У.Хүрэлсүхийн халаа сэлгээнд Тагнуул, Татварын Ерөнхий газрын дарга нар өртөх үү

16063

Ажилдаа хариуцлагагүй ханддаг, амин хувийн асуудлаа нэн тэргүүнд тавьдаг төрийн албан хаагчдыг “өршөөхгүй” хэмээн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлыг авангуутаа мэдэгдсэн билээ. Сүүлийн өдрүүдэд Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарт халгаатай байгаа.  Өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар төрийн албаны халаа сэлгээг “бөөндүүлсэн”.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Х.Хэрлэнг томилсон бол БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Ж.Болормаа нь Ж.Эрдэнэбатын томилсон сүүлчийн албан тушаалтан юм.  Тэрбээр Засгийн газраа огцорсоныхоо дараа буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа түүнийг яаруу сандруу томилсон байдаг. Гэвч энэхүү томилгоо нь хууль бус гэдгийг Төрийн Албаны зөвлөл үзэж Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн. Учир нь өмнө БСШУСЯ -ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон тул түүнийг эргүүлэн ажилд томилох шийдвэрийг шүүх гаргаад байгаа юм. Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын хуралдаанд оруулж, огцруулахаар зүтгэж байна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдаж байсан билээ.

Ж.Болормаатай хамт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг чөлөөлсөн. Түүнийг ямар  үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж байгаа ч  цаанаа өөр шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүхийн халаа сэлгээ нэлээд эрчимтэй байсан бол энэ долоо хоногт ч мөн ширүүхэн байх бололтой. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэжээ. Тэрбээр оффшор дансны асуудлаархи иргэдийн шүүмжлэлээс үүдэн, өнгөрөгч долдугаар сард элчин сайдаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Гадаад харилцааны яаманд ирүүлээд байсан юм.  Уг хүсэлтийг ийнхүү өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Холбогдох хуулийн дагуу Засгийн газраас элчин сайдыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах учиртай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч эгүүлэн татах зарлиг гаргах юм. Мөн үүний зэрэгцээ  Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үүрэгт ажлаасаа чөлөөлжээ. Тэрбээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн ойрын эх сурвалж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргыг мөн өөрчилж магадгүйг дуулгаж байна.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв захиран зарцуулагч яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуйгаар нь чөлөөлж байгаа бол цаашид энэхүү шуурганд агентлагийн дарга нар өртөх нь тодорхой болжээ. Засгийн газрын тэргүүн юутай ч эхлээд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа дарга нараа чөлөөлж, орных нь хүнийг томилох тухай яриад эхэлжээ. Ирэх долоо хоногт багтан Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбат, Тагнуулын Ерөнхий газрын дарга, бригадын генерал П.Гэрэл нарыг хөдөлгөөнд оруулах сурагтай. Түүнчлэн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравцамцыг ч шуурга тойрохгүй гэсэн яриа байна.

Б.Өрнөх

Эх сурвалж: 24tsag.mn

Линк: http://www.24tsag.mn/content/158166.shtml


URL:

Сэтгэгдэл бичих