Шинээр авсан онгоцнууд ослын буулт хийх нь нэмэгджээ
Сүүлийн өдрүүдэд МИАТ компанийн нислэг удаа дараа саатах болсон.
Тодруулж хэлбэл, Улаанбаатарт газардах хуваарьтай байсан МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас саатсан байна. Цаг агаараас болж саатаад байсан Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоц Москва хотод буулт хийлгүй Берлинээс шууд нислэг үйлдэж, бямба гарагийн оройн 23:12 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан байна.
Харин цаг агаарын байдал 17:00 цагаас хойш дээрдсэн тул Москвагийн “Шереметьево-2″ нисэх буудалд Улаанбаатарыг зорихоор хүлээж байсан 82 зорчигчийг Оросын “Аэрофлот” компанийн онгоцоор авчирсан аж.
Түүнчлэн өнгөрсөн баасан гарагийн өглөө нисэх байсан Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд мөн саатал гарсан байна. Мэргэжилтнүүдээс учрыг тодруулахад онгоцны хөдөлгүүрийн заалт 110 гарсан байна. Иймээс тус онгоцоор зорчих байсан 232 зорчигчийг өөр онгоцонд шилжүүлэн суулгажээ. Саатал гарсан онгоц нь түрээсээр авсан “Бойнг 767-300″ онгоц аж. Чухам юуны учир худалдаж авсан онгоцнууд cap, сараар бус өдөр, өдрөөр ослын буулт хийж, эсвэл аль нэг эд ангид нь доголдол гараад буй нь тодорхойгүй юм.
Уг нь дээрх онгоцнуудыг худалдаж авахдаа нээлтийн үйл ажиллагааг нь сүртэй, даржин хийж олон ч зочин гийчин урьж залсан байв. Харин магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр өнөөх онгоцнуудад нь ээлж дараалан эвдрэл гэмтэл гарч, цаг, агаар элдэв төрлийн хөдөлгүүрийн ачааллаар “аргацаах” болж.
Берлиний нислэгүүд удаа дараа саатаж байгаад байнгын зорчигчид ч бухимдалтай байна. Цагаар хойшилдон байсан нислэг эцэстээ өдөр, хоногоор саатах болсонд Берлиний авиа компаниуд ч бухимдалтай байгаа нь дамжиггүй.
Өнгөрсөн зун худалдаж авсан эдгээр онгоцнууд ганц ч улирал өнгөрүүлэлгүй буюу есдүгээр сарын 26-наас эхлэн “тогтмол” эвдэрч, саатах боллоо. Дахин нэг жишээ дурьдахад, өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Токио-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх байсан МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч 174 зорчигчийг өөр онгоцонд шилжүүлж байсан удаатай. Үүнээс хойш дор хаяж 5-6 эвдрэл, саатал манай улсдаа цор ганц Олон улсын МИАТ-т гараад байна.
Т.Хасар
URL: