөөгнөрөн тамхилж зогсдог болжээ.
Хуулинд зааснаар гадаа, гудамжинд тамхилж зогсоо нэгэнд хяналт тавьж, хориглох хэн ч алга. Ширхэгийн тамхи зардаг эмээгээс цагдаагийн дүрэмт хувцастан таван ширхэг янжуур авчихаад орох нь өглөө болгон миний хардаг үзэгдэл. Тамхи татдаг нэг нь бол адилхан юм чинь гээд дуугүй өнгөрдөг юм аа гэхэд цагдаа нь ядахдаа цааргалаасай гэж дэмий л бухимдах. Гудамжинд тамхилбал тавин мянган төгрөгөөр торгох энэ тэр гээд байсан өнөөх гоё сануулга цаасан дээр буугаад амьдрал дээр алга болчихож. Хуулиар хориглосон газар тамхи татаж байгаа хүний зургийг авч, бичлэгээр баталгаажуулах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас зөвлөдөг ч тамхи татан хажуугаар зөрсөн нөхрийн зургийг цагдаад аваачиж өглөө гээд олж торгож ёстой “амжих уу” л биз дээ. За тэгээд гудамжинд нус шүлсээ хаявал торгоно гэсэн нь ч дашийн шог. Өнөөдрийг хүртэл шүлсээ хаяад торгуулсан хүн алга гэх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Шүлсээ хаяхаа байчихсан юм болов уу гэж найдаад хэрэггүй. Зүгээр л торгох, товчхондоо хэрэгжүүлэлтэнд нь хяналт тавих хүнгүй байгаа юм. Чухам л эзэн холбогдогчгүй хэрэг гэдэг шиг.
Уг нь гадны улс орнуудад замын голоор алхагчид болон тамхи зуусан шигээ цэцэрлэгт хүрээлэн, хотын төв, олон нийтийн газраар алхаж яваа нөхдийг илрүүлэх, зөрчлийг нь баримтжуулах ажлыг тэтгэврийнхэн хийдэг юм байна лээ. Цагдаагийнхны хүсээд байгаачлан хууль зөрчигчийн үйлдлийг баримтжуулан холбогдох газар нь өгдөг бөгөөд торгуулийн мөнгөн дүнгийн тодорхой хувийг урамшуулал болгон авдаг. Яг энэ зарчмаар явбал бас ч гэж биелүүлж болохоор ч юм шиг санагдаад байгаа юм, дээрх хоёр хууль.
Энэ мэтийн эрээвэр хураавар, эгэл амьдралд нийцэхгүй эс бөгөөс Үндсэн хуультайгаа зөрчилддөг дүрэм журам манай улсад маш олон. Хайран ч цаг зав гэж харуусмаар, импортоор оруулж ирдэг хэчнээн ч их цаас үрэгдсэн бол гэж халагламаар… Зүй нь бид эрхзүйн судалгааны институтитэй л болмоор байгаа юм. Аль ч оронд Эрхзүйн судалгааны институти гэж байдаг бөгөөд манайд л институти ч, судлаачид ч алга. Хууль тогтоогчид, хэрэгжүүлэгчид нь тэр, энэ болохгүй байна, тэр хөрсөн дээр буухгүй байна гэж хууль гарсны дараа л үглэж суугаа харагддаг. Уг нь аливаа хуулийг гаргахын өмнө иймэрхүү байхад болно гэсэн урьдчилсан таамаглал, судалгаа гаргадаг юм билээ. Мөн хэрэгжилтэнд нь ч судалгаа хийдэг аж. Манайд ийм л хүмүүс хэрэгтэй байна. Эргэж харах, засч сайжруулах юм хэтэрхий их байна.
Эцэст нь тэмдэглэхэд Монголын хууль гурав хоног гэдэг нь гаргасан хууль тогтоомжийг гурав хоноод мартах биш. Гурав хоногийн дотор бүх ард иргэдэд болон дэлхийн нөгөө өнцөгт суугаа, мэдвэл зохих хүн бүрт хүргэ, мэдэгд гэсэн Их Хааны Зарлиг байсан юм гэнэ лээ…
З.Уран
http://www.24tsag.mn/content/158363.shtml
URL: