Пуужин харвах хугацааг нь хойшлуулсан офицероо цаазалжээ
Пунгери цөмийн туршилтын талбайд хонгил барих ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар тус хонгилыг барих ажлыг хариуцаж байсан цэргийн офицерыг Умард Солонгос цаазалсан гэсэн мэдээлэл байна.
Японы “Асахи Шимбун” сонины мэдээнээс “Спутник” агентлаг иш татан мэдээлснээр, энэ оны есдүгээр сарын 15-нд харвасан “Хвасон-12” баллистик пуужинг өнгөрсөн хавар харван туршихаар төлөвлөөд байсан ч хонгил барих ажил удааширсантай холбоотойгоор төлөвлөгөөгөө хойшлуулсан аж. Энэ хонгилыг барих ажлыг удаашруулж, улмаар туршилт хийх төлөвлөгөөг хойшлуулахаас өөр аргагүйд хүргэсэн гэх шалтгаанаар хонгил барих ажлыг хариуцаж байсан офицерыг хөнөөсөн бололтой.
“Зүй бус үйлдэл хийсэн” /авлига авсан …/ гэх шалтгаанаар Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны ерөнхий захирал Хван Пён Со-г цаазаар авсан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.
Өмнөд Солонгосын тагнуулуудын мэдээлснээр, Умард Солонгост хүмүүсийг маш хэрцгийгээр цаазаар авдаг аж. Тухайлбал, хүмүүсийг урдаг нохдод тавьж өгөх, зенитийн их буугаар буудах зэргээр цаазаар авдаг гэнэ.
Эх сурвалж: Montsame.mn
URL: