Б.Хурцыг томилсон хийгээд Эгшиглэнт Янжинлхамаа мялаасан долоо хоног
Энэ 7 хоногт УИХ-ын чуулган хаалттай хуралдаж БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух элчин сайдаар Б.Хурцыг томилж, Засгийн газраас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэрийг гаргасан нь олны анхаарлыг татлаа.
“Болор цом-35″ яруу найргийн наадам Говь-Алтай аймгийн Алтай хотноо болж өнгөрлөө. Наадамд нийт 32 яруу найрагчид хүлгэн шүлгээ сож уралдсан байна.
Б.Хурцын томилгоог гишүүдийн 90 орчим хувь нь дэмжив
Төрийн ордон энэ 7 хоногийн баасан гарагт Б.Хурцын томилгоогоор амьсгалсан. Ордны нэг жигүүрт Б.Хурцыг элчин сайдаар томилохыг эсэргүүцэгч Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, харин эсрэг талд нь УИХ-ын чуулганаар Б.Хурцын асуудлыг хаалттай хэлэлцэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Б.Хурц нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан учир улсын нууцыг хамгаалах үүднээс хаалттай хуралдах саналыг чуулганы танхимд гаргаж дэмжлэг авсан. Харин Ц.Нямдорж гишүүн уг шийдвэрийг эсэргүүцэж хуралд оролцоогүй. Улмаар УИХ-ын гишүүдийн 90 орчим хувийн саналаар Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилов.
Засгийн газрын шийдвэрээр С.Баярыг эгүүлэн татна
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад элчин сайдаар суугаа С.Баяр өнгөрсөн 7-р сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг. Түүний хүсэлтийн хариу таван сарын дараа гарч Засгийн газраас С.Баярыг эгүүлэн татахаар болов. С.Баярыг Элчин сайдаар томилогдсон цагаас түүнийг оффшор данстай гэх шүүмжлэл гарч, элчин сайдын яамны үүдэнд иргэдийн жагсаал хүртэл болж байсан.
С.Баярыг эгүүлэн татах Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэх ёстой. Өөрөөр хэлбэл С.Баярыг чөлөөлөх эсэх нь УИХ-ын гишүүдээс хамааралтай юм. Одоогоор УИХ С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм.
Үйл явдлын товчоон
Засгийн газраас ээжүүдэд тэтгэмж олгох журмыг баталлаа
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөгийн тэтгэмж олгож байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, журмыг батлав.
Хамгийн их утаатай бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг оноос өмнө агаар шүүгчээр хангана
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 20 гэхэд агаарын бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байршилтай бүх сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх ЕБС, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах ажилд 4 тэрбум төгрөг зарцуулах аж.
“Болор цом-35″ яруу найргийн наадам болж өнгөрлөө
“Болор цом-35″ яруу найргийн наадам Говь-Алтай аймгийн Алтай хотноо болж өнгөрлөө. Уг наадмыг их зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болгож зохиосноороо онцлог боллоо. Наадамд нийт 32 яруу найрагчид хүлгэн шүлгээ сож уралдуулснаас нэгдүгээр байр буюу Эгшиглэнт Янжинлхамын эзнээр Ховд аймгийн найрагч М.Отгонбаяр, дэд байрт Говь-Алтай аймгийн уугуул, Эрдэнэт хотын суугуул Х.Нямхишиг, гутгаар байрт Завхан аймгийн яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Х.Ганхүрэл, айргийн тавд яруу найрагч Одгэрэл нар тус тус эзэлсэн байна.
Төв талбайн гэрлийг асаалаа
Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төв талбайн сүлд модны гэрлийг асаах арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээтэй зэрэгцэн төв цэцэрлэгт хүрээлэнд шөнийн гэрэлт гудамжны нээлт болсон юм. Энэхүү гэрэлт гудамж нээгдснээр залуус цагийг өнгөрөөх нэгэн таатай газар нэмэгдэж байгаа юм.
URL: