УИХ 1.1 их наяд төгрөгийн хэмнэлт хийлээ, одоо инфляцийн дарамт багасна гэж найдаж болох уу
Ирэх оны улсын төсвийг сонгуулийн “пиар”-тайгаа андуурсан улстөрчид ирэх сарын нэгнээс өмнө батлах гэж бажигдах шиг боллоо. Шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эвлэлдэн нэгдэхгүй ийш тийшээ харан гөжчихөөд их хурлын чуулганы хуралдааныг гацаагаад байсан тэд өнгөрөгч баасан гаригт эхлүүлсэн хурлаа бямба гаригийн үүрээр өндөрлөсөн юм. Төсөв хэлэлцэхээр хэдэнтээ хуралдаан зарласан ч баралгүй цуцалсан гишүүд улс амьтад амрах цагаар хуралдсаныг ажилдаа улайрсных гэх үү, аль эсвэл анхаарал сарниулж байгаад араар тавих гэсэн оролдлого уу гэдгийг хэлэхэд арай эрт ч байж мэднэ. Ямартай ч үдшийн 23 цаг 50 минутад эхэлсэн хуралдаанаар манайхан төсвийг хэлэлцэх нь ч хэлэлцсэн л байна билээ. Ерөнхийдөө УИХ дахь хоёр бүлэг тохиролцоонд хүрсний “үр дүн”-д төсөв хэлэлцэгдсэн гэсэн үг л дээ.
Гэхдээ тохиролцооны үр дүн ямархан гарсан талаар одоо дурдья. Чуулганы хуралдааны эхэнд, төсвийн тухай хуулиудтай дагалдан өргөн баригдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Харин дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй дагалдан нэмэлт өөрчлөлт орох хуулийн төслүүдийн хамт “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж хууль болон тогтоолын төслүүд батлагдсан.
Тэгээд, байнгын хороод, намуудын бүлэг, гишүүдийн дэмжиж санал нэгдсэн төсвийн урсгал зарддыг бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналууд бүхий зарчмын зөрүүтэй саналуудыг агуулсан Төсвийн тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулсан. Танилцуулгад, Засгийн газар бодлогын баримт бичгүүд, шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн нийт орлогыг 6,352,1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 35,3, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,093,0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 39.4 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 740,9 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 4,1 хувь болохоор тооцсон.
Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн урсгал зарлага 3,273.1 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөр 2011 оны төлөвлөгөөнөөс 1,321,2 тэрбум төгрөгөөр буюу 59,6 хувиар нэмэгдэх, нэгдсэн төсвийн нийт урсгал зардлын хэмжээг 2012 онд 4,637.0 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Түүнчлэн Засгийн газар ирэх оны төсөвтөө дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнийг 1723.7 ам.доллар, зэсийн үнийг 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 166.58 ам.доллар байхаар тусгажээ.
Танилцуулгын дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаар саналаа хураалгасан бөгөөд санал хурааж дууссаны дараа хурал даргалагч уг хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг мэдэгдээд, “Нэгэнт шөнөд орой байдаггүй тул хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцчихье” хэмээн гишүүдэд уриалжээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн сүүлчийн асуудал бол төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх байв.
Гэвч уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасан. Ингээд Төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр тогтсоноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн. Ийнхүү 2012 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн орлогыг 6.4 их наяд хэмээн тооцоолсон байсныг 5.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд хэмээн өргөн барьсныг 6.2 их наяд болгон тооцоолсон юм.
Ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөг төсвийн зарлагаас танагдаж байна гэсэн үт. Нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаас ирэх онд шинээр баригдах конторууд, шаардлагагүй буюу тэвчиж болох зардлууд гэж хэлж болох машин, тоног төхөөрөмжүүдийн зарддыг багасгаж, бусад хөрөнгө оруулалтыг нягтлан үзэж, мөн Засгийн газрын өргөн барьсан 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан байсан зарим хөрөнгө оруулалтыг 2011 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн тул 200 орчим тэрбум төгрөгийн таналт хийхээр болсон юм. Харин урсгал зардлын хувьд ирэх оны гурав, тавдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх болон бусад тэтгэвэр, тэтгэмжийн зардалд 600 орчим тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон байсан.
2012 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр он гараад нэмэгдэх төрийн албан хаагчдын цалингийн ңэмэгдлийн зай нь ойрхон байгаагаас үүдэн инфляцид идэгдэх магадлалтай гэж үзэн, төрийн албаныхны цалинг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэн, аравдугаар сарын нэгэнд нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн хэд хэдэн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад өөрчлөлт оруулсны дүнд 320 гаруй тэрбум төгрөгөөр урсгал зардлыг багасгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Мөн гадаадын зээл тусламжийн ашиглалтыг өндөр хувь хэмжээгээр оруулж ирсэн байсныг багасгасны дүнд 200 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Хүний хөгжил сангийн орлого, зарлагаас 105 тэрбум төгрөгийн бууралт гаргахыг чуулганд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, дээрх бууралтыг иргэн бүрт бэлэн бусаар олгогдох нэг сая төгрөгийг Тавантолгойн 1072 хувьцаа болгон мөнгөжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор Хүний хөгжил санд төсөвлөгдсөн байсан орон сууцны урьдчилгааны 100 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд тусгасан мөнгийг бууруулж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар тогтлоо.
Эцэст нь тэмдэглэхэд хэлэлцүүлгийн шатанд авсан арга хэмжээнүүдийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зарлагын бууралт гарлаа. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор төсвийн зарлагын нийт бууралт 900 орчим тэрбум, орлого талдаа 600 орчим тэрбум төгрөгийн бууралт гарсан гэсэн үг. Харин улсын төсвийн өглөгийг 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн олны анхаарлыг татсан асуудлын нэг болох иргэд нэг сая төгрөг олгох асуудлыг хувьцаа олгох асуудлыг иргэн бүрт 1072 хувьцаа өгөх маягаар шийдвэрлэжээ. Хэрвээ хувь хүн хувьцаа авахгүй гэвэл төр нэг сая төгрөг өгөх юм байна.
За ямартай ч хэрээс хэтэрсэн том төсөвт 1.1 их наяд төгрөгийн хэмнэлт хийж чадлаа гэж гишүүд мэдэгдсэн. 1.1 их наяд төгрөгийн хэмнэлт хийж чадсан учир Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлоготой уялдаж, ирэх онд инфляцийг барьж чадна гэдэгтээ гишүүд итгэлтэй байна билээ. Тэгээд ч Монголбанкнаас мөнгөний бодлогыг өргөн барихдаа Засгийн газраас өргөн барьсан 2012 оны улсын төсвийн төслийг нэг их наядаар бууруулбая, инфляцийг барих боломжтой гэж мэдэгдэж байсан. Тиймээс инфляцийн дарамтын асуудал багасна гэж найдаж болох байх аа.
З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: