“Болор цом” болоод өнгөрч /ШҮҮМЖ/

5e36d18b593f7a2a38a5cf4afb22290f

“Болор цом” болоод өнгөрч. Яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээрээ түрүүлжээ. Шүлэгт:
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас… гэх мэтээр уншсан бололтой. Уламжлалт яруу найргийн дэг сургууль, өөрөөр хэлбэл аман зохиолын уламжлал нэвт харагдаж байна. Тодруулбал уран тоочилт. “Сарнаас, сансрын одноос, цэнхэр өдрүүдээс, сүнснээс, бурхнаас, эзнээс..,” гэх мэтээр тоочдог нь “Мөнх цасан эхтэй, Мөлгөр чулуун оргилтой, гөрөөс араатан шивээлсэн, цэцэг навч дэлгэрсэн, дайрга чулуу ихтэй, далдын баялаг уурхайтай, үзүүрий нь бариад гарахад үнэг чоно нь бутарсан.., Нарс модыг нааж хийсэн, хар модыг харуулдаж хийсэн, авдраараа дүүрэн алттай, хотоороо дүүрэн малтай..,” гэх мэтээр хаа ч хүрсэн хамаагүй яваад л байдаг ерөөл, магтаалын хуучин уламжлал л даа. Манайхан жаахан хөгжүүлээд “Хөх манхан тэнгэрийг, Цаст цагаан уулыг, Мөрөн голын усыг.., Хөрөөний ир шиг уул, хөх галын дөл.., гэх эсвэл тэгж тэгж ингэх нь Монголын их амар амгалан..,” гээд их явуулсан. Тэдгээрийн л нэг хувилбарт цомоо өгч. Манай яруу найрагчид одоо энэ аман яруу найргийн уламжлалыг таягдан хаях болсон. Хэдий болтол аман зохиолоор тэжээгдэж явах вэ?
“Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь” гэдэг нь “хүн чулуу шиг шүлгээ орхих.., хүсэл цэглэх цагт шүлэг үлдмүү..,” гэдэг мөрүүдийн бас нэг л хувилбар байна.
Зэрлэг улаан сарны дуугүй хашгираанд чихээ таглан сууж
Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би… гэж дуусах нь бас л шинэ юм биш аж. Дээрээс нь ээжийн тухай улигт сэдэвт хамаараад (ийм сэдэвт шүлгүүд цом авч байсан) явчихаар хуучин санагдах. Хуучин шүлэгт л “Болор цом”-оо өгч дээ. Гээд яахав морины уралдаан болсон ч хурдан морь л түрүүлдэг болохоос сайн морь ямар түрүүлэх биш. Урд жилүүдийнхээс бол дээр л шүлэг юм. Бусад найрагчид нь юу уншаа юм бол доо?

Batsuuri Gonchig

URL:

Сэтгэгдэл бичих