Ганцхан сарын хугацаанд 6700 Рохингачууд амиа алджээ
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага Мьянмарын шашны цөөнх болсон Рохингачуудын талаар судалгаа гаргажээ. Тэдний гаргасан судалгаанд өнгөрөгч 8-р сарын 25-аас 9-р сарын 25-ны хооронд 6700 Рохингачууд амиа алдсаны дунд таваас доош насны 730 хүүхэд байсан гэж дурджээ.
Энэ тоо бол Мьянмарын цэргийн хүчнийхэн лалын шашинтай Рохингачуудын эсрэг ажиллагаа явуулсан зөвхөн эхний сарын дүн юм. Өөрөөр хэлбэл ганцхан сарын хугацаанд 6700 хүн амиа алдсан байна.
Бангладеш улсад дүрвэж очсон Рохингачуудын байрлаж буй дүрвэгсдийн хуаранд хийсэн судалгаагаар 640 000 хүн Мьянмар улсаас дүрвэсэн байна. Харин амиа алдсан хүмүүсийн 69% нь буудуулж, 9% нь галд шархадсан түлэгдлээсээ болж амиа алдсан байна.
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эрүүл мэнд хариуцсан захирал доктор Сидней Вонгийн мэдээлснээр дээр дурдсан амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Учир нь Мьянмараас гарч чадаагүй Рохингачуудаас ямар ч мэдээлэл аваагүй учраас тэнд чухам хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна.
Мьянмарын арми өнгөрөгч 8-р сарын 25ны өдрөөс эхлэн терроризмын эсрэг гэдэг шалтгаанаар Рохингачуудын амьдардаг Аракан мужид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Мьянмар улсын иргэдийн 90% нь буддын шашинтай. Харин лалын шашинтай Рохингачуудын хувьд Мьянмарын иргэн гэх иргэний үнэмлэх байхгүй, сургууль, цэцэрлэгт хамрагдах, гадагшаа аялах, тэр бүү хэл орон нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй гэр бүл болохыг хориглодог юм. Түүнчлэн тэдэнд ажилд орох, нийгмийн халамж хүртэх эрхгүй олон арван жилийг үдэж байна.
С.Сэнгүм
URL: