Банкны салбарт зориулсан хуулийн төслүүдийн цаана юу байна вэ?
-Тийм ч учраас “банкны эздийн эрх ашгийг хэт илэрхийлсэн, хадгаламж эзэмшигчдийг гучдугаарт тавьсан” гэж үзэн “зорилго нь юу вэ” гэх асуултыг тавьсан хэрэг
Банкны тухай хууль болон түүнийг дагалдан гарах эрх зүйн баримтын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах замаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянадаг байдлыг өөрчлөх тухай төсөл дэмжигдсэнгүй.
Санаачлагчдын хувьд Төвбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх дээрх зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үзсэн юм байна. Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн хувьд үүнийг шүүмжиллээ.
Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монголбанк хэнд захирагдах вэ. Монголбанкнаас гаргасан акт одоогийн үйлчилж байгаа хуулиар Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдана. Гэтэл харьяаллыг хасах өөрчлөлт оруулжээ. Шүүх ч ажлыг нь хянахгүй юм байна” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Банкны ерөнхийлөгч хууль номоороо хэм хэмжээ тогтоосон акт гаргаж байгаа бол бидэнд яриад байх зүйлгүй. Алдаагүй юм гарга. Бид тэр даруй нь бүртгээд явуулж байя. Олон улсын валютын сангийнхан үүнийг эсэргүүцээд байхгүй гэж бодож байна. Т ийм учраас энэ хуулийг буцаасан нь дээр” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголбанк өнөөдрийг хүртэл хуультай хуульгүй дураараа дургисан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад арилжааны банканд мөнгө гаргаж өгч хууль зөрчсөн байдаг. Нэг хүнийг дөрвөн банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч болгосон. Өгсөн зөвшөөрлөө дараа нь хүчингүй болгож чаддаггүй. Одоо хуулийн зохицуулалтад орох хэрэгтэй” гэв.
Төвбанкны хараат бус байдлыг бэхжүүлэхэд тодорхой үүрэгтэй гэж үзсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын дээрх ийнхүү дэмжээгүй ч төслийг Эдийн засгийн байнгын хороогоор мөн хэлэлцэх юм.
Үүний зэрэгцээ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 1-нд дэмжсэн талаар бид мэдээлсэн. Уг хуульд УИХ-ын ажлын хэсгээс арилжааны банкны зээлийн хүүд хязгаар тогтоох тухай заалтыг нэмсэн нь нэлээн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Зээлийн хүүг захиргааны аргаар барих нь үнэ тогтоох хэлбэр гэж үзэж, чөлөөт зах зээлийн харилцаа аливаа бараа, үйлчилгээний үнийг төрөөс тогтоох ёсгүй гэх шүүмжлэл парламентын гадна талд өрнөж байна.
Арилжааны банкны хүүд Монгол Улсын зээлжих зэрэглэл, төгрөгт итгэх итгэл зэрэг банкуудаас үл хамаарах хүчин зүйлс нөлөөлдөг ба банкны үйл ажиллагааны зардал болон эрсдэл, ашгийн марж зэрэг нэмэгдэх байдлаар өнөөгийн хүүний ханш тогтож байдаг. Эдийн засагчид болон банкирууд зээлийн хүүд хязгаар тогтоох заалтад ийнхүү анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлж байгаа бол бусад заалт, агуулгын талаар төдийлөн хэлэлцүүлэг өрнөөгүй байна.
Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өөрийн блогт Банкны тухай хуулийн төсөл болон дагалдан гарах хуулиудын төслийн талаар санал бодлоо илэрхийлсэн байх аж. Дээрх хуулиудын төслийг тэрбээр бүхэлд нь авч үзээд “Зорилго нь юу вэ” гэх асуултыг дэвшүүлснийг анзаарч болно. Учир нь “Банк санхүүгийн салбарт шийдэх асуудал бишгүй байгаа ч баялгийн дахин хуваарилалтын замаар шийдэх гэсэн оролдлого” цаана явж байж болзошгүйг сануулсан байна.
Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын зарим гишүүн “Одоогийн хуулиар Банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр 7 төрлийн үйл ажиллагаа эрхэлдгийг болиулах”, “Банк, санхүүгийн нэгдэл дор банкнаас өөр охин, хараат компани байгуулж ажиллахыг болиулах” “Банк охин компани байгуулахыг хориглох:’ гэх мэт хэт туйлширсан, сөрөг үр дагаврыг нь бодолцоогүй саналууд хэлж, тэр нь хуулийн төсөлд тусгагдаж байгаа гэжээ.
Монголд өнөөдрийн байдлаар “банкны нэгдэл” гэсэн бүтцээр үйл ажиллагаа эрхэлж байгаа таван нэгдэл байдаг бөгөөд эдгээрийн нийт актив 23 орчим их наяд төгрөгт хүрсэн байна. Эдгээр нь өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, банкнаас гадна даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ гэх мэт хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг эрхэлж ирсэн юм байна.
Түүнчлэн ямар нэр компани тодорхой аль нэг “Б” банкны 20 хувийг эзэмшдэг байгаад өөр нэг “А” гэх банканд өртэй бол А банк “бяцхан” үйлдэл хийж мөнөөх “Б” банкны толгой компани болж хувирах бололцоо харагдаж байна гэж Р.Амаржаргал дурджээ. Магадгүй үүний цаана хэд хэдэн банкийг ийм маягаар булаан авах санаархал явж байхыг ч үгүйсгэхгүй гэсэн санааг ч тодотгожээ.
Арилжааны банкны ТУЗ-ийн гишүүн банкны Гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглох, ТУЗ-ийн гишүүнийг сонгох, томилох, чөлөөлөхийг Монголбанканд урьдчилан мэдэгдэх, “ТУЗ-ийн гишүүн нь банк, санхүүгийн мэргэжилтэй банкны салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх” зэрэг шаардлагыг хуульчлах санал ч тусгагдсан байгаа аж. Хамгийн гол зүйл болох эдийн засаг, санхүүгийн бодлогын зохицуулалт, арга хэрэгслийг нэлээн хумихаар агуулгууд багтсан гэж Р.Амаржаргал дүгнэсэн байна. Тийм ч учраас “банкны эздийн эрх ашгийг хэт илэрхийлсэн, хадгаламж эзэмшигчдийг гучдугаарт тавьсан” гэж үзэн “зорилго нь юу вэ” гэх асуултыг тавьсан хэрэг.
Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хороон хурлын үеэр Ж.Батзандан гишүүний илэрхийлсэн байр сууриас анзаарвал УИХ-ын гишүүд өмнөх туршлагад хэт баригдсан, тодорхой хэсэг бүлэг хүний эрх мэдлийг хазаарлах гэсэн явцуу зорилгод хөтлөгдөн хуулийн төсөлд санал тусгасан байж магадгүйг ч үгүйсгэх аргагүй бололтой.
А.Алиман
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: