Өндөр торгууль, хатуу шийтгэл л хэрэгтэй
Сахилгагүй жолооч, саваагүй зорчигч хоёрыг хатуу шийтгэдэг хууль хэрэгтэй байна. Удахгүй Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах сураг дуулдаж байна. Энэ хуулиараа л дээрх хоёрыг онцолж, хатуу шийтгэх хэрэгтэй. Нийслэлийн гудамжинд өдөртөө 1000 гаруй замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гардаг гэж албаны хүн ярьж байна. Зөвхөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн 445 мянган зөрчил бүртгэгджээ. Энэ юу гэсэн үг вэ. Зөрчил гаргасан жолоочийг таван мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг өршөөнгүй хуулийн хар гай. Тавхан мянган төгрөг юу юм бэ, яагаад жолоочид торгуульсан гэх эмзэглэл төрүүлэхгүй байна вэ.
Торгуулийн хэмжээ “жулдаад” л тэр. Дор хаяж нэг удаа зөрчил гаргавал 50 мянган төгрөгөөр торгож, давтан зөрчил гаргавал жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болмоор. Одоогоор зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хуудсыг гэрт нь хүргэж өгдөг болох юм ярьж байна. Энэ хэр үр дүнтэй вэ. Сүүлийн үед Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөрчил гаргасан зарим нэгэн жолооч руу утасдаж, Та тийм зөрчил, тэдэн удаа гаргасан байна” гэж хэлж сануулж байгаа ч энэ төдийлөн үр дүнтэй арга биш гэдгийг жолооч нар өөрсдөө батлаад байгаа юм. Утсаар сануулахад урдаас нь “Би машинаа зараад төдөн cap, жил болж байна” гэж хэлээд л гүйцээ. Ямар ч нэмэргүй.
Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдлийн 100 камер, шууд дүрсээр хянадаг 27 камер бий гэдэг. Зөрчил гаргасан, хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг бүртгэдэг камер ч байгаа гэсэн. Камер суурилууллаа гээд хурд хэтрүүлэн давхисаар, гэрлэн дохио зөрчсөөр л байна. Зөрчил гаргасан жолооч бүртэй тулж ажиллахгүй л бол зөрчил багасна гэдэг юу л бол. Камераар авсан бичлэгийг нь хурааж хурааж нэг “бут авч” болно л доо. Гэхдээ л машинаа зарсан, үрсэн, хулгайд алдсан гээд шалтаг тоочвол хэн түүнийг нь батлах юм бэ. Нэг хэсэг “спорт” нэртэй их дуутай янданг хориглолоо л гэсэн. Залуус машинаа тэрүүгээр гоёж, иргэдийн тав тухыг алдагдуулсан хэвээрээ л байна. Монголын хууль гурав хоног гэж үүнийг л хэлэх байх. Хотын гудамжинд дуут дохиог тэр бүр зөвшөөрдөггүй. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ойролцоо дуут дохио хангинуулахыг хориглодог. Гэвч жолооч нар дуут дохиогоор хэрэлдэж, уралцсаар.
Өдөртөө 7000 машин хил гаалиар орж ирдэг гэсэн тоо байна. Тэр хэмжээгээр замын ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Жолооны курст хагас дутуу явсан болоод машиныг асаах унтраахтайгаа болсон залуус, хүүхнүүд замын хөдөлгөөнд орж байна. Эд хөрөнгө, машин техник нь яамай, хүний амь нас, эрүүл мэнд л чухал.
Хөдөлгөөний ачаалал ихтэй үед хоёр шинэ жолооч машинаараа шүргэлцчихээд замын голд хэрэлдээд зогсчихно. Түгжрэл дээр нэрмээс болоод. Дээр нь эгнээ байраа зөв эзэлж явдаггүй, хаагуур л бол хаагуур сүлжиж явдаг сахилгагүй жолооч нар ч замын түгжрэлийг үүсгэх нь бий. Хоёрхон эгнээ нарийн замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад алга болчихдог хэнэггүй жолооч нар ч замын бөглөө. Замын голд бензин нь дуусаад, дугуй нь хагараад зогсчихно. Ингээд л замын түгжрэл үүсгэнэ. Гэрэл дохио зөрчлөө, согтуугаар машин жолоодлоо гэхээсээ өмнө энэ мэт сахилгагүй жолооч нартай хатуу хариуцлага тооцох механизм юу юуны түрүүнд хэрэгтэй байна. Машин асааж унтраахаа мэдэхээс замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээр, нэг нэгнээ хүндэтгэх соёлд суралцахгүйгээр техник удирдаж явна гэж байх уу. Дээр нь мал шиг явган зорчигчдыг ч барьж хорьдог, саатуулдаг, өндөр торгуультай болговол яасан юм бэ. Нялх хүүхдээ хөтөлчихөөд тавхан алхмын цаадах гарцаар гарчихаж чаддаггүй хэнэггүйчүүд нийслэлээр дүүрэн. Тэдэнд хатуу торгууль л яг тохирно. Удахгүй Замын хөдөлгөөний тухай хууль батлагдана. Түүнд энэ санаанууд маань бага ч атугай санаа болох болов уу.
С.Хэрлэн
URL: