Гэр хорооллын замууд дээр цас хайлуулагч бодис огт цацдаггүй

-ИРГЭД ХАЛТИРГААТАЙ ЗАМААС БОЛЖ МАШИНАА АЙЛЫН ХАШААНД ТАВЬЖ БАЙНА-

Саяхан орсон цаснаас үүдэн нийслэлийн авто замын сүлжээнд битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Ингэснээр авто ослын хэмжээ эрс нэмэгдэж, Замын цагдаагийнхан ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Энэ сарын 22-23-нд л гэхэд Замын цагдаагийн газарт 213 ослын дуудлага ирсэн байна. Эдгээр ослууд бүгд замын халтиргаа гулгаанаас болж гарчээ.  Мөн 30 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэв.

Албан мэдээгээр нийслэлийн төв хэсгийг камержуулсан тул иргэд энэ хэсгээр зорчихдоо ихээхэн анхаарал болгоомжтой явдаг болж осол гарах нь мэдэгдэхүйц багассан гэнэ. Харин хотын захын хороолол, гудамжаар сүлжилдэн давхих жолооч нар осол гаргах нь нэмэгдсэн байна. Тиймээс гэр хорооллуудаар явж, замын гулгаа, осол аваар хэр байгааг сонирхлоо.

Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Зурагт, Баянхошууны замаар явж үзэв. Цас ороод хэд хоночихсон болохоор хальтиргаа төдийлөн мэдэгдсэнгүй. Гэхдээ өглөө оройн цагаар энэ зам дээр осол гарах тохиолдол мэр сэр бүртгэгдсэн гэнэ. Учир нь өдөр хайлмагтсан мөс сэрүү буухаар хөлдөж энд тэнд толио үүсгэдэг байна. Тэгээд давхиж явсан жолооч уг мөсөн дээгүүр гарах үедээ жолоодлого алдаж хажуу дахь машинаа мөргөх, замын хажуу руу орох тохиолдол хэд хэд бүртгэгджээ.

Эндээс гэр хороолол, хашаа гудамж руу машинтай иргэд ороход нэн бэрх болсон дүр төрх угтлаа. Тэр дундаа уулын орой дээр шахам буусан айлуудын гадаа машин битгий хэл явган хүн очиход ч нэн бэрх болсон байв. Зурагтын арын уулзварын зүүн хэсгийн гэр хороолол дунд амьдарч байгаа иргэд  уулын бэлд байх айлын хашаанд машинаа тавьж байгаа аж. Тухайн айл нь хоногт 1000 төгрөгөөр машин тавиулдаг юм байна. Энэ замаар машин өгсөхөд 2-3 айлын хашаа өнгөрөөд л шарваж гулсаад хөндөлсөж харж байв. Айлын хашаа руу орчих гэмтэй юм. Энэ аюулыг мэддэг тус гудмынхан хашааныхаа гадуур машины дугуй суулгаж хамгаалжээ. Үүнээс өөр бас нэгэн хамгаалалт нь гудамжинд үнс, нурам асгах. Гэхдээ энэ нь төдийлөн нэмэр болохгүй. Өдөр жаахан нар гарахад доорх цас нь хайлж үнстэйгээ холилдсоноор оройхон хэрд хүний шагай мулталчих гэсэн овон товон мөс болж хувирна. Тэгсэн ч иргэд үнс, нурмаа гудамжиндаа л асгах юм.

Ингээд энэ газрыг орхиж “Саппоро”-гийн тойрог, түүний арын харанхуйн гудамж гэх газарт хүрлээ. Энд 2008 оны сонгуулийн өмнөхөн нэр дэвшигч нар засмал зам тавьсан байна. Гэвч өвлийн өвөлд энэ зам нь цасанд дарагдаж, хөлддөг ажээ. Үүнийг анхаарч арчилдаг ч хүн байхгүй. Иргэд чаддагаараа үнс асгадаг гэнэ. Ер нь явж үзэхэд уруудаж, өгсөж байгаа машин зөрөхөд их эвгүй юм. Явж буй тээврийн хэрэгслүүд шарваж гулсаад бага багаар урагшилж харагдав. Энэ зам дээр сургуульдаа явж байсан хүүхэд машинд дайруулсан тохиолдол ч гарчээ. Мөн Толгойтын Их наран руу явдаг замын өгсүүр хэсэг байна. “Саппоро”-гийн энэ хэсэгтэй яг адил. Үүгээр суудлын тэрэг явахаа болиод удаж байгаа юм байх. Зөвхөн чиглэлийн автобус л тийш хүрч хүн авч буй гэх яриа ч чих дэлсэж байлаа. Замын хоёр талаар битүү хунгарласан цас, замын голд толийтол хөлдсөн мөс л харагдана. Цас, мөсийг арилгах ажил энд огт хийгддэггүй гэнэ. Энэ чигээрээ байсаар урин цагтай золгодог юм уу даа.

Хайлаастад нөхцөл байдал ихээхэн хүнд байна гэсэн хүмүүсийн яриагаар тийш зүглэлээ. Хайлаастын эцсийн буудлаас зүүн хойш, Чингэлтэй уул руу давсан засмал зам байна. Энд мөн л жил жилийн өвөл цас, мөс, хальтиргааны асуудал үүсдэг гэнэ. Бүр өвлийн шинэ дугуйтай, том оврын машин хүртэл гулсаж айлын хашаа руу орж байсан юм байх. Биднийг очих үед тэр хавийн айлын хүүхдүүд төмөр чаргаар гулгаж байв. Үүнээс цаахна Чингэлтэйн шинэ буудал руу явах замд “Автобус 1″ компанийн техникүүд явж чадахгүй байгаатай таарлаа. Гурван автобус эгнээд зогсчээ. Дээшээ гурван буудал газар иргэд алхах юм болж, иргэд жолооч нарын дунд багагүй маргаан болоод өнгөрчээ. Эцэстээ жолооч нар учир байдлаа тайлбарлаж та бүхний аюулгүй байдал энэ тэр гэж ярьснаар зорчигчид дээш алхсан юм байх. Жолооч нар “Шөнө болгон цасаар шуураад дээрээс нь хальтиргаа ихтэй байгаа болохоор явахад  хэцүү байна. Хэд хэдэн автобус замын хажуу руу орчих шахсан. Тэгээд улсын үнэтэй эд хөрөнгийг сүйд хийчих байх гэж айгаад дээшээ өглөө, оройд явахгүй байгаа. Өдөр болохоор явна” хэмээн ярьж байв.

Харин явган явалгүй үлдсэн иргэд өөр байр суурьтай байсан юм. Энэ жолооч нар өглөөнийхөө цайг уух гэж ингэж баашилж байгаа юм. Түүнээс биш автобус яваад байдаг юм гэцгээж байв. Долоон  буудлаас хойшоо Шарга морьт, Ар согоот, Гүнт, Жигжид   гээд зуслангийн зам ч хальтиргаа ихтэй байгаа талаар замын пост дээр ажиллаж буй цагдаа нар хэлж байлаа. Түүнчлэн Дамбадаржаа, Дарь-Эх рүү явдаг замд өнгөрсөн долоо хоногт “Автомашин  айлын хашаа мөргөсөн” гэх дуудлага хэд хэдэн удаа ирсэн байна. Үүнээс үүдэн уулын орой хэсгээр амьдардаг иргэд цагдаагийн пост бараадуулан машинаа орхиж гэртээ харьдаг болжээ. Тиймээс замын цагдаа нар иргэдийн машиныг манаж байна хэмээн цагдаа Г.Мөнхбаяр хэлж байсан.

Дүүрэг, хороо болгон халтиргаатай зам дээр цацах  элс, хайрганы нөөцтэй болмоор байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийнхэн энэ жил өмнөх жилүүдийг бодвол замын халтиргаа гулгаанаас сэргийлэн цацах элс давс, бодис нэлээд их хэмжээгээр бэлдээд байгааг онцолж байсан. Одоогоор гэхэд 360 тонн давс, 195 тонн цас хайлуулагч бодис, 45 тонн элс нөөцөнд байгаа юм билээ. Мөн арванхоёрдугаар сард 200 тонн цас хайлуулагч бодис урд хөршөөс ирэх аж. Энэ бүгдийг зөвхөн хотын төвийн замуудаар л цацаад байгаа юм билээ. Түүнээс хотын төвөөс хол байх замуудаар огт цацахгүй байгаа аж. Ядахдаа  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийнхэн очиж элс давс цацдаггүй юмаа гэхээд дүүрэг, хороо болгон гулгаа ихтэй замууд дээр цас орохоор элс, хайрга үнс асгачихдаг болмоор байгаа юм. Тэгснээр иргэд гэртээ харих гэж машинаа гэрээсээ хол тавьчихаад явган алхахгүй болох байх.  Дээрх бидний очсон газруудын ойролцоо амьдарч байгаа иргэд  жил болгон иймэрхүү байдалтай өвлийг давж байгаа юм билээ. Мөн замын цагдаа нар  тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйгаа сольж чадахгүй мөртлөө замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт   дугуйн хийн даралтыг зуныхаасаа бага зэрэг суллаж өгөхийг зөвлөж байсан. Тэгвэл  халтирах нь багасдаг байна. Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтад тээврийн хэрэгслийн дугуйнд тавигдах шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг онцолж байна лээ. Тодруулбал, дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд нэг мм, автобус, троллейбусанд хоёр мм, мотоцикль, мопедод 0.8 мм-ээс бага болсон дугуй тавихыг хориглосон  шаардлагуудыг биелүүлэх хэрэгтэйг анхааруулсан юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих