Гэр бүлийн хүчирхийллээр 2400 хүнийг баривчилжээ

12-13-3-1-550x300

С.УЯНГА

Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг энэ чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү нар илтгэл тавьсан юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙГАА ХҮМҮҮС БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд 10 сар болж байна. 11 сарын сүүлийн байдлаар 1300 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдсэний 56 хувь Улаанбаатарт үйлдэгдсэн. Хохирогчдын байдлыг авч үзвэл 92.3 хувь нь эмэгтэйчүүд. Шинэ хуулиудын гол онцлог бол хохирогчтой эвлэрсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгодгийг өөрчилсөн. Эвлэрсэн ч үйлдлээр нь заавал шийтгэдэг зарчимтай. Хууль батлагдсанаас хойш 2400 хүн 7-30 хоногийн хугацаагаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн гэдгээр баривчлах шийтгэл хүлээсэн. Энэ бол бага тоо биш. Дан ганц амьжиргааны түвшин доогуур, боловсрол муу, архидалттай холбоотой биш гэдэг нь тодорхой болж байна. Чинээлэг амьдралтай, дээд боловсролтой, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс баривчлах шийтгэл хүлээсэн тохиолдол цөөнгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагын дүн мэдээгээр үндэслэх нь өөрсдийгөө хуурч байгаа гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал байдаг. Ноцтой зүйлүүд нь илэрч шалгагдаж байгаагаас биш ихэнх нь нуугдмал. Хууль зүй, дотоод хэргийн яам НҮБ-тай хамтарч судалгаа явуулсан. Олон улсын аргачлал ганцаарчилсан байдлаар мэргэжлийн түвшинд нийслэл, 21 аймаг, дүүргийг хамарсан. Судалгааны дүнг он гаргаад олон нийтэд хэлнэ. Олон нийт цочирдож хүлээж авч мэднэ. Хэргийн цаад шалтгаан хүнийг хүн байлгах, гэр бүлийн хүмүүжил, уламжлал, соёл, зан заншилтай холбоотой” гэсэн юм.

 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг : 23 МЯНГАН ХҮНД НИЙГМИЙН АЖИЛТАН НЭГ ОНОГДОЖ БАЙНА

 

-1989 онд гарсан, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцыг баталсан эхний 10 улсын тоонд Монгол Улс зүй ёсоор ордог. Түүнээс хойш хүүхдийн эрхийн чиглэлээр гарсан гэрээ, конвенцууд, хөтөлбөр, дүрэм журмуудад нэгдсэн байдаг. Хүүхэд хамгааллын эрх зүйн орчин ийм өндөр түвшинд хангагдаж, хамгаалагдсан мөртлөө хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой, хүүхэд хамгааллын асуудал ингэж өргөн хүрээтэй яригдаж байгаа нь хэрэгжилтэд дүн тавих цаг болсныг харуулж байна. Зөвхөн өнөөдөр ярьж байгаа асуудал биш. Хүүхэдтэй холбоотой асуудал нууцлаг явж ирсэн. Хүүхэд хамгааллын багийг үр дүнтэй ажиллуулахын тулд санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх ёстой. 23 мянган хүнд нэг нийгмийн ажилтан оногдож байгаа нь хүртээмжтэй бус. Хүүхэд хамгааллын бүртгэл, мэдээг нэхэх утгагүй юм. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 онд хийсэн хамтарсан судалгаагаар Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, санхүүгийн бэрхшээл, хоёрдугаарт, эцэг, эх, олон нийтийн буруу хандлага нөлөөлдөг, гуравдугаарт, арга зүйн мэдлэг, хамтын ажиллагаа дутмаг, зохицуулалт сул, цаг барьдаггүй зэрэг хариултыг өгсөн байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд ойрын хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүмүүс, танил, найз нөхөд, хойд эцэг, төрсөн эцэгтэй холбоотой хэргүүд гарч байгаа. Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нөхцөл байдлыг авч үзвэл ихэвчлэн хохирогчийн гэрт, гэр орондоо ёслол, хүндэтгэл, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулж, архи уудаг, архинаас хамааралтай хүмүүсийн цугларалт зэргээс үүдэлтэй хэргүүд гарч байна” гэсэн юм.

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг 2016-2017 оны эхний есөн сарын байдлаар 1009 гарч, 537 хүүхэд хохирч, 31-ийг нь хэрэгсэхгүй болгосныг ХЭҮК тайландаа дурдав. Түүнчлэн прокурор, шүүхээс өгч байгаа тоон мэдээлэлд зөвхөн тухайн хэргийн зүйл анги, хэрэг шийдвэрлэлтийн байдлыг дурдсан, насны ангиллыг мэдэх боломжгүй байгаа. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоон мэдээллийг улсын хэмжээнд зөвхөн цагдаагийн байгууллагаас авах боломжтой байгаа нь учир дутагдалтай байгаа. Мөн тоон мэдээлэл зөрүүтэй байдаг нь улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан, судалгаатай байх хэрэгтэй гэдгийн онцолсон юм.

Харин хэлэлцүүлэгт оролцогчид хүний  эрхийг хамгаалдаг төрийн  байгууллагуудын хариуцах ажил, үүргийг тодорхой болгох, Хамтарсан багийн гишүүдийг мэргэшүүлэх саналыг хэлсэн юм. Мөн нийгмийн ажилтны үйлчилгээний тухай хууль баталж, ёс зүйн хороо байгуулах, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажлыг уялдуулж, хүчирхийлэл үйлдэгч нь хариуцлагаас мултрах, ял завшихгүй байхад анхаарах зэрэг олон санал дэвшүүллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Санал зөвлөмжийг тусгаж Ажлын хэсэг Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлнэ. Хуралдаанаас зөвлөмж гаргаж, Засгийн газар, яамдад хүргүүлнэ” гэдгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих