Оюу Толгойд зөв менежмент хийж, үндэсний корпораци төрүүлье
Монголчууд бид Оюутолгой төслийг тойрон маргалдаад арваад жилийн нүүрийг үзлээ.
Энэ хувьцаа, хөрөнгийн маргаан нь биднийг хооронд нь хагалан зөрчилдүүлж, хуваагдахад хүргэж буй хүчин зүйл болжээ. Энгийнээр хэлэхэд айлын тал их ашиг өгч байна, өгнө, “хүлээж бай” гэдэг, манай тал огт юу ч авахгүй байгаа тул яг одооноос гэрээг өөрчил гэдэг. Эцсийн бүлэгт ашиг хэнд очиж наалдаж байв? Туйлширсан тэмцлийг бодлоготойгоор хөөрөгдөн дундаас нь гуравдагч этгээд гол ашгийг хувьцааны арилжаанаас хүртээд байгаа юм биш байгаа.
Эргээд харахад энэ олон жилийн маргаан нь Монголын Засгийн газраас бусад, хувьцаа эзэмшигч гаднын корпорациудын хооронд дахь хувьцаа эзэмшлийн байр суурины төлөөх “дайн”, энэ төслөөр далимдуулан өөрийн нэр хүндийг өсгөх сонирхол бүхий улс төрчдийг чадварлаг ашигладаг бай болоод өнгөрсөн дүр зураг харагдаж байна.
Ер нь ингэхэд “Оюутолгой” төслөөс “МОНГОЛД БОДИТОЙГООР ЮУ ҮЛДЭЖ” байна вэ? “МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ЁСТОЙ” вэ?
Өмчлөл, хөрөнгө мөнгөний хэрүүлээ хажуу тийш нь тавиад “Оюутолгой” болон бусад уул уурхайн мега төслөөс эдийн засагт шууд оруулах мөнгөн тоо бодит орлогоос гадна өөр ямар стратегийн ач холбогдол бүхий үр өгөөжийг Монгол улс хүртэх боломж байна вэ гэдгийг бодоцгооё, та минь.
Глобалчлагдаж буй дэлхийн эдийн засгийн урсгалд орох оролцоогоо нэмэгдүүлэхэд бидний хувьд хамгийн ойр салбар бол одоогийн нөхцөлд уул уурхай л юм. Энэ ч утгаар Монгол улсын хөгжлийн гарц нь уул уурхайн салбар, энэ салбараас түлхэц авч хөгжингүй улс болно гэсэн итгэл үнэмшлээр ШУТИС зэрэг үндэсний их дээд сургуулиудад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэж байна. Үүнээс гадна үеийн үед үлдэх мэдлэг туршлага, “нөү-хау”, судалгаа шинжилгээний хүрээлэн, технологийг нутагшуулан авч үлдэх нь улс үндэстний стратегийн ихээхэн ач холбогдол бүхий асар том баялаг юм. Энэ баялгийг нь дан ганц мэргэжилтнүүд хувь хүмүүсийн олж авсан мэдлэг туршлагаар бус Оюутолгой мэтийн дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтын явцад мега төслийг зохион байгуулан хийж гүйцэтгэх чадвартай үндэсний аж ахуйн нэгж, бизнесүүд үүсгэн бий болгох, улмаар цаашид хөгжүүлэн монголоос дэлхийн зах зээл рүү ашиг гүйдэг биш эсрэгээрээ дэлхийн зах зээлээс монголд орлого оруулдаг болгомоор байна.
Гэтэл Оюутолгой төслөөс дэлхийн тавцанд өрсөлдөх санхүүгийн болон мэргэжлийн чадвартай уул уурхайн монгол компани төрөх нөхцөл бололцоо байна уу? Тэр бололцоог бид яаж ашиглаж байна вэ гэсэн зүй ёсны асуулт урган гарч ирнэ. Үндэсний аж ахуйн нэгж, монгол компанийн оролцоотой төслийн хэдэн хувийг хийж гүйцэтгэв?
Өнөөдрийн Оюутолгойн томоохон гэрээлэгч, гүйцэтгэгч байгууллагуудыг харахад гол тоглогчид нь RED PATH (Канад), MAXAM Explosives (Испани) зэрэг ‘монголд бүртгэлтэй’ нэр зүүсэн гадаадын компаниуд байх юм. Уг том бүтээн байгуулалт дээр үндэсний бизнесүүдийн бололцоог ашиглаж Монголын талын оролцоог нэмэгдүүлж цаашлаад олон улсад бие даан үйл ажиллагаа явуулах чадвартай үндэсний корпорацийг төрүүлэх тал дээр манай төр засаг бодлогын хувьд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.
Өмнөд хөрш маань барууны хамгийн шилдэг гурван компанийг мэдээллийн технологийн салбарт таатай нөхцөлтэй гэрээгээр оруулаад хөрөнгө оруулагчдыг явсны дараа нэгтгэж дэлхийн шилдэг холбооны сүлжээ, операторуудтай болж үлдсэн түүхийг ч бид судалж үзэх ёстой. Гурван компанийн нэрсийг нийлүүлэхэд “Аугаа их Хятад” гэсэн үг болсон нь эртнээс алсын бодлоготой байсны илрэл юм. Энэ талаар Конрад Зайцын “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирсэн нь” (монгол хэлээр хэвлэгдсэн) номоос уншиж болно.
Монголчууд бидэнд суралцах зүйлс маш их бий. Дэлхийн хэмжээнд яригдах том ордууд ашиглах гэрээ хэлэлцээр хийх хэрэгжүүлэхэд бидний мэдлэг чадвар дутагдсан нь илт ойлгомжтой. Түүнээс болж алдсан зүйлс ч асар их бий. Наад захын жишээ дурдахад “Оюутолгой” ХХК-ийн өөрийн баталгаажуулсан санхүүгийн тайлан дээр тусгагдсан эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө нь 2009 оноос хойш 6,914.3 сая ам доллараар нэмэгдэж балансын нийт хөрөнгийн дүн 7,969.7 сая ам.доллар болж өссөний бараг тал нь буюу 45 хувь нь гадаадад бүртгэлтэй ганцхан компаниар (флоур) дамжсан нь Засгийн газраас хийсэн шалгалтаар тогтоогджээ. Энэ бол манайх шиг жижиг эдийн засгийн хувьд асар их мөнгө юм.
Уул нь олон улсын хэмжээний хэдэн сайн компанитай болоод авбал бид зөвхөн дотоодын эргэлтээсээ биш, гадаадын зах зээлээс орлого олох үүд хаалга нээгдэнэ гэдгийг мөрөөдөх нь бүү хэл бодох ч үгүй өдий хүрчээ. “Оюутолгой”-ын хөрөнгө оруулалтын гэрээний бараа материал, ажил үйлчилгээ худалдан авахдаа нэмүү өртөг шингэсэн байдал, үндэсний аж ахуйн нэгжүүдийг (монголд бүртгэлтэй гадаадын компани бус) тэргүүн ээлжид авах зэрэг тодорхой заалтуудыг гэрээнд оролцогч талууд БОДИТОЙГООР хэрэгжүүлэх нь энд яригдаж буй стратегийн үр өгөөж Монголын хөрсөнд буух эхний бөгөөд зайлшгүй хийх алхам юм.
1990-ээд оны үес Зөвлөлтийн болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын мэргэжилтнүүд гарч явсны дараа монголчууд өөрийн үйлдвэр аж ахуйнуудаа бие даан авч явах сорилттой тулгарсан ба ихэнхи тохиолдолд сүйрлээр дууссан гашуун туршлага саяхных. Хэрэв бид одоо хэрэгжиж байгаа мега гэгдэх төслүүдэд тулгуурлан үндэсний чадавхитай компаниудаа төрүүлэхгүй юм бол одоо ажиллаж буй гадны компаниуд гараад явахын цагт дээрх хувь заяа дахин давтагдан дараа дараагийн том төслүүдэд гадны компанийн экспертиз оролцоог мөн л харан үлдэнэ. Бусдын гарыг дагуулан харж хамаг ажлаа мөн л гадныханд даатгаад өөрсдөө өмч хөрөнгийн маргаантайгаа зууралдаад л суух болно.
Энэ олон толгойнуудаас “монгол толгой-монгол хүнд-монголын нийгэмд” үлдэц өгөөжтэй алсаа харсан бодлого явуулах тал дээр анхаарахгүй бол бахь байдгаараа л дэлхийн хөгжил дэвшлээс хоцорсон хэвээр, “алтан дээр суусан гуйлгачин” байснаа бүр дордож “нүхэн дээр суусан гуйлгачин” болж үлдэх нь дамжиггүй. Байгалийн арвин их баялагтай Монгол улс өөрийн гэсэн олон улсын хэмжээний чадварлаг мэргэжилтнүүдтэй, мэргэшсэн компаниудтай болохоос нааш бид өөрсдийн баялгаас хүртэх ашгаа гадныханд өм цөмөөр нь алдаж суухаас өөр замгүй болно.
Дэлхийн томоохон уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал нь монгол хүн байдаг нь энгийн үзэгдэл, уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали гэх мэт улсын мэргэшсэн компаниудтай Монгол үндэстний корпораци энэ тэнцүү өрсөлддөг болохын цагт буурлын буян олон толгойнуудаас Монголд юм үлджээ гэж ам бардам хэлж чадна.
Эцэст нь хэлэхэд газрын хэвлий дэх байгалийн баялаг нь Монголын ард түмний өмч бөгөөд түүнээс олох орлогоор улс орноо эрчимтэй хөгжүүлэх болоод нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэж болно. Оюутолгой мэтийн мега төслөөс дэлхийн тавцанд өрсөлдөх Монгол толгой, Монгол брэнд, Монгол корпораци төрүүлэх амбиц шинэ зууны Монголчуудад илт үгүйлэгдэж байгааг шийдвэр гаргагч түвшний эрхэм түшээд анхааралдаа аваасай билээ.
Г.СУМЪЯА
Сэтгүүлч, доктор (Ph.D
URL: