Г.Нарангоо: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хүний эрхийг зөрчиж байна

12-21-7h-550x300ХЭҮК-ийн орон нутгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт нийслэлд үргэлжилж байна. Энэ үеэр ХЭҮК-ийн Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Г.Нарангоотой ярилцлаа.

–Өмнөговь аймагт хүний эрхийн зөрчил хэр гардаг вэ. Үүний мөрөөр иргэдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Аймгийн хэмжээнд жилд 10 гаруй гомдол шийдвэрлэдэг. Бараг тал хувь нь хууль зүйн зөвлөгөө. Гомдлын агуулгыг харахаар ихэнхдээ уул уурхай, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой. Мөн 20-30 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн талаар байна. Өмнөговь аймагт уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа асуудал түлхүү гарах магадлалтай. Гадаадын хөрөнгө оруулалттай нүүрс тээвэрлэлтийн 100 гаруй компани байдаг. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг харахаар ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулагчтай компанид ажилладаг монгол жолооч нарын эрх зөрчигддөг. Үүнтэй холбоотойгоор энэ онд ХЭҮК-оос нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Ханбогд, Цогтцэций зэрэг суманд ажилласан. Энэ үеэр хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан ирэх оны Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгагдана.

–Гомдлын мөрөөр шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага тооцдог. Иргэдийн гомдлыг барагдуулах ажил хэр үр дүнтэй байдаг вэ?

-Орон нутагт гомдлыг газар дээр нь хүлээж аваад цахим хэлбэрээр төв рүү шилжүүлж чиглэлээ авдаг. Энэ дагуу цуглуулсан баримт мэдээллээ төв рүү шилжүүлж эцсийн шийдвэрийг комиссын дарга, гишүүд гаргадаг.

Энэ онд хоёр гомдлыг шалгаж шийдвэрлэсэн. Тухайлбал, уул уурхайн компанид ажилладаг тээврийн жолооч эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдөж байна гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж Зам тээврийн хөгжлийн сайдад шаардлага хүргүүлсэн. Гомдлын мөрөөр авсан арга хэмжээгээ тайлагнаж ирүүлсэн. Мөн Оюутолгой компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гомдлын дагуу шаардлага хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр тодорхой үр дүн гарч байна гэж харж болно.

–Орон нутагт ганц ажилтан байх нь хэр хүрэлцээтэй вэ?

-Өмнөговь аймаг 60 мянган хүн амтай. Мөн уул уурхайтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн ихтэй. Хүний эрхийн зөрчил ихэнхдээ төрийн байгууллага дээр гардаг. Дээрээс нь гадны хөрөнгө оруулалттай томоохон уул уурхайн компаниуд байна. Эдгээрийн өөдөөс ганцхан хүн хүний эрхийг хамгаалж зогсоно гэдэг бэрхшээлтэй. Гомдол авна, хяналт шалгалт хийнэ, хууль зүйн зөвлөгөө өгнө, сургалт сурталчилгаа хийнэ гээд хүн хүчний хувьд үнэхээр дутагдалтай. Гэхдээ аль болох орон нутагт ажиллаж байгаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудтай хамтарч, түшиглэж ажиллахыг эрмэлздэг.

–Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хурцаар яригдаж байна. Өмнөговь аймагт нөхцөл байдал хэр байна вэ?

-2014 оноос хүний эрхийн ажилтнууд орон нутагт ажиллаж эхэлсэн. Тэр үед холбогдох газруудаас мэдээлэл цуглуулахад бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бусад аймгуудаас харьцангуй өндөр байсан. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны мэдээллээс харахад гэмт хэргийн тоо өсөөгүй ч зүйлчлэл хүндэрсэн. Гэмт хэргийн 70 хувь нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ядууралтай холбоотой гэсэн суурь судалгаа байдаг ч бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг харахад 50 хувь нь хохирогчийн гэрт, сурагчдын дотуур байранд байна. Эцэг эхийн хараа хяналт сул, гэр орондоо янз бүрийн цугларал, уулзалт хийж байгаа нь хүчирхийлэл гарах шалтгаан гэж харж байгаа.

–Хүчирхийлэлтэй тэмцэх ажил орон нутагт хэр үнэтэй байдаг. Энэ чиглэлийн ажилтнуудыг хэрхэн чадавхижуулдаг бол?

-Орон нутагт хүүхэд хамгааллын хамтарсан баг ажилладаг. Багт Эрүүл мэнд, цагдаа, прокурор, шүүхээс эхээд олон байгууллага хамаардаг. Хүний эрхийн комиссын ажилтан ордоггүй.

Орон нутагт хүүхэд хамгаалал, хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн эхэнд хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах ёстой нь харагддаг. Хамтарсан багт ажиллаж байгаа хүмүүсийн чадавхийг сайжруулах шаардлагатай. Мөн багийн гишүүдийн уялдаа холбоо муу байна. Суурь шалтгааныг таслан зогсоохын тулд насанд хүрэгчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүний эрхийн боловсрол чухал.

-21 аймгийн хүний эрхийн ажилтнууд хотод сургалтад хамрагдаж байна. Хэр үр дүнтэй байна?

-Байгаль орчин, уул уурхайтай холбоотой нөлөөллийн үнэлгээг хийхэд өөрсдөө чадавхижих ёстой. Ер нь аль ч салбарт бодит үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрэхийн тулд чадавхижиж, туршлага судалж байна. Орон нутагт очоод яаж ажиллах талаар төлөвлөгөө боловсруулж байна.

Орон нутагт тодорхой хэмжээгээр хүний эрхийг хөхиүлэн дэмжиж байгаагийн бодит жишээ бол хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой гомдол, санал зөвлөгөө өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иргэд гол төлөв бичлэн ирж хуульзүйн зөвлөгөө авч байна. Мөн асуудал тулгараад хаана хандахаа мэдэхгүй хүмүүсийг холбон зуучилдаг.

–ХЭҮК-оос төрийн албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэдэг. Орон нутагт хэрэгждэг үү?

-Энэ онд ШШГЕГ, Цагдаагийн байгууллагаас хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэсэн. Эхний ээлжинд таван аймаг хамрагдсан ч манайх арайхан хамрагдаагүй байна. Цаашид бүх аймгийг хамруулах талаар ярьж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих