Wikilieaks дайснуудыг, харин Facebook найзуудыг бүтээж байна

“Тайм” сэтгүүл Wikilieaks-ийн Жулиан Ассанжийг биш, харин Facebоок-ийг үндэслэгч Марк Закербергийг сонгожээ. Олон улсад шуугиан тариад байгаа компьютерын суутнаас тэр юугаараа илүү юм бол.

“Тайм” сэтгүүлээс 2010 оны шилдэг хүнээр Facebook-ийг үндэслэгчдийн нэг М.Закербергийг тодруулсан байна. Уг нь сүүлийн үед АНУ-ын Засгийн газрыг онилсон сөрөг агуулгатай мэдээллүүдийг маш их цацаж байгаа Wikilieaks сайтын эзэн Жулиан Ассанжийг тодруулах магадлалтай хэмээн таамаглаж байсан юм. Ж.Ассанжийн хувьд чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь бий болгож, Засгийн газар, дипломат албадын булхай бүхнийг илчилсэн хэмээн магтагсад цөөнгүй бий.

Харин М.Закербергийн хувьд одоогийн байдлаар хамгийн залуу тэрбумтнуудын нэг болоод байна. Харвардад сурч байсан тэрбээр 2004 онд анх Facebook буюу Нүүр хуудас гэх нэртэй олон нийтийн сайтыг нээжээ. Эхэндээ зөвхөн ангийнхан нь гишүүнээр элсэн орж байсан бол 2005 он гэхэд их дээд сургууль, коллежийн хэмжээнд тархаж, оюутнуудаар хүрээгээ тэлсэн аж. Дараа оноос нь насанд хүрэгчид Facebook-ийн гишүүн болох нь ихэссэн байна. Анх залуу үеийнхний дэмжлэгтэйгээр хүрээгээ тэлсэн тус сайтад одоо бүртгэлтэй байгаа 134 сая америкчуудын гуравны хоёр нь 26-аас дээш насныхан болжээ.

АНУ-аас бусад оронд ч дундаж насныхны хэрэглээ давамгайлж байна. Итали, Колумбад ихэвчлэн элит хүрээнийхэн, бизнес эрхлэгчдийн дунд цахим шуудангийн хэлбэрээр Facebook-ийн гишүүнчлэлд бүртгүүлэх хүсэлт тараагджээ. Тус сайтын хэрэглэгчдийн тоогоороо гуравдугаарт ордог Индонезэд интернэт хэрэглэж байгаа 30 сая хүн тутмын 27.8 сая нь нүүр хуудас ашигладаг гэх албан бус судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 орчим орны хагас тэрбум хүн Facebook-ийн байнгын хэрэглэгч болжээ.

М.Закербергийг анх “Майкрософт”-ын Билл Гэйтс дэмжин гаргаж ирсэн юм. Гэвч “Майкрософт Оффис 2007″-г бүтээхэд хамтарч ажиллах саналаас М.Закерберг татгалзжээ. Хэрэв тэгээгүй бол тэрбээр 23-хан насандаа дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй болох байсан юм. Гэвч өөрийн гэсэн шинэ брэнд бүтээхийг хүссэн нь одоо биелэлээ олоод байна. Өнгөрсөн аравдугаар сард Facebook сайтын тухай “Олон нийтийн сүлжээ” (The Social Network) нэртэй кино нээлтээ хийсэн. Энэхүү кинонд М.Закербергийн Харвардад сурч байсан үеийг харуулснаас гадна шинэ олон нийтийн сүлжээ сайт байгуулах талаарх санааг найз нараасаа хулгайлсан хэмээн дүрсэлжээ.

Урлагийн бүтээл гэдэг утгаараа киноны үйл явдлын тал хувь нь зохиомол гэдгийг уран бүтээлчид нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ кибер ертөнцийн хувьсгал хичнээн эрчимтэй явагдаж байгаа болон Facebook-ийн нөлөө хичнээн их нэмэгдэж байгааг энэ кино баталлаа хэмээн шинжээчид дүгнэсэн юм. Тэд “Кинонууд вэб сайттай байдгаас биш вэб сайт өөрөө кинотой байсан жишээ тийм ч олон биш” хэмээн тайлбарлажээ.

Нийт 6.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй “Facebook”-ийн гол хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн тэрбээр хамгийн сүүлд “Giving Pledge” сангийн хандивлагчдын тоонд багтахаар болж гарын үсэг зуржээ. “Майкрософт” корпорацийг үндэслэгч Билл Гэйтсийн санаачилсан уг санд Нью-Йорк хотын мэр Майкл Блүүмберг, CNN-ийн Тэд Тернер нараас эхлээд АНУ-ын олон тэрбумтан хандивлагч болон нэгдсэн юм. Албан бус гэрээ ёсоор тэд хөрөнгийнхөө хагасыг хандивын ажилд зориулах аж. Үүнээс өмнө М.Закерберг АНУ-ын Нью-Жерси мужийн Нью-Йорк хотын боловсролын байгууллагуудад 100 сая ам.доллар хандивласан юм.

Тийм ч учраас М.Закерберг залуу үеийнхэнд, үгүй ядахдаа залуу хандивлагчдад үлгэр дууриал болно хэмээн тайлбарлах ажиглагч цөөнгүй байна. Энэ оны шилдэг хүнийг тодруулах онлайн судалгаагаар санал хураалтын дийлэнх хувийг Ж.Ассанж авсан боловч “Тайм” сэтгүүл М.Закербергийг тодруулсан шалтгаанаа ийн тайлбарлажээ. “Төр засаг, эрх мэдэлтнүүдэд итгэх итгэл суларч байгаа энэ үед олон нийтийн найдлагыг тээх шинэ зүйл гарч ирсэн нь Facebook юм” хэмээн тус сэтгүүлийн ерөнхий редактор онцолсон байна.

Нөгөө талаас Ж.Ассанж, М.Закерберг нар нэг зоосны хоёр тал шиг гэж хэлж болно. Нэг нь Засгийн газар, улс төрийн томоохон институтуудын нууцыг хүчээр дэлгэж, үйл ажиллагаа нь шударга байхыг шаардах замаар тэдний эрх мэдэл, хүч нөлөөг сулруулахыг оролдож байгаа. Нөгөө нь хувь хүмүүс хоорондоо сайн дурын мэдээлэл солилцоог дэмжих замаар тэднийг идэвхжүүлж, нийгэм дэх нөлөө оролцоог нь сайжруулахыг зорьж байна. Ж.Ассанж хорвоо ертөнц дайснуудаар дүүрсэн гэж үзэж байхад М.Закерберг хүн бүр найз, нөхөд байж болно гэх үзлийг сурталчилж байна.

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих