Даландавхарын шарил дунд амьдардаг эр сүнстэй харьцдаг гэнэ
- Ёс мэдэхгүй хүнд ёр халддаггүй -
Ядарч туйлдахын хирээр зарим нэгэн ёс төргүй этгээдүүд Даландавхар, Нарангийн энгэрийн оршуулгын газраар яг л гэр орондоо байгаа юм шиг тэнүүчлэх нь элбэг. Эдгээр шарил тоногчид бараг л хүн үхэхэд баярладаг гэвэл хилсдүүлсэн болохгүй биз. Тэгвэл чимээгүй хотод байнгын оршин суугч ч бас байдаг аж. Тэр өөрийгөө сүнс, хий үзэгдэлтэй харьцаж сурсан хэмээн томров. Тиймээс буг чөтгөрөөс ч айдаггүй гэнэ. Түүнийг нэгэн хүн зааж өгсөн бөгөөд Зурагтын эцсийн автобусны буудал дээр архины шил тушаагаад зогсож байхад нь бяцхан төлбөртэйгээр доорх ярилцлагыг авлаа.
- Чи ингэхэд өмнө нь мэдээж тодорхой нэр хаягтай л байсан биз дээ? Хэт нутаг хаана байв, хэн гээч хүний үр вэ?
- Надаас ингэж асуусан хүн гаралгүй олон жил болжээ. Би мэдээж шарил дотроос төрөөгүй нь ойлгомжтой ш дээ. Би Амгалангийн унаган хүүхэд. Доржсүрэнгийн Баатар гэдэг нэртэй байлаа. 1965 онд төрсөн, 1992 онд аав, ээж хоёр минь цувраад өөд болсон. Би гэж бүтэлгүй амьтан гэртээ архидаж байгаад шатаачихсан. Тэгээд хашаагаа хэдхэн төгрөгөөр зараад архидчихсан. Тэр цагаас хойш траншейгаар гэр хийж, хог түүж амьдарсаар ирлээ. Сүүлийн гурван жилд нь зуны урин дулааныг Далан давхарт өнгөрөөж байна.
- Чи ганцаараа явдаг юм уу?
- Ер нь л ганцаараа даа. Өвөлдөө траншейдаа олуулаа болчихдог. Найзуудтайгаа намар сэрүүн орохоор л уулзана шүү дээ.
- За тэр яахав. Яагаад шарил дунд амьдрах болсон тухайгаа яриач?
- Би аав, ээж хоёроо алдсан гэдгээ түрүүн хэлсэн байх аа. Би тэр хоёроосоо салаад маш хүнд байсан. Орчлон хорвоо дээр орь ганцаараа үлдсэн болохоор сав л хийвэл ийшээ ирээд шарилынх нь өмнө уйлаад суучихдаг байсан. Нэг удаа хоёр шил архитай ирээд ууж суугаад тасраад уначихаж. Шөнө сэрээд Даландавхарт байгаагаа мэдсэн. Эргэн тойрноо хартал бөөн үхдэлүүд явж байгаа нь харагдсан. Тэд намайг тойроод зогсчихсон. Над руу ойртож байгаа нь мэдрэгдсэн. Гэтэл эцэг, эх хоёр минь гэнэтхэн гараад ирсэн. Тэд нөгөө үхдэлүүдийг “Зайлцгаа” хэмээн хөөж байсан. Тэгснээ надад “Чи л айхгүй бол чамайг яаж ч чадахгүй” гэж хэлсэн. Би зориглоод босоод очсон. Нэгийг нь цохиод авахад хий хоосон зүйл болох нь тодорхой болсон. Гэхдээ чи тэднийг ямар аймаар дүр төрхтэй гэж бодно оо. Намайг аав, ээж хоёрын минь сүнс Даландавхараас гаргаж өгч байлаа.
- Өдөр болохоор харагддаггүй биз дээ?
- Өдөр болохоор харагдахгүй.
- Хэдийнээс эхэлж айхаа больж байнгын оршин суугч нь болов?
- Олон дахин ирсээр байгаад ерөнхийдөө айхаа больсон. Тэгээд л зуны цагт бол хоночихдог болсон. Энд гэдэс цатгалан байдаг юм ш дээ. Архи үнэгүй. Идэх уух юм үнэгүй. Хүмүүс их. Надаас айгаад ойртдоггүй юм.
- Чамайг шарил дотор амьдардаг гэсэн үнэн үү?
- Үнээн. Хэсэг хүмүүс нэг шарилыг тоночихсон юм. Тэгээд л ясыг нь гаргаж хаяад тэнд нь ороод хэвтчихсэн.
- Сүнснээс нь айгаагүй хэрэг үү?
- Сүнс нь байхгүй болчихсон юм аа.
- Юу гэсэн үг вэ?
- Сүнс нь оршуулгын газар уддаггүй юм аа. Нэг тийшээгээ яваад алга болчихдог. Бодвол там руу, эсвэл хойд төрлөө олоод явдаг биз.
- Тэгвэл аав, ээжийн чинь сүнс бий юу?
- Аавын сүнс хоёр жил болоод алга болчихсон. Ээжийн минь сүнс одоо хүртэл надад хоргодоод байж л байгаа. Намайг нэгмөсөн хүрээд ир гээд дууддаг юм. Өөрөөр хэлбэл “үх” гэж байхгүй юу(инээв).
- Тэгээд үхье гэж боддог уу?
- Чи намайг үхүүлж яах гээв. Цаг нь болоогүй бол их буугаар буудсан ч үхэхгүй. Гэхдээ энэ өвөл эндээ унтаж байгаад л чад хийчих санаатай(инээв).
- Чөтгөр шулмас гэж байдаг уу?
- Байна аа. Байлгүй яахав. Муухай дүртэй. Намайг хорлох гээд чаддаггүй юм. Айвал хорлогдоно. Эс айвал тэд яаж ч чадахгүй. Оройд авснаасаа гараад нилээд явчихна. Үүр цайхаас өмнө үнэгэн харанхуйгаар л ирцгээдэг.
- Тэгвэл сайн сүнс ч гэх юм уу даа…?
- Бас л байдаг. Тэд маш хурдан алга болдог. Ээж, аав хоёрын минь сүнс сайн л даа.
- Чи үхээд ямар сүнс болох бол?
- Хуцав аа. Чамд ямар хамаатай юм? Би чөтгөр болоод энэ баячуудыг… гээд тас тас хөхөрсөөр холгүй дүнсийх чимээгүй хотын зүг явж одлоо.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: