“Исламын улс”-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ
Өчигдөр Ирак улс цэргийн парад зохиож, хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд цохилт өгч дайнд ялсан ялалтаа тэмдэглэжээ.
Харин АНУ, Их Британийн Засгийн газар, террорист бүлэглэл дахин халдлага хийх магадлалтай бөгөөд Иракийн терроризмын ажиллагаа дуусаагүй хэмээн сэрэмжлүүлжээ.
10-нд Иракийн Засгийн газар олон давхар хамгаалалттай нийслэл Багдад хотын төвд парад зохион байгуулж, Иракийн Батлан хамгаалах яам, Дотоод явдлын яамны албаны хүмүүс, тулалдаанд нас барсан офицер дайчдын гэр бүлийн төлөөлөгчид парадыг үзсэн байна.
Өмнөх өдөр нь Иракийн ерөнхий сайд Хайдер Аль Абади “Засгийн газрын цэрэг “Исламын улс” бүлэглэлийн эзэмшил дэх бүх нутаг дэвсгэрийг эргүүлэн авч, тулалдааны түүхэн ялалт байгуулав. Иракийн Засгийн газар 10-ны өдрийг “Ялалтын өдөр” хэмээн тогтоож, Ирак даяар амралтын өдөр болгоно” гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хеатхер Наурт 9-нд мэдэгдэл гаргаж энэхүү ялалтад баяр хүргээд “Иракийн терроризмын эсрэг үйл ажиллагаа дуусаагүй байна. Америк улс Иракийн аюулгүйн армид сургуулилт, тоноглолын тусламжаа үргэлжлүүлэн үзүүлж, “Исламын улс” дахин халдах, мөн бусад террорист бүлэглэл өндийхөөс сэргийлнэ” гэжээ.
URL: