Дутуу “Монгол поп”

Дуучин Д.Болд “Монгол поп” тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд гурван өдөр дараалан тавилаа.

Тоглолтын нэр “Монгол поп” ч энэ урсгалыг илтгэх дуу тоглолтын турш эгшиглэсэнгүй. Эхлэл, төгсгөлд нь л эл урсгалын дуунуудаа сонирхуулав. “Хагацаж чадах уу”, “Гэгээн домог”, “Яаж чи өөрчлөв өө”, “Яагаад гэдгийг хэлээч”, “Чамгүйгээр би уйтгар гунигийн хаан”, “Хос гэрэлтэх од”, “Хайртай хүнийхээ гар руу гүйгээрэй”, “Зөвхөн чам руу” зэрэг хуучин цомгуудад нь багтсан, радиогоор залхтал цангинасан дуунуудаа тоглолтын өрнөл, оргил, тайлал хэсэгт хүргэсэн нь монгол попыг мэдрэх гэж ирсэн үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Эхлэл хэсэгт монгол поп урсгалаар туурвисан шинэ соргог бүтээлүүдээ хүргэчихээд араас нь хуучин, чихний хажуугаар сул асгараад өнгөрчихдөг дуунуудаа сонирхуулсан нь эхлэлд мэдэрсэн мэдрэмжийн эрч хүчийг унагаачихсан. Тоглолтын тал хувийг хуучин дуунууд эзэлсэн нь таагүй сонголт болжээ. Хэрэвзээ тоглолтод дуулагдах дуунуудын харьцаа ийм байх байсан бол тоглолтын нэрийг арай өөрөөр өгөх байж шүү.

“Монгол поп” тоглолтод хуучны дуунуудынх нь “порц” ихэдсэнийг эс тооцвол тоглолтоос шинийг эрэлхийлэхийг эрмэлзсэн уур амьсгал, дүр мэдрэгдсээн. Нөгөө талаар уг тоглолтод монгол поп урсгалын дуунууд цөөн дуулагдсан нь энэ урсгал шинэ тутам, саяхан “мэндэлсэн” болохоор уг урсгалаар бүтээгдэх дуу цаг, минут бүрт “үйлдвэрлэгддэг” нийтийн дуунаас ангид, дээд түвшнийх гэдгийг харуулчих шиг. Гэхдээ тоглолтод дуулагдсан монгол поп урсгалын дуунууд цөөхөн ч гэлээ хамаарагдсан урсгалаа мэдрүүлсэн, монгол поп гэж ямар урсгал байдаг, энэ урсгалаар яаж дуулдгийг харуулсан чансаатай бүтээлүүд байв.

Тоглолтын эхэнд дуулагдсан монгол попуудаас “Гоо амраг” дууг энд онцолъё. Энэ дуу “Монголын язгуур урлаг+поп” гэсэн томъёоллыг бүрэн харуулна.

Хорьдын саран мандаад ирэхээр

Хоргой дээлийн хээ тодорно

Хоёр бие чанадын хол ч гэлээ

Холбоо сэтгэл минь хувиршгүй

Гоо амрагийн зүрхэнд

Хаврын яргуй шиг хайр дэлгэрнэ

Уулсын өвөр шиг халуун хайранд

Учран золгоход хоёр сэтгэл яруусна.

Дууны шүлэг нь монгол ардын урт болон богино дууны уламжлалт арга барил, хийцийг өөртөө шингээжээ. Харин аялгуу нь уртын дууны шуранхай, ардын язгуур хөгжмийн дуугаралтыг поп хэмнэлтэй хослуулснаараа монгол поп урсгалын амрагийн дууны том төлөөлөл болно. Харин “Хээрийн салхитай аялгуу” дуу бол МОНГОЛ ПОП урсгалын том үзэгдэл. Уртын дууны шуранхай, ятга хөгжим, хөөмий, морин хуурын татлага гээд Монголын урлагийн үнэт элементүүдийг поптой сүлэлдүүлснээрээ энэ бүтээл монгол поп урсгалыг манай орчин цагийн рок попын ертөнцөд тунхаглан зарлаж байгаа юм.

Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй

Хамаг Монгол минь дорнын судартай

Ихэр чавхдас нь Хүннү цартай

Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай

Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нууцхан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь.

Тоглолтын үеэр дуулсан 21 дарь эхийн тухай дуу цамын бүжиг, шашны дуулал, маани мэгзэм, попыг нэгтгэснээрээ энэ тоглолтын гол утга учир болсон Монгол попыг гаргаж өгсөн.

Монгол поп урсгалыг дуучин Д.Болд шинээр бий болгочихоод байгаа хэрэг биш л дээ. Монголын урлаг, утга зохиолд ийм нийлмэл, холилдсон үзэгдэл 1990-ээд оны эхэн үеэс ажиглагдсаар ирснээ сүүлээр нь хүчээ авсан. Тэгээд 2000 он гараад шинэ шатанд гарч ирсэн юм. Поп гэлтгүй хип хоп, beat box, рок гээд бүхий л төрөл жанрт уламжлалт урлаг, язгуур урлагийн хөгжмийн дуугаралтыг ашиглах, нийлэгших үзэгдэл хэвийн зүйл болчихсон.

Харин дуучин Д.Болд уг урсгалд “Монгол поп” гэдэг нэрийг өгч илүү сонгодог талаас нь гаргаж, хувцаслалтын хэв маягаа ч тэр жишигт нийцүүлсэн. Монголын урлаг, утга зохиол, шоу бизнесийн ертөнцөд Монголын язгуур урлагийг гадны хөгжмийн урсгалтай сүлэлдүүлж хольсон нийлэгших буюу синкретизмийн аргаар хийсэн дуу хөгжим, урлагийн бүтээл олон зуугаар тоологдоно шүү.

Д.Болд тэр үзэгдлийг Монголдоо л ээрүүлдээд байхыг хүсээгүй учир ийнхүү нэр хаягтай болгож дэлхий нийтэд зарлаж байна. Энэ урсгалыг менежменттэйгээр гаргаж ирж, Ази гэлтгүй дэлхийд гаргах гэсэн эх оронч, залуу хүний хувиар хөдөлмөрлөж байгаад нь Ц.Болдод талархах хэрэгтэй.

Харин “Монгол поп” тоглолтын хувьд дуучин маань жаахан яарчихав уу даа. Монгол поп урсгалаар нэлээд олон бүтээл туурвиж, түүнийх нь талаас илүү хувийг ард түмэн ойлгож сонсоод хүлээн авсан тэр цагт л сая үзэгчдийн хүлээлтийг үндэслэсэн энэ тоглолтоо дан монгол поп урсгалын дуунуудтай хүргэсэн бол дүүрэн тоглолт болох байв. Тэгтэл “Монгол поп” гэж нэрлэчихээд монгол поп урсгалаар бүтээсэн дуунуудаа амсуулах төдий хүргэсэн нь энэ тоглолтыг дутуу болгочихлоо.

Д.ГАНСАРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих