Ачихаасаа илүүтэй зогсоолоо шийд
Нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогссон автомашиныг ачдаг жишиг тогтоод удаж байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хийж буй алхам. Гэхдээ ачиж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл араасаа хэл ам, хэрүүл тэмцэл таталсаар байгаа юм. Мэдээж хэрэг, яаралтай ажил гараад гялс машинаа тавьчихаад гүйгээд ирэх зуурт машиныг нь ачаад явчихсан байхад захын хүн гомдоллох нь аргагүй. Үүнийг нөгөө талаас нь харах юм бол нийслэлийн замын даац хэтэрч, жил бүр өсөн нэмэгдэж байгаа автомашиныхаа тоонд дарагдах шахаж байхад нэгдүгээр эгнээнд автомашинаа тавиад орхичихсон нөхрөөс болж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг бөглөрөхийг хэн хүсэх билээ. Зоосны хоёр тал шиг ийм зүйлээс яаж эвтэйхэн гарах вэ гэдэг дээр толгой гашилгалгүйгээр шийдвэрлэж байгаа гарц нь нэгдүгээр эгнээнд бүр болон удаан хугацаагаар тавьсан машиныг ачих. Автомашиныг ачих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ерөнхийд нь зохицуулдаг. Өдөрт дунджаар 40-50, ачаалал багатай өдөр 8-10 тээврийн хэрэгслийг ачдаг байна. Ерөнхийд нь гэсний учир эднийхээс гадна “Тэнүүн Огоо”, “Авто гранд мастер”, “ОЧУТ”, “Хас транс”, “BMML-2”, “Ачит Сэлэнгэ” гэсэн зургаан компани машин ачих үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байсан болохоор тэр. Замын цагдаагийн газраас дээрх зургаан хувийн компанид Машин ачиж журамлах эрхийг өгсөн байдаг. Харин Автозамын хөгжлийн газраас тээврийн хэрэгслийг зөөх, шилжүүлэх, түр саатуулах журмыг удаа дараа зөрчиж, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан “Хас транс” компанитай байгуулсан гэрээг өнгөрсөн жилийн өдийд цуцалжээ.
Харин эдний хоорондын уялдаа холбоо муутайгаас тэр үү, өөр хоорондоо ачих “бүтээгдэхүүнээ” булаацалддагаас тэр үү хоромхон зуурт санд мэнд ачиж явснаас иргэдийг бухимдуулах үйлдэл болоод байгаа юм. Замын хөдөлгөөнд саад учруулж байгаа машиныг ачих нь зөв. Гэхдээ хүний эд хөрөнгийг хурга шүүрсэн элээ мэт яаравчлан “булаахын” оронд эхлээд зохих журмын дагуу арга хэмжээ авдаг баймаар байна. Ачилтын хэдэн төгрөгийн төлөө энд тэндхийн булан тохойгоос сэм ажиглаж байгаад эзнийг нь буунгуут таван хормын дотор ачаад явчихаасаа өмнө эзэнд нь мэдэгддэг анхааруулдаг байхыг иргэд хүсч байгаа юм.
Ийм асуултыг олон иргэн тавьдаг. Аливаа машиныг ачаад явах нэг хэрэг. Гэтэл автомашиныг өнгө үзэмж, загвар хийц, улсын дугаараар нь ялгаварлан ачдаг гэх гомдол олон хүний амнаас гарч байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Баячуудын унадаг Lexus 570, Land 200, BMW мэтийг нэгдүгээр эгнээнд байхад тэр бүр оролдохгүй атлаа дундаж амьжиргаатай иргэдийн хэрэглээний машиныг нүд ирмэхийн зуурт ачиж оддог гэдгийг жолоо мушгидаг захын хүн хэлж байна. Тэгсэн атлаа эксел мэтийг тоож ачдаггүй болохыг ч дуулгаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Миссийн тэмцээнд оролцуулах гэж байгаа биш, үнэхээр л ачих ёстой газар тавьсан бол машин болгоныг л ачих журамтай юм биш үү. Түүнээс бус, “За, энэ ч аль нэг даргынх байх. Хэл ам болоод бөөн төвөг удна. Больё” гэдэг ч юм уу, эсвэл “Энэ ч журмын хашааны мөнгөө төлж чадахгүй зай бөглөхийн нэмэр болно. Орхиё” гээд нүд аниад өнгөрөх ч юм уу, үгүй бол “Үүнийг ачаад явчихвал дороо мөнгөө төлж таарна. Гялалзуулчихья” гэсэн маягаар хандаж болохгүй биз дээ.
Ачилттай холбоотой иргэдээс гардаг нэг гомдол бол дэндүү хурдан ачиж байна гэх асуудал. Бас эхний удаад сануулах хэрэгтэй гэдэг. Ер нь бол нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг гэрлийн хурдаар ачдаг бололтой. Ямартаа л “Жолооч нарыг 5-10 минут хүлээгээд машиныг нь ачдаг” гэдгээ Замын хөдөлгөөний удирдах газрынхан нэгэнт мэдэгдчихсэн. Нөгөө хувийн компаниуд бүр ч хурдан ачдаг байж таарна. ЗХУГ-ын сайтад тавигдсан мэдээллээр бол үйлчилгээний хураамж гэж 55000 төгрөг авдаг байна. Журмын хашаанд тавьсны хөлс таван мянган төгрөг дээр нь нэмэгдэнэ. Бас 30 км-ээс дээш зайд тээвэрлэбэл км тутамд 1700 төгрөг нэмэгдэнэ гэнэ. Хөөрхөн орлого шүү. Тэгэхээр ачаад байхаас яахав. Хурдан ачих тусмаа олныг ачих нь ойлгомжтой. Мөнгө гэдэг ийм л хүчтэй эд. Мөнгөтэй болохоор хурдтай байгаа юм. Үүн шигээр төрийн ажлыг ийм хурдаар хийдэг бол тун сайхнаа. Элдэв хүндрэлгүй, нүд ирмэхийн зуурт иргэдийн асуудлыг шийдээд л. Сэрэхгүй бол сайхан зүүд байгаа биз.
Нэгдүгээр эгнээнд зогсохоос аргагүй төрийн үйлчилгээний байгууллага, олон нийтэд үйлчлэх газар олон атлаа машинаа байрлууллаа гээд ачих нь учир дутагдалтай. Юуны өмнө зогсоолын асуудлаа шийдчихээд дараа нь машин байрлуулахгүй байх шаардлага тавиасай гэх хүсэлтийг хувийн машинтай хүн бүр хэлдэг.
Жирийн иргэн миний бодлоор ачилт нь эцсийн шат байлаа гэж бодоход наана нь төлбөртэй зогсоолыг нэммээр байна. Тэгэхдээ сайн дураар үнийг нь тогтоосон, тухайн албан байгууллагын үзэмжийн зогсоол биш. Эзэн нь тодорхой, хураасан мөнгө хаашаа очдог нь илэрхий байх нэгдсэн зогсоолуудыг бий болгомоор байна. Түүнээс бус өөрийн албан байгууллагын байршлыг ашиглаад машины хаалт босгож, хүн ч явуулахгүй, машин ч оруулахгүй хашиж орхиод цагийн 1000 төгрөгийн ханш тогтоогоод мөнгө олдог арга газар аваад удлаа. Нэг цагийн 1000 төгрөг гэдэг яаруу ажлаар яваа түр зогсоол хайсан хүнд хямд сонсогдож болох ч, төлбөрт зогсоолтой ойролцоо ажил алба нь байдаг хүмүүст өдрийн найман цаг машинаа тавихад дулаан гаражид хонуулсанаас ч илүү мөнгө гарч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр зогсоол нэрээр зам хааж, бусдадаа тээг болж байгааг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ачилтаас илүүтэй автомашины зогсоолын асуудал нэг чухал болоод байгааг анхаарах хэрэгтэй. Том барилга байгууламжууд дээрээ машины зогсоолтой болмоор байна. Ялангуяа нягтрал ихтэй хотын төвийн А бүсэд байрладаг том том үйлчилгээний газрууд, их дэлгүүрүүд ийм автомашины зогсоолтой болбол асуудлыг нэлээд хөнгөвчилнө. Мөн автомашины давхар зогсоолтой болмоор байна. 3.5 метр өргөнтэй, 16 метр урттай талбайд 36 машины давхар зогсоол хийсэн туршлага бэлхнээ Монголд байгаа шүү дээ. Түүгээр ч зогсохгүй таван давхар байшинд 24, есөн давхар байшинд 36 машины зогсоол хийх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм болохоор автомашины зогсоолын асуудлыг ингэж шийдвэрлэсэн барилгын компанийг урамшуулдаг болчихвол дэвшил болно доо. Автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлээгүйд нь барилга барих зөвшөөрөл өгөхөө больчихвол манайхан нэгийг бодож, хоёрыг хийх л улс даа.
Н.Саранчимэг
http://www.24tsag.mn/content/158071.shtml
URL: