ОЮУТОЛГОЙН ШӨНИЙН ЭЭЛЖНИЙ АЖИЛЧДЫГ ХОМОРГОЛОН ХАЛЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгойн уурхайд 21 настай Зоригоо гэгч залууг боож алсан онц ноцтой гэмт хэрэг гарсан. Нас барсан залуу “Си Ай Эс” хэмээх Оюутолгойн ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг гэрээт компанид ажилладаг байсан аж. Тус газарт шөнийн ээлжинд гарч мантуу хийхэд тусалдаг хоёр залуу байсны нэг нь талийгаач ажээ. Нөгөө залуу нь Зоригоог хүлээгээд ажилдаа ирэхгүй болохоор нь бусад ажилчдад дуулгажээ. Ингээд шөнийн ээлжинд гардаг таван монгол хүн нийлээд, эрэлд гарч ажлынхаа орчимд хайж байтал нарийн боов хийдэг газрын гаднаас ордог хаалганы намхан шатны дэргэд Зоригоогийн хоолойг хар олсоор боож, амийг нь хөнөөгөөд орхисон байжээ. Үүний дараахан Кэмпийг хариуцдаг Тайд гэдэг нэртэй энэтхэг хүн мөн л боолгосон байдалтай орилж чарласаар орж ирсэн аж. Түүнийг Зоригоог боож алсан гэмт этгээдүүдийг харсан тул алахыг завдсан гэх яриа гарчээ. Талийгаачийн эгчийг өчигдөр өглөө Өмнөговь руу авч явсан байна. Түүнчлэн ажил хаясан гэх шалтгаанаар талийгаачтай хамт шөнийн ээлжинд ажиллаж байсан монголчуудыг ажлаас нь хоморголон халж эхэлжээ. Энэ талаар тус газарт шөнийн ээлжинд ажиллаж байсан монгол ажилчин утсаар мэдээлэл өгсөн юм. Харин Оюутолгойн удирдлагууд мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд Оюутолгой компанийн албаны эх сурвалж “Эл хэргийг гарсны дараа боомилсон залууд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх гэсэн боловч хожимдсон байсан. Монголчуудыг ажлаас нь халсан гэх талаар мэдээлэл байхгүй байна” хэмээсэн юм. Ямартай ч нэг хүний амийг хөнөөсөн эл хэрэг нэлээдгүй асуудлыг дагуулж байна. Эл хэргийг гарахаас хэдхэн хоногийн өмнө шөнийн ээлжинд гарч байсан 35-40 насны Э гэгч монгол эмэгтэйг ариун цэврийн өрөөнд ороход гэнэт гаднаас нь гэрлийг нь унтраагаад хоёр хятад орж, хүчирхийлэхийг завдан зэрлэгээр зодож хүнд гэмтээгээд зугтсан хэрэг гарчээ. Эмэгтэй одоо Оюутолгойн СОС эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс өмнө бас л Оюутолгой төслийн талбайд ажиллаж байсан хоёр залуу бохирын цооногт унаж нас барсан байсан. Тэд Оюутолгойн талбайд гэрээ байгуулан ажиллаж байсан компанийн ажилчид байсан гэдэг. Хоёулаа 26 настай залуу, тухайн үед бохирын усыг соруулж талийгаачдын цогцсыг гаргаж авсан билээ. Дашрамд дурьдахад, Оюутолгойд хүнсний хангалт хийдэг “Си Ай Эс” гэдэг Францын хөрөнгө оруулалттай компанид 2500 монгол, “Чайна Констракшн”-д 7000 гаруй хятад хүн ажилладаг аж. Түүнчлэн Оюутолгойн албан мэдээнд 6172 хятад хүн ажиллаж байгаа гэжээ. Тус газарт ажиллаж байсан нэгэн хүн “Оюутолгойд ажилладаг хятадуудын ааш авир дийлддэггүй бөгөөд ялгаварлан гадуурхалт их байдаг” хэмээн ярьж байсан билээ. Эх орныхоо газар шороон дээр, эх орондоо хятадуудад дээрэлхүүлэн ажиллаж, амьдарч байхын хэрэг байна уу.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих