Ээж нь охин үрээ дамлах аймшигт өдөр ирэх вий дээ, Монголд
Дэлхий данстай гэмт хэргүүдийг мансууруулах бодис болон галт зэвсэг хууль бусаар худалдаалах үйлдлүүд тэргүүлдэг. Үүний дараа хүн худалдаалах гэмт хэрэг ордог байна. Өөрөөр хэлбэл хүн хүнээ зарж ашиг олдог энэ бохир бизнес дэлхийн нийтийг нөмөрсөн гэсэн үг. Солонгосын түүхэн сериалууд дээр гардагдаа. Би чамайг худалдаж авсан, гэрээ нь энэ гээд л өөд уруугүй загнаж зандарсан үзэгдэл. Хүн төрөлхтний түүх гэж бахархах дуртай өнгөрсөн үед ч хүн хүнээ худалдаалдаг байсны тодхон жишээ нь энэ. XVII-XVIII зууны үед Баруун Африкаас олон сая хүнийг худалдаачид Умард болон өмнөд Америк тивд авчирч боол болгон худалддаг байсан гэдэг. Тэгэхээр тэртээ зууны үеэс л хүн хүнээ худалддаг байж. Хууль дүрэм тэр үед эрх мэдэлтэй нэгэн дураараа аашилдаг байсан гэж бодвол хүний эрх, эрх чөлөө өндөр хэмжээнд яригддаг болсон энэ зуунд яаж байгаа бол гэтэл тэр үеэс дээрдэх зүйл ганц ч байсангүй. Харин ч хүнээр мөнгө олох арга нь улам нарийссан.
Өнөөдөр дэлхий дахинд жилд дунджаар 600.000-800.000 хүн худалдаалагддаг байна. Нэг үгээр хэлбэл нэг минут тутамд найман хүн хилийн чанадад эсвэл улс дотроо хэн нэгэн шуналтны гараар дамлагддаг гэсэн үг. Үүний 80 хувь нь охид эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байдаг байна. Хүн худалдаалах гэмт хэрэг гарч байгаа улсуудын нэг хэсэг нь гаргагч бол нөгөө хэсэг нь хүлээн авагч, гурав дахь нь дамжуулагч болдог гэнэ.
“Гаргагч” улс орнуудыг Хятадын Эрээн, Хөх хот, Бээжин болон Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югослав, Гонконг, Сингапур, Израиль, Европын орнууд тэргүүлдэг байна. Энэ улсуудын иргэд иргэнээ гадагш нь худалддагаараа хүн наймаалагчдыг тэргүүлдэг гэсэн үг. Харийн энэ гүрнүүд яахав гэхэд, эх орон болох Монгол Улс минь ямар бол?
МӨНГӨӨР ҮНЭЛЭГДСЭН БҮСГҮЙ ЗАЯА ХӨӨРХИЙ
“Гадны өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлгээр сургана гэх зарууд хаа сайгүй тэнүүчилж явдгийг та бид өдөр бүр хардаг. Энэ зарын өчүүхэн хэсэг нь үнэн бодит, эрдэм номын цагаан замналтай. Гэвч ихэнх хэсгийнх нь ард амьд хүнээр мөнгө олохыг санаархсан шуналтнуудын хуурамч дүр төрх нуугдаж байдаг. Нэг үгээр хэлбэл эрдмийн цагаан мөрийн цаана нуугдсан хар сүүдэр гэсэн үг.
Хүний наймаа, хар тамхины хэрэг харь холын мэт сонсогддог байсан тэр цаг үе өнгөрч, Монгол Улс аль хэдийнэ тэр эгнээнд шилжиж, хөл нийлүүлэн алхах болсон. 2001 онд Монгол Улс дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш Монгол охидыг БНХАУ, Макао, Хонгконг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израиль, Япон, Малайз болон Европын холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ.
Монгол Улсад 2001 онд хүн худалдаалах гэмт хэрэг ховор гэж байсан бол өдгөө 300 гаруй хэрэг бүртгэгджээ. Тэгэхээр Гоо маралын удамт гэж бахархан хайрладаг байсан Монгол эмэгтэй харийн нэгэн оронд очиж, бүсгүй заяагаа зүхэж суух нь улам нэмэгдсэн гэсэн үг. Манай улсад 2006-2010 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэгт нийт 22 хүн ял шийтгүүлсэн байна. 2006 онд хүн худалдаалсан гэмт хэргээр нэг хүн ял авч байсан бол 2007 онд нэг гэмт хэргээр гурван хүн аавын хаалга татжээ. Энэ тоо хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид олширч, сүлжээ болж байгааг харуулж байгаа юм.
Тэгвэл 2008 онд хоёр гэмт хэрэгт хоёр, 2009 онд дөрвөн гэмт хэрэгт ес, 2010 онд дөрвөн гэмт хэрэгт долоон хүн ял авчээ. Энэ бол зөвхөн Дээд шүүхээр шийдэгдсэн хэрэг. Нийслэл, дүүргүүдийн шүүхүүдэд шүүгдэж байгаа хэргүүдийг нэмбэл 300 байтугай хэрэг гарч ирэхийг ч үгүйсгэх газаргүй. Ганц нэгээр тоологддог байсан хүн наймаалагчид улам нэмэгдсээр байгааг энэ үзүүлэлт хялбархан батлаад өгнө. Тэгвэл ямар хүн, хүнийг мөнгө олох хэрэгслээ болгоод байна гэсэн сониуч зангаар харлаа. Ихэнхдээ эрэгтэй хүмүүс байдаг байх даа гэсэн бодол тээж байтал харин ч эсрэгээрээ эх хүмүүс. Өөрийнхөө хүүхэд шиг охиныг харийн нэгэнд мөнгөөр сольж байгаа ээж хүнийг төсөөлөөд үз дээ.
Төсөөлөх нь битгий хэл бодоход ч дургүй хүрч, үзэн ядах сэтгэл төрөх нь мэдээж. Ээж болчихоод хүний үрийг худалдаж байгаа хүн хэзээ нэгэн өдөр өөрийнхөө охин үрийг мөнгөөр солихыг ч үгүйсгэх аргагүй. Худалдан авагчид мөнгөө төлж авсан бараагаа гэртээ тансаглуулаад зүгээр суулгахгүй нь мэдээж шүү дээ. Цааш нь өөр хэн нэгэнд дахин зарна эсвэл биеийг нь үнэлүүлнэ. Дахин зарсан ч зараагүй ч эцсийн бүлэгт хүний наймааны золиос болсон охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөг гэх тамын амьдрал хүлээж авдаг нь бодит үнэн.
Гадны хөгжилтэй оронд сурч, өндөр боловсролтой болж ирээд чамтайгаа сайхан амьдарна гэсэн дүүрэн мөрөөдөлтэйгээр хайртай хүндээ нандин бүхнээ хадгалаад явсан охин хүний нутагт доромжлол амсана гэж бодоход ч сэтгэл хөндүүрлэнэ. Ёстой үхье гэсэн ч үхэж болдоггүй хувь тавилантай бүсгүй заяагаа харааж суухаас өөрийг хийж чаддаггүй гэдэг. Ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлж явсан охидыг хүний нутагт аваачиж, бузарласан хүн гэхэд хэцүү монголчууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Насанд хүрээгүй охидыг хил дамнуулан худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан Ц.Нандинцэцэг, Н.Атартуяа түүний нөхөр С.Энхжаргал. Н.Атархишиг, Жижгээ” хочит М.Пүрэвбат гээд бузар аргаар мөнгө ологчид хуулийн өмнө толгой бөхийсөн. М.Пүрэвбатын төрсөн ах М.Батсайхан, Т.Лхагвасүрэн, Б.Баянжаргач, Б.Батхуяг нартай хамт насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлсэн, биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан, биеэ үнэлэхээс татгалзсан охидыг өөрсдөө хүчирхийлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Ээж аавынхаа өврөөс ч гарч амжаагүй бяцхан охидыг харийн нэгэнд худалдаад мөнгө тоолоод зогсож байхдаа нутаг нэгтний зүгээс биш юм гэхэд эх хүний сэтгэлээр эргэлзэх бодол төрөөгүй л байх даа, энэ араатнуудад. Хэрэг нь илэрч, ял эдэлсэн нь хэдхэнээр тоологдож байгаа ч тэдний цаана хичнээн хүн дахин Монгол охидыг хил дамнуулан худалдаж, мөнгө сааж байгааг хэн ч мэдэхгүй. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеэ үнэлж байгаа гэдэг ч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеэ үнэлдэг гэх албан бус эх тоо байна. Тэдний 70 орчим хувь нь хэн нэгний албадлага, дарамтан дор хүчирхийллийн золиос болдог аж.
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОСОН ХУЛГАЙЧДАД 15-ХАН ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ?
Охидыг хулгайлж, худал хэлж хилийн дээс алхуулж хүчирхийлэл гэх тамын оронд авчирсан хүний наймаачид ганцхан жилийн дотор арван тэрбумын ашиг олдог гэнэ. Хэдий тэрбумаар тоологдох ашиг олж байгаа ч хүний сэтгэл санаа, амь наснаас илүү үнэ цэнэтэй байна гэж үү? Хэн нэгэн баяжиж, баярлаж байхад нөгөө талд хэн нэгэн насан туршдаа мартахгүй амьдралын хар толботой болж, нэг насаараа биеэ үнэлэгч гэх нэр хочтой болдог. Анх хүний наймааны золиос болж, биеэ үнэлэгчдийн эгнээнд шилжсэн ч хожим энэ замаас гаръя гэсэн гарч чадахгүй болчихдог гэдэг. Ингээд л насан туршдаа биеэ үнэлэгч нэгэн болдог.
Итгэл, хүсэл мөрөөдөл ч үгүй нэгэн болж хувирна гэсэн үт. Ээж аавын эрдэнэ, эр хүний чимэг болж явах цэцэгхэн насыг нь бузарласан болохоор одоо бүх юм өнгөрсөн гэж энэ замаас гарахыг хүсдэггүй байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч бодолтой байсан тэднийг анх энэ зам руу оруулсан мөнгөний шуналтнууд бүгдэд буруутай. Бүхэл бүтэн амьд хүнийг эд бараа мэт худалдаж, хүчирхийллийн золиос болгосон буруу гарын бохир наймаачдад ямар шийтгэл оногддог бол гээд сөхөж үзтэл, инээд хүрмээр. Бүр чааваас даа гэж бодмоор шийтгэл оногддог байна шүү.
Уг нь Эрүүгийн хуулийн Тусгай анги гэж тодотгосон ч өгөх ял шийтгэл нь өчүүхэн. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 113.1-д Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-205 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Тэрбумаар тоологдох ашиг олж байгаа наймаачдад энэ торгууль санааны юм биз дээ. Цаашлаад бүлэглэсэн энэ тэр гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуультай. Хүний нэг насны амьдралаар тоглосон хүнд өгч байгаа хамгийн хүнд шийтгэл нь 15-хан жилийн ял. Тэр наймаачин 15 жилийн ял эдэлж гарч ирээд, дахиад хүн худалдахыг үгүйсгэх аргагүй. Түүний хамсаатан нь хаа нэг газар наймаагаа үргэлжлүүлээд ч явж байгаа юм билүү, хэн мэдлээ.
Хийж бүтээх, сурч хөдөлмөрлөх ид насанд нь амь настай нь ярьж, хүний наймааны золиос болгосон нэгнийг нэг насаар нь хорьж болдоггүй юм уу? Тэр нэг айлын телевизор бүр машиныг нь хулгайлаагүй шүү дээ. Бүхэл бүтэн хүний амь нас, амьдралаар тоглосон. Ардчилсан Монгол Улсын иргэний амьд явах, аюулгүй орчинд амьдрах баталгаа хаачваа? Хүний эрх, эрх чөлөө гэдэг цаасан дээр л хадаатай байх хийсвэр зүйл юм гэж үү?
В.Хэрлэн
URL: