“Хасар Жагаагаа болиод өвлийн өвгөн болсон шүү дээ”

Монгол Улсын гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайханыд өнжлөө. Түүнд өнжих тухайгаа урьдчилан дуулгахад дуртайяа зөвшөөрөөд “Баянбүрдийн хажуу талын байранд маань хүрээд ирэх үү. Уугий бид хоёр Үйлдвэр комбинатын тийшээ нэг давхар байр бариулсан. Одоогоор бага зэрэг засвартай байгаа. Тиймээс хуучин байрандаа буюу том хүүгийндээ байгаа юм аа” гэж учирласан билээ. Ингээд хэлснийх нь дагуу том хүүгийнд нь очлоо. Эрхэм гавьяат хүүтэйгээ хоёулхнаа байна.

“Дүү хүүг ирнэ хэмээн зарлиг буулгасан учир гадуур дотуур амжуулах ажил, жүжгийн сургуулилт, найз нөхдийн уулзалт гээд бүх зүйлээ хойш тавиад сууж байна даа” гэв.

Ийн хэлсэн үгнийх нь завсар хөөрхөн егөөдөл хавчуулаастай нь тийм нэг дотно инээмсэглэлээс нь илт. Хоёр эр хүн юу л амжуулаад сууж байна даа” гэхэд, Баагий ажлаа хийгээд би яахав, энэ тэрхнийг сонирхсон шиг ээ л сууна. Уул нь энэ байранд хорин жил амьдарсан. Гэтэл хүний гэрт байгаа юм шиг хамаагүй хөдөлж ч болохгүй юм. Туурга тусгаар бол тусын дайсан гэдэг үнэн юм аа” гээд тавагтай чихэр хаана байгааг хүүгээсээ сураглалаа. Төд удалгүй өндөр гоёмсог гуулин тавагтай чихэр өмнө минь тавив. Тавагны сууринд бичээс харагдана. Анзаарвал, “Эрхэм дотны нөхөр, Монгол Улсын гавьяат жүжигчин Гүрбазарын Урнаа-даа” гэсэн бичиг бүхий найз нөхдийнх нь дурсгал байна. “Урнаа эгчийг гавьяат болоход дурсгаж дээ” гэхүйд, Жагаа ах он сар нь юу гэж байх юм гэв. Хоёр мянга арван оны арванхоёрдугаар сарын дөрвөн гэж байна хэмээвэл, аан Уугий тэр өдөр гавьяатын цайллагаа хийж л дээ гэлээ.

Мань хүн ийн өгүүлэхдээ том өрөөтэйгээ залгаа орших гал тогооныхоо эзэмшил газар ижилхэн хоёр аяга зэрэгцүүлж тавьчихаад баахуу найруулан зогсч байгаа. Хойноос харахуйд хорин хэдтэй залуу шиг л. “Арын хангайн шинэс шиг ямар сайхан эр вэ” гэх шүлгийн мөрийг санагдуулам, ялгуухан харагдана. Гал тогооны наахан талд байх өндөр шилэн хорго өөрийн эрхгүй харц булаах ажээ. Түүн дотор дөрөв, таван ч Муза заларч байна аа. Гавьяатаас бас л асуулаа. “Энэ олон Музагаа хүүгийндээ орхисон хэрэг үү. Эс бөгөөд нарийн нандин зүйлээ урд гэрээдээ авч яваагүй байгаа юм уу” гэхэд, за даа нарийн нандин нь ч юу байхав дээ. Уугий бид хоёрын дөрвөн Муза байдаг юм. Дээр нь хоёр ч Гоо марал бий гэсхийгээд үгээ залгив. Өдөр бүр драмын театрын тайзнаа тоглож, жил бүр л бараг шилдэг дүрийн шагнал авч, цом, баярын бичигт цаг үргэлж дарагдаж байдаг ир бяр нь хэдийнэ гүйцсэн уран бүтээлчдэд Муза зэрэг нь тийм ч үнэтэй санагдахгүй байгаа бололтой. Эндээс Хасар Жагаа гэдэг жүжигчин ямархан жинтэй уран бүтээлч болох нь анзаарагдаж байгаа юм. Бид хоёрын юунаас ч болоод тэр билээ, нэг мэдэх нь Хан-Уул дүүргийн соёлын ордны тухай хөвөрлөө. Мань хүн уг соёлын ордны дарга байсныг мэдэх учир тэр тухай сонирхсон хэрэг л дээ.

Зөөлөн цагаан буйдан налж суугаад, багагүй хугацаа зарцуулан байж найруулсан өнөө баахуунаасаа үе үе хүчтэй соронгоо соёлын ордонтой холбогдсон түүхээ ийн өгүүлсэн юм. “Хоёр мянгаас хоёр мянга дөрвөн онд ах нь Хан-Уулын соёлын ордныг удирдаж байлаа. Үйл ажиллагаа нь сайн ч явж байсан. Хан-Уул дүүрэгт ямар л баяр ёслол, хүндэтгэл болно манай соёлын ордонд өрнөнө шүү дээ. Дуу хуур цангинасан, инээд хөгжөөн тасраагүй сайхан өргөө байсан даа. Өвөл цагийн нээлтээ дуурь, драмын театрынхан шиг л сүртэй хийдэг байв. Ямар л шагнал урамшуулал байна, тэр бүгдийг манайхан хүч дийлж явдаг байсан. Гэтэл менежментийн хувьчлал гэх нэрээр ахаас нь булаагаад авчихсан ш дээ. Уул нь менежментийн хувьчлалаар би ялсан юм. Маш том төсөл боловсруулж ороод л ялчихсан. Тэгтэл гол хүмүүс нь бидэнд биш өөр хүмүүст өгчихсөн. Үндсэндээ хууль бусаар өгчихсөн. Түүнээс хойш аливаа зүйл хууль ёсны дагуу явагддаггүй юм байна гэдгийг ойлгосон доо” гэв. “Таны өөрийн муугийнх л байна даа. Танилтай бол танилтай, нэртэй бол нэртэй ийм хүн байж хөл дээр нь босгох гэж хөлс хүчээ зориулсан соёлын газраа хувьчлаад авчихаж чадахгүй, өөрийн тань л хохь ш дээ” гэж хорыг нь малтах маягтай асуухад, юу юм аа, миний дүү. Мөнгөтэй хүмүүс чинь цаагуураа хуйвалдчихдаг, тэдэнтэй хэнбугай ч маргалдаад дийлэхгүй юм байна лээ хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн.

Бид хоёрыг ийн ярилцах зуур гавьяатын том хүү гэрийн эзэн, эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэж алим жимс болоод ундаа жүүс, ерөөс амттан шимттэн бүхнийг ширээн дээр өрлөө. “Та чинь Дундговийн Дэрэн сумынх. Дэрэнгээс миний мэдэхийн олон сайхан хүмүүс төрсөн дөө. Хорьдугаар зууны манлай уртын дууч, дэлхийн дуучин гэгддэг Намжилын Норовбанзад гуай, “Болор цом” наадмын хоёр удаагийн тэргүүн шагналт, Монгол Улсын соёлын зүтгэлтэн, яруу найрагч Цэндийн Чимэддорж гээд урлаг, соёлын алдартнууд байна даа гэхэд, өө тэгэлгүй яахав, лут лут хүмүүс гарсан. Норовбанзад гуай бид хоёр нэг дор ажиллаж байлаа. Үндсэндээ драмын театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулга хоёр чинь нэг байранд шүү дээ. Норовоо эгч хаа нэг таарахаар “Жагаа бид хоёр Дэрэнгийн хонхрын хоёр шүү дээ. Бүр сайн яривал хамаатан улс шүү” гээд цангинасан хоолойгоор тас тас инээдэг сэн. Яалт ч үгүй дэлхийн дуучин байсан даа гээд, ээ базарваань гээд хоёр алгаа хавсран духандаа хүргэж байлаа. Ус нутгийнхаа дуучинд үнэнхүү хүндэтгэлтэй явдаг нь энэхэн агшнаас нэвт шувт мэдрэгдсэн юм. “Дэрэнгийн хар азарга” Чимээ ахтайгаа мөн л амь нэг явдаг ажээ. Чимээ ах надад “Хасар” гэсэн шүлэг зориулсан юм, за байз гар ноорог нь энд байгаа даа гэж босч харайн том өрөөнийхөө хоймрын хүрэн шүүгээг уудаллаа. Үнэхээр ч Чимэддорж найрагчийн гар бичмэл дурайтал гараад ирлээ. “Ус нутгийн минь авьяаслаг дүү, Монголын нэгэн сор болсон жүжигчин Б.Жаргалсайхандаа зориулав” гэж бичээд “Хасар” шүлгийнхээ гар нооргийг өгчээ. Мөн их хүндэтгэл шүү. Уг шүлгээ хэдэн оны ч билээ дээ, “Болор цом”-д уншиж байсан нь санаанд орлоо. Чимээ ах “Хасар” шүлгээ надад зориулж бичээд бүр гэрт минь авчирч өгсөн юм. Урнаа хоол хийгээд л, би ганц “юм” задлаад л тийм нэг утга төгөлдөр байж билээ хэмээн сонирхуулав. Дэрэнгийн хоёр ч тэр орой дэлхийд багтахгүй л баярлаа болов уу гэсэн бодол төрөх ахуйд эрхэм гавьяатын утас дуугарч байна аа. Гэргий нь ярьж байгаа байгаа ажээ. Манай хүн “Аятайхан шиг номер л авчихмаар байна” гээд байх юм. Бодоход, машин юм уу, утасны номер л шинээр авах гэж байгаа юм даг уу даа. “Та гурав одоо хаачих гэж байна” гэж асуув. Та гурав гэдэг маань юу билээ гэхэд Уугий, манай бага охин, бага охины ангийн хүүхэд гурав яваа юм гэв.

Том өрөөний хойморт ханхайх хүрэн шүүгээн доторхийг сонирхлоо. Баахан л ном байна. Манай нэртэй зохиолч, найрагчдын болоод урлаг, соёлын зүтгэлтнүүдийн шилдэг гэсэн бүх л бүтээл байх шиг. Ном сонирхох зуураа “Та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан, манайхан бичгийн удамтай хүмүүс гэж. Тэр тухайгаа сонирхуулахгүй” гэж гавьяатаас асуулаа. Тийм ээ, миний өвөө бичгийн өндөр соёлтой, ус нутгийн олондоо ихэд хүндлэгдсэн хэргэм цолтой хүн байсан. Гомбожав хүнд гэхээр Дэрэнгийн маань буурлууд андахгүй ээ. Тиймээс манай удмаас бичгийн мэргэд олон төрсөн дөө. Тухайлбал, аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Монгол Улсын ардын багш Далхсүрэнгийн Төмөр байна. энэ хүнээр эрдэм ном заалгаагүй дундговийн сэхээтнүүд ховор. Төрийн албаны зөвлөлийн дарга Зүмбэрэллхамаас өгсүүлээд олон хүн Төмөр ахын шавь даа гэлээ.

-Та түрүүнд “Жүжгийн сургуулилт гээд олон ажлаа орхиод намайг хүлээж байна” гэж сүрхий хэлнэ лээ. Ингэхэд ямар жүжгийн сургуулилт билээ.

-Яагаав, “Тэнгэрийн хүү”. Ах нь Түмэн Шаньюгийн дүрд тоглож байгаа юм.

-Аан, нээрээ “Тэнгэрийн хүү” дахиад тавигдаж байгаа шүү дээ. Урнаа гавьяат Монгол хатанд тоглож байгаа юу. Театрын наян жилийн ойд зориулсан уг жүжгийн нээлтэд Сувд гуай Монгол хатанд тоглосон доо.

-Тийм ээ, Урнаа эгч нь Монгол хатанд тоглож байгаа. Нээлтэд нь Сувд гуай тоглосон нь үнэн, үнэн. Одоо бол Урнаа тоглож байгаа.

-Театрын ой гэснээс танайхаас хэд хэдэн хүн шагнал авахаар болоод байгаа дуулдсан. Улс тунхагласны баяраар олон хүн одон медаль хүртэх байх даа (Улс тунхагласны баярын урьд өдөр гавьяатынд өнжсөн учир энэхүү яриа М.Цолмонбаатар гуайг нулимстай нүдээр төрдөө үнсүүлэхийн өмнөхөн өрнөсөн буюу).

-Тэгнэ биз ээ. Манайхаас Цолмонбаатар ах гавьяатад дуулдаад байгаа. Бараг авчих байх.

-Ерөнхий найруулагч Ч.Найдандорж ямар ч гавьяа цолгүй. Зүгээр л нэг соёлын тэргүүний ажилтан юм билээ. Энэ нь танд эвгүй санагддаг уу.

-Юу нь эвгүй байхав дээ. Найдандорж төрийн шагналд яригдаж байгаа гэсэн байх шүү. Би бол шагнал энэ тэрийг огт чухалчилдаггүй. Гол нь сайн уран бүтээл л туурвих ёстой гэсэн шугам барьдаг. Тийм л итгэл үнэмшлээр уран бүтээлдээ ханддаг. Шагнал бол хүнд хэзээ ч ирж болно. Харин уран бүтээлийг шагнал урамшуулал бодохгүйгээр ид онгодтой үедээ хийх учиртай даа.

-Та тэгээд Найдандорж найруулагчаа шагнуулах нь зөв гэх гээд байна уу, эсвэл буруу гэх гээд байна уу.

-Тэр хүний шагнал магнал надад хамаагүй ш дээ. Манай Найдандорж бол хэлэх үгтэй хийсэн уран бүтээлтэй л хүн. Театрын найруулагч болохоосоо өмнө “Ромео Жульетта хоёр”-ийг драмын тайзан дээр тавьж л байлаа. Урнаа Жульеттад тоглож л байлаа.

-Лолийн Жамсранжав гуай, И.Одончимэг гавьяат нар бас уг жүжигт…

-Тоглож байсаан. Би ч бас тоглож байсан. Мөн Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус” гээд жүжгүүдийг Найдан драмын тайзан дээр тоглуулж л байсан хүн шүү дээ.

Ийм нэг яриа бид хоёрын дунд хэсэгхээн хугацаанд өрнөөд авав.

jargalУг яриа хөөрөөг сонссон мэт Урнаа гавьяат дахиад утасдлаа. Мэдээж нөхөр рүүгээ шүү дээ. Юу гэж утасдав гэхээр “Цолмонбаатар ах гавьяат болж байгаа гэнэ ээ” гэсэн баяртай мэдээ дуулгаад нөхөртөө “Цэцэг” төвөөс цэцэг авахыг, “Мөнгөн завьяа”-гаас жижиг гарын мөнгөн аяга авахыг санууллаа. Тэр тухай утсаар маш тодорхой ярьсны эцэст мань хүн “Миний дүү, хоёулаа ингэсгээд гарахгүй бол болохгүй нь ээ. Цаана чинь Цолмонбаатар ах маань гавьяат болж байгаа юм байна. Уугий баахан үүрэг оногдуулчихлаа. Уламжлал ёсоор манайхан театр дээрээ хүлээж авна. Ах минь алтан тайзнаасаа нэг адис авах байх. Би ч, Уугий ч ялгаагүй гавьяат авчихаад тэгж л байлаа. Эртхэн очиж аягыг нь авч, үг бичүүлэхгүй бол оройтох нь” гээд дэвдэгнээд унав. Тэгснээ бугуйн цагаа харж арай ч болоогүй байна аа. Ордноос гарч ирэх гэж удна, гарч ирсний дараа гэр бүлийнхэн нь, найз нөхөд нь баяр хүргээд бас л удна хэмээгээд санаа нь түр ч болов амрав.

Дунд өрөөнд Батсайхан компьютер ширтчихсэн сууна. Ямар нэгэн зүйл нухацтай гэгч нь хийж байгаа бололтой. “Манай хүү ч үг яриа муутай. Барагтай л бол дуугарахгүй шүү дээ” гэж аавынх нь хэлсэн үнэн ажээ. Гэхдээ тэрээр бүр таг дуугүй байсангүй. Найз нөхөдтэйгээ нийлж компани байгуулснаа,  студи ажиллуулдгаа танилцууллаа. Баагийтай ийн ярих ахуйд Жагаа гавьяат ямар нэгэн үнэт зүйл олов уу яав, том өрөөнд орж ирээч гэж дуудав шүү. Яваад ортол баахан бичиг цаас, сонины хайчилбар, баярын бичиг зэргийг ширээн дээгүүр тараачихсан сууж байна. “Хүмүүс намайг бөх барилдаж байсан тухай дуулсан байх. Гэхдээ энэ Жагаа ер нь худлаа залаад байна уу, үнэхээр барилддаг байсан юм болов уу гэж зарим нэг нь гайхаж байж ч магад. Тэгвэл одоо бөхөөр хэрхэн хичээллэж, хэрхэн амжилт үзүүлж байснаа баримттайгаар нотолъё гээд өнөө хавтастай бичиг цаасыг үзүүлэв ээ. Далаад оны дунд, наяад оны эхэн үеийнх нь намтар түүх тэнд дурайтал байж байна шүү. Тэрээр шаггүй нямбай эр болох нь шууд л мэдрэгдээд ирж байгаа юм. Ухаандаа, хөдөөгийн сургуулийн хоёрдугаар ангийн сурагч байхдаа “Алтан намар” спартакиадын уралдаанд жаран метрийн зайд түрүүлж байсан, далан таван онд гуравдугаар ангийн сурагч байхдаа сургуулийн аварга шалгаруулах даамын тэмцээнд мөн нэгдүгээр байр эзэлсэн “Сайшаалын үнэмлэх”-үүд байна аа.

Наян хоёр оны улсын баяр наадамд хоёр давсан батламж (тэрээр гурвын даваанд улсын заан Д.Цэнд-Аюушид унасан гэдэг), наян нэгэн онд зохиогдсон Монголын пионерийн байгууллагын нэрэмжит тэмцээнд нэмэх далан найман килограммд оролцох эрх бүхий мандат, за тэгээд чөлөөт, самба бөхийн өсвөрийн аваргад түрүүлэхэд нь олгосон баярын бичгүүд, бөхийн чөлөөт барилдааны спортоор хоёрдугаар байр хүртсэн үнэмлэх зэргийг үзүүллээ. Энэхүү ховор баримтуудыг урьд өмнө  хүнд үзүүлэх нь бүү хэл өөрөө ч ховорхон үзсэн юм байна, үгүй ээ мөн сонин юм аа гэж дуу алдаад л. Үнэндээ ч ховор сонин баримтууд ажээ.

Жагаа гавьяатыг жаран дөрвөн оны луу жилтнүүдийн нэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Очирын Цэрэндагва багшийн шавь гэдгийг хүмүүс мэдэх учир тэр тухай өгүүлсэнгүй.

Харин тэрээр бөхийн спортоор хичээллэж байсан үүх түүхээсээ хуваалцаж суухдаа нэгэн зүйлийг сонин болгож өгүүлсэн юм. Тэр нь аравдугаар ангийн хүүхэд байхдаа “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болсон улс, аймгийн цолтнуудын барилдаанд амандаа гарахдаа П.Дагвасүрэн арсланг санаандгүй хаячихсан тухай яриа л даа. Мань хүн уг барилдаанд хоёр ч улсын цолтой бөхийг өвдөглүүлжээ. Эхний даваанд Өвөрхангайн Т.Дэмбэрэлсамбуу начинг хаячихжээ. Дэмбэрэлсамбуу бол “Их Монгол” Шаравжамц аваргын удмын бөх бөгөөд ид барилдах насандаа цаг бусаар хорвоог орхисон нэгэн билээ.

Жагаа хүү улсын начинг хаясандаа баярлаад байж байтал хоёрын даваанд төрийн наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит арслан П.Дагвасүрэнтэй таарчээ. Арслангийн баруун хөл нь цөмрөөд ирэхээр хутгачихсан байгаа юм. Тэгтэл арагшаагаа суучихаж. Тэрээр Дагваа арсланг хаячихаад их айсан гэдэг шүү.

Энэ байранд танай гурав гурвуулаа мэндэлж, та гурвантаа баярлаа байлгүй гэхэд, том хүү маань гэрт төрсөн, хоёр охин бол энд төрсөн. Манайх чинь ерэн онд энэ байранд орсон. Түүнээс өмнө Гандангийн дэнжид гэртээ байлаа. Ингэхэд Улаанбаатар хотод аавынх маань хэрхэн ирснийг дурсъя л даа. Зуун айлын “Жоби төв” гэж байна аа даа, тэр төвийн урд нэг шатахуун түгээх станц байдаг даа, яг түүний буурин дээр манайх байв. Дундговиос ирээд буурь хатгаж байлаа гэв. Гавьяатынх нэг ач, нэг зээтэй ажээ. Том охин Нарангэрэл нь их сургуулийн олон улсын харилцааны ангийг ирэх жил төгсөх юм байна. Энэ гэрт үнэтэй дурсгал, ховор баримт сэлт багагүй  байна. Үйлдвэрийн байранд тань үнэтэй зүйл юу байна хэмээн сониучирхахад, Гомбожав өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн крилл, монгол үсэгтэй “Алтангэрэл” судар байдаг. Манайхан чинь тэгтлээ их сүсэг бишрэлтэй хүмүүс биш. Харин “Алтангэрэл” судраа бол сүслэн тахина шүү гэсэн.

Гал тогооныхоо өрөөний ханыг налаад бариун жинсэн өмднийхөө халаасанд хараа шургуулчихсан, тийм нэг эрхэмсэг зогсоход нь миний бие дөхөж очоод гавьяатаас нэг, хоёр зүйлийг асуулаа. Эхнийх нь та архийг хэр уудаг вэ гэсэн асуулт. Манай хүн зөөлөн инээмсэглэснээ “Ах нь Орост сургууль төгссөн хүн шүү дээ” гэж маш товч хариулт өгсөн. Сүүлд хэзээ хундага тулгав даа гэхэд, драмын театрын наян жилийн ойн хүндэтгэлийн ёслол дээр ахмадуудтайгаа, үе үеийн сайхан уран бүтээлчидтэй хундага тулгаж багахаан хэмжээний хүртсэндээ гэж чин үнэнээсээ хэлэв. Жаран дөрвөн оны луу жилтнүүдийн нэг гэж бодохоор  мань хүн хоёр, гурван жилийн дараа тавин насны босго алхана. Их хурлын эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гавьяат тамирчин, гарьд П.Сүхбат нартай чацуутнууд. Тийм атал хорин хэдтэй, гучин хэдтэй залуус шиг л харагдаад байгаа. Тэр тухай асуухуйд, үсээ богино болгоод засуулчихсан болохоор л тэр биз ээ гэснээс өөрийг хэлсэнгүй.

jargal“Та чинь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарын дүрд тоглосноо их гоё хэлдэг дээ” хэмээн өдөөхөд, хутганы ир шиг хорин тавхан насандаа тоглосон доо гэж үү гээд шүлэг шиг л хэлж байгаа юм. Хасарынхаа тухай мань хүн хичнээн ч жил ярив даа, тиймийн учир энэ удаад бас л давтахыг хүссэнгүй. Харин сонирхуулах нэг зүйл байна аа. Хасарт тоглосны дурсгал болгон нандигнаж үлдсэн зүйл бий юу гэхэд, өнөө хүрэн шүүгээнийхээ хажуу буланд өлгөөтэй байх гурамсан урт ташуурыг суналзуулаад гаргаад ирэх нь тэр ээ. Тэргэнд хүлүүлж байгаад ороолгуулсан ташуур нь байна даа гэж бодтол, үгүй гэнэ. Гэхдээ тэгж ороолгуулснаа бодож уг сурыг хүнээр гөрүүлж авчээ. Гэрт суран ташуур байх их сайн юм гэнэ лээ. Өөрийгөө учир зүггүй ороолгоод байх нь юу юм, гэвч хаа нэг барьж аваад дал мөрөө зөөлөн ороолгоход муу муухай энерги алга болох шиг санагддаг аа. Хасарын дүрийг бүтээсний баталгаа бол энэ ташуур юм даа гэсэн. Тэрээр намайг хүмүүс Хасар л гэдэг байсан. Одоо бол би чинь өвлийн өвгөн болсон шүү дээ. Арванхоёрдугаар сар дөхөөд ирэхээр гар утсаар ярихдаа хүртэл хоолойныхоо өнгийг өөрчилнө.  “Өвлийн өвгөн ах нь сонсож байна аа” гээд л ярина хэмээн хошигнов. Хошигнох ч юу байхав, үнэн л тэр. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвөөгийн ажлыг албан ёсоор залгамжлан авсан хүн нь Бэх-Очирын Жаргалсайхан гавьяат. Сүүлийн найман жил төрийн шинэ жилд тэрээр өвгөн өвгөн болоод байгаа. Эхний гурван жил Гомбосүрэн гуайн дээл, сахал зэргийг хэрэглэж байжээ. Тэгээд дараа нь өөрөө шинээр цав цагаан дээл, малгай, цагаан цэнхэр нөмрөг, үс сахал зэргийг  захиалан хийлгэж ёс төртэйгээр бэлджээ. “Өвлийн өвгөн болох маш гоё. Дандаа л утга төгөлдөр, ерөөлийн сайхан үг хэлж, хүмүүст эрүүл энх, аз жаргалыг хүсдэг. Бэлэг авч байгаа хүний нүд баяр хөөрөөр гэрэлтэж байгаа нь мэдрэгддэг” хэмээн өвлийн өвгөнийхөө хувьд хэлсэн юм. Тэрээр одоо захиалгад дарагдчихаад байгаа бололтой. Арванхоёрдугаар сарын есөнд хэд хэдэн газар шинэ жилийн захиалгатай гэсэн. Намайг хамт байхад хоёр ч газар захиалга өгч байсан.

Энэ мэт олон зүйлийг хуучилж, гавьяаттай өнжлөө. Тэрээр гурван жилийн өмнө театрынхантайгаа нутагтаа очихдоо Дундговийн тайзнаасаа нүдэндээ нулимстай адис авч байснаа, Бэгзийн Балжинням найруулагчаа агуу хүн гэж хүндэтгэдгээ хэлж байлаа. Ингээд гавьяат үдээс хойш дүү гавьяатдаа баяр хүргэхээр, гэргийгийнхээ захисан захиасыг биелүүлэхээр 78:78 гэсэн номертой ланд машиндаа суугаад “Цэцэг” төвийг зорьсон юм.

Н.ГАНТУЛГА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих