76 ”сангийн сайд” хэргээ гаргалаа
УИХ ямар ч байсан ирэх сарын 1-ндээ багтаан төсвөө батлах нь бололтой. Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсвийн төслийг Засгийн газраас өргөн бариад байсан. Өндөр тэлэлттэй төсвийг дагаж инфляци 27 хувьд хүрч өсөх хандлагатай байгааг эдийн засагчид болон Монголбанкны удирдлагууд хэлж байлаа. Хийх ажил их байгаа, түүнчлэн хүлээгдэж байгаа орлого нэлээд өндөр байгаа учраас төсвийг тэлсэн гэдгийг Сангийн яамнаас хэлж буй. Өндөр зардалтай төсвөөс гадна төрийн албан хаагчдын цалингийн өсөлт, бэлнээр тараах мөнгөн дүн гээд инфляцид нөлөөлөх хүчин зүйлс шинэ төсөвт олон байсан. Аз болоход УИХ маань энэ удаад их зөв ажиллах шиг боллоо. 76 сангийн сайд гарч ирээд төсвийг ийш тийш чангаадаг гэх шүүмжлэл байдаг ч энэ удаад тэд данхар төсвийг энд тэндээс нь сайн гэгч нь танаж чадлаа. Нэгдсэн төсвийн орлого 6.4 их наяд төгрөг байсныг 5.8, зарлага 7.1 их наяд төгрөг байсныг 6.2 их наяд төгрөг болгож танасныг баасан гарагийн чуулганы хуралдаанаар дэмжлээ. Ингэснээр төсвийн зардлаас 900 орчим тэрбум төгрөг хасагдаж байна. Үүнээс гадна ирэх оны төсвийн зарим хөрөнгө оруулалт 2011 оны төсвийн тодотгол дээр шийдэгдсэн тул хассанаар нийт зардлыг 1.1 их наяд төгрөгөөр таналаа. Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг ирэх оны дөрөв, зургадугаар сард үе шаттайгаар нэмж, 2008 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байсан. Инфляцид хамгийн хүчтэй нөлөөлөх хүчин зүйл гэгдэж буй цалин, тэтгэврийн нэмэгддийг мөн л боломжийн хувилбараар шийддээ. Цалингийн нэмэгдэлд 600 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Гэхдээ энэ өсөлтийг хэт ойрхон хийвэл инфляцийг хөөргөх аюултай гэж үзээд ирэх оны дөрөв, аравдугаар сард шийдэхээр боллоо. Үүнээс гадна Хүний хөгжил сангийн орлого, зарлагаас 105 тэрбум төгрөгийн бууралт гаргаж, иргэдэд өгөх шаардлагатай мөнгийг Тавантолгойн хувьцаагаар шийдэхээр болж байна.
Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж” Ойролцоогоор нэг их наяд төгрөгийн зарлагыг таначих л даа. Тэгвэл Монголбанк инфляцийг барих боломж бүрдэхээр байна” хэмээн мэдэгдэж байсан. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр танаж чадлаа. Сангийн сайд С.Баярцогт мөн хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Тэрбээр УИХ энэ удаагийн төсөв дээр нэлээд ажил хэрэгч хандаж, ирээдүйгээ харсан шийдвэр гаргаж чадлаахэмээн онцоллоо. Түүнчлэн “Монголбанкнаас мөнгөний бодлогыг өргөн барихдаа Засгийн газраас өргөн барьсан 2012 оны улсын төсвийн төслийг нэг их наядаар бууруулбал, инфляцийг барих боломжтой гэж байсан. Энэ асуудал бүрэн шийдэгдлээ. Тиймээс инфляцийн дарамтын асуудал бүрэн буурсан” гэжээ. Үүнээс гадна Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн алдагдал 4.1 хувь байсан. Харин хэлэлцүүлгийн шатанд төсвийн зардлыг танаснаар алдагдлыг гурван хувь болгон буурууллаа. Хасагдаж байгаа зардлууд ерөнхийдөө шинээр төрийн албан хаагчдын контор, сууц барих, зарим техник, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төвлөрч байгаа.
Гэхдээ нэг эргэлзээтэй байгаа нь танагдсан зардал хаашаа оров гэдэгт байна. Гишүүд өөрсдийн тэрбумаа гурван тэрбум болгосон гэх мэдээлэл байгаа ч Сангийн сайд үүнийг үгүйсгэжээ. Үнэн хэлсэн гэж найдъя. Юутай ч хоёр дахь шатны хэлэлцүүлгийн дараа 2012 оны төсвийн орлого 5.8 их наяд, зарлага 6.2 их наяд, алдагдал 400 орчим тэрбум төгрөг буюу ДНБ-ний гурван хувьтай тэнцэж ирлээ. Энэ янзаараа арванхоёрдугаар сарын 1 гэхэд батлагдахаар болж байх шиг байна. УИХ-ын гишүүн О.Чулуунбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Төсвийн сахилга багтай оронд Засгийн газар төсвийг өргөн барьсан бол парламент нь батлах л үүрэгтэй байдаг. Тэрнийг ямар нэгэн байдлаар задлаад, ийш тийш нь хуваарилна гэсэн асуудал байхгүй. Гэтэл манай улсад 76 сангийн сайд ажиллаад, төсвийг ийш тийш нь чангаагаад, зардлыг нэмэгдүүлээд байдаг. Энэ бол буруу тогтолцоо” гэж байсан удаатай. Түүнчлэн төсвийн сахилга баттай орны хувьд төсвийн алдагдал гурван хувиас хэтэрдэггүй гэдэг. Харин энэ удаад 76 Сангийн сайд төсвийн тэлэлтийгулам нэмэгдүүлэх буе танаж, инфляцийн хүлээлтийг бууруулж чадлаа. Алдагдлыг ч бас 4.1 хувь байсныг бууруулж, гурван хувьд барьж байна. Тийм учраас 76 Сангийн сайдын хэрэг нэг удаа ч болов гарлаа гэж дүгнэх хэрэгтэй байх.
Л.Энхдэлгэр
URL: