Орхигдсон хүүхдүүд ба Монголын бүрхэг ирээдүйд тулгарах бодит аюул

16087

-Н охин Монголын гэр бүлийн өнөөгийн байдлыг илэрхийлснээс гадна хар тамхи гээч нийгмийн хорт хавдар болсон аймшиг хэн бүхний дэргэд ирснийг өөрийн амь нас, нэр хүнд, сэтгэлзүйгээрээ дэнчин тавин байж дэлгэсэн нь энэ-

Монголын нэгэн нөлөө бүхий улстөрч, бизнесмений 18 настай охин Монголын нийгэмд хар тамхи, архидалт, гэмт хэрэг хэрхэн газар авч, үүнд өсвөр насныхан, хүүхдүүд хэрхэн татагдан орж буй талаар өөрт тохиолдсон явдлаар жишээлэн шууд бичлэг хийж цацлаа. Яг одоо энэ бичлэг олныг хамарсан маргааны хамгийн том сэдэв болов.

Түүний ярьсныг сийрүүлбэл, “Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн, юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал мөс хэрэглэдэг. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна.

Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна. Монголд яагаад бүх хэргийг мөнгөөр шийдэж болдог юм бэ.

Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, өсвөр үеийнхний аймшигт хэргүүдийг бид бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Олигарх, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчхаад зугтаж болдог юм уу.Энэхүү шүүх хуралд нийтдээ 100 гаруй хүн ирнэ гэж тоо гарсан байна. Энэ шүүх хурал миний талд гарч, орцонд болон машинд, юм хэрэглэж байгаад хүчиндүүлсэн бүх хөөрхий охидын өмнөөс дуу хоолой болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлеө, өсвөр насныхны эрх хаана зөрчигдөж байна тэрний төлөө энэ шүүх хурлыг эхлүүлж байна” гэж ярьсан.

Эндээс харахад энэ асуудал зүгээр нэг сенсааци, дуулиан шуугиан биш бодитой, ул суурьтай хандаж, нийгэм даяар анхаарлаа хандуулах ёстой, авч хэлэлцэх сэдэв гэдэг нь тодорхой ажээ. Олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн хандлагыг ажиглахад, ихэнхдээ мөнгөтэй айлын хүмүүжилгүй хүүхдүүд гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Н гэгч охин хэрийн хүнээс гарамгүй зориг зүрх, нийгэмд дохио өгч, байдал хэр хэмжээнд хүрснийг тайлбарлах гэж чадлаараа оролдсон сэтгэлийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудаас энэ хэргийн талаар олон нийтэд мэдэгдсэнгүй. Бид энэ талаар зохих албадаас асууж тодруулсан ч “Мэдээлэл өгөх боломжгүй”, эсвэл “Ийм хэрэг бүртгэгдээгүй” гэх хариулт л өгсөн юм. Харин Н охины аав УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуяг твиттер хуудастаа “Манай гар бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Та бүхнийг хүлээцтэй хандахыг хүсэж байна” гаж бичсэнээр ямар ч гэсэн ийм хэрэг болсон гэдгийг олон нийт мэдэж авсан.

Уг нь энэ хэрэг улстөр, тагнуулын ажиллагаатай холбоогүй тул нууцлах шаардлага байхгүй ч хууль сахиулах, шүүн хянах байгууллагаас ганц ч үг ганхийхгүй байхыг харвал Н охины хэлээд буй нөлөө бүхий гар бүлүүд үүнд хутгалдсан байж мэднэ гэх хардлага төрөхөөр. Гэвч энэ бол маш ноцтой хэрэг, нийгмийн хар талыг илчлэн гаргаж, томоохон бүлэглэлүүдийг ч үүгээр дамжуулж илрүүлэх боломжтой, нөгөөтээгүүр хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхэд зориг гарган бүхнийг дэлгэн гаргасан тул олон нийт ч асуудалд бодитоор хандах учиртай.

Яагаад гэвэл үнэхээр ийм хэрэг гарсан бол хүний эрх, эрх чөлөө, нэр хүндийг гутаан доромжилсон, бие махбодод гэмтэл учруулсан, зүй бусаар бэлгийн дур хүслээ хангасан, насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурсан, хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, худалдаалсан, хэргийг нуун дарсан, бүлэглэн үйлдсэн гээд тун ч олон зүйл заалтаар яллах хуулийн үндэслэл бүрдэж байна. Ялангуяа улстөр, бизнесийн нөлөө бүхий гэр бүлүүд, хувь хүмүүсийн нэр дурдагдаж буй тул Монголын хуулийн үнэн зөв, шударга цэгцтэйг ч үүнээс олж мэдэж болно.

Нөгөө талаар дээр дурдсанчлан Н охин яахын аргагүй нийгэмд часхийсэн шүгэл үлээгч болж буй нь үнэн.

Аливаа улс үндэстний хөгжлийн түвшинг тодорхойлоход эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нь дэлхийн хэмжээнд харьцуулалт хийж үнэлдэг бол гучаас тавин жилийн дараах тэрхүү улсын нүүр царайг нь хүүхдүүд өсвөр үеийнхнийх нь хүмүүжлийн байдлаар нь тодорхойлдог. Харин Монголын сэтгэлгээгээр маргааш гэдэг өдрийг мартсан байдалтай байгаа нь харамсалтай.

Үнэхээр ч санхүү эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэл, хог хаягдал, агаарын бохирдол гэх мэт толгой өвтгөсөн эхний ээлжинд шийдвэрлэхүйц асуудлууд ар араасаа, шил шилээ даран дугаарлаж байхад энэ хүүхдийн хүмүүжил гэдэг хоёрдогч эгнээний асуудлыг хэлэлцэх арай ч болоогүй байгаа ч юм шиг санагдаж байж болно.

Гэхдээ бид энэхүү сэдвийг хөндөхгүй байхын аргагүй байдалд аль хэдийнээ орчихжээ. Энэ байдлыг багахан түвшинд бүгд л илэрхийлдэг ч дээрх Н охин шиг зоригтой гаргаж ирж, ноцтой баримтаар дэлгэсэн тохиолдол үгүй.

Түүний хувьд Монголын гэр бүлийн өнөөгийн байдлыг илэрхийлснээс гадна хар тамхи гээч нийгмийн хорт хавдар болсон аймшиг хэн бүхний дэргэд ирснийг өөрийн амь нас, нэр хүнд, сэтгэлзүйгээрээ дэнчин тавин байж дэлгэсэн нь энэ. Ялангуяа хар тамхийг монголчууд биднээс хол, алсуур байдаг аюул гэж үздэг.

Гэтэл манай улс хар тамхи тээвэрлэгч, наймаалагчдын дамжин өнгөрөх боломжит цэг, худалдаалах томоохон зах зээл болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулсан. Харамсалтай нь, бид өөрсдийн амьдралд л тулгараагүй асуудлыг нүдээ аниад өнгөрөөдөг зуршлаараа аль нэг мөнгөтэй айлын хүүхэд хар тамхины хэрэгт орооцолдсоныг сонсож, шүүмжилсхийгээд л өнгөрдөг болсон. Ер нь энэ мэдээллийг сонссоны дараа үр хүүхдээсээ энэ талаар асууж, тэдэнд юу тохиолдоод байгааг мэдэж ойлгох гэж хичээдэг хүн хэр олон бол.

Өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны … байрны 12 давхраас 21 настай X гэх залуу унаж, амиа алдсан. Талийгаачийн үхлийн шалтгаан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой байсан. Гэтэл уг хэрэгтэй холбогдсон хүмүүс дунд нөлөө бүхий нэгэн улстөрчийн хүү байсан бөгөөд тухайн үед олон нийт хар тамхи хэрхэн газар авсныг анзаарахаас илүүтэй тухайн эрхмийн хүү үүнд хутгалдсаныг л онцолж байсан юм.

Харамсалтайгаар амиа алдсан залуу нэгэн алдартай жүжигчний хүү байсан нь ч илчлэгдсэн.Тэрхүү жүжигчин сүүлд ТВ-ийн нэвтрүүлэгт орохдоо “Би хүүгээ 20 настай, том хүн гэж андуу бодож яваад алдсан. Хэтэрхий эрт гараас нь тавьж, анхаарлаасаа гаргажээ” гэж ярьсныг бүгд санаж байгаа биз ээ.

Тэгэхээр асуудлын бурууг хүүхдүүдэд шууд үүрүүлэх ёсгүй. Тэгээд ч цагдаагийн байгууллагаас хар тамхины дилерүүд баян айлын хүүхдүүдийг онилж, тэднийг гол бай болгодог гэдгийг анхааруулсан. Харин бидний зүгээс эцэг, эхчүүдэд дахин анхааруулахад энэ оны эхний гурван сард гарсан энэ төрлийн хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэргийн тоо 57.1 хувь, холбогдогчдын тоо 21 хувиас өссөнийг Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм.

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэд 2015 онд 27 байснаа 2016 онд 47 болж, бараг хоёр дахин өссөн судалгаа бий. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэсэн дүн мэдээ гарчээ.

Мөн хар тамхины эмгэгийг Монголд битгий хэл дэлхийд бүрэн эмчилж чадахгүй, эмчилгээний үр дүн ердөө 3-5 хувь байгаа нь ийм шийдвэрт хүргэж буй аж. Өөрөөр хэлбэл, нэгэнт донтсон хүмүүсийг эмчлэх боломжгүйгээс хойш хэрэглэхээс урьдчилан сэргийлэх нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгдүгээр ажил бөгөөд эцэг эхчүүд ч үр хүүхдээ хаана юу хийж явааг нь сонирхох цаг нь нэгэнт болжээ.

Р.САРУУЛ


URL:

Нэр: ИАЁӨАХТ Огноо: 21 December 2017

ЧӨЛӨӨТ НИЙГЭМ ШҮҮ ДЭЭ АРХИА УУНУУ ТАМХИ ТАТНА УУ МИНИЙ АСУУДАЛ ШҮҮДЭЭ МӨНГӨ ШИИДНЭ

Сэтгэгдэл бичих