Өмнөд Солонгос Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
Өмнөд Солонгос Пхеньянд шинээр нэмэлт хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Өнгөрсөн сарын 29-нд Умард Солонгос тив алгасагч “Хвасонг-15″ пуужин туршсантай нь холбогдуулж, авч байгаа хариу арга хэмжээ гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна. Мөн энэ хориг нь цаашид Пхеньяныг цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг зогсоох, цааш хөгжүүлэх санхүүжилтийг зогсоох зорилготой гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгдэж байна.
Сөүлийн шинэ хоригт Умардын 20 гаруй байгууллага, үүнд банк болон худалдааны байгууллагууд багтаж байна. Мөн энэ хоригт Умард Солонгосын үйл ажиллагаа эрхлэгч 12 иргэн багтаж байна. Тэдгээр иргэн хилийн чинадад байрладаг бөгөөд улсынхаа цэрэг армид харьяалагддаг юм байна.
Шинэ авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд үргэлжилнэ. Энэ удаагийн авч хэрэгжүүлж эхэлж байгаа хориг нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ И-ний хувьд Умардын эсрэг авч байгаа хоёр дахь хориг арга хэмжээнд тооцогдож байна.
Өмнө нь энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Сөүлд айлчлахаас өмнө эхний хоригоо авч байсан юм. Умард Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн 11 дүгээр сарын 28-нд, тив алгасагч баллистик “Хвасонг-15″ нэртэй пуужин харвасан. Уг пуужин 4475 км-ийн өндөрт хөөрч, 53 минутын хугацаанд 950 орчим км зам туулж, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм.
URL: