А.Энхтуул хүрэл медаль хүртлээ
Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн 80 гаруй тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Ану, С.Билгүүн нарын 18 шатарчин оюун ухаанаа сорьсон.
Дээрх тамирчдаас А.Энхтуул ганцаараа медалийн тавцанд үлдсэн байна. Охидын 18 насны ангилалд өрсөлдсөн тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэн, нэг тоглолтод хожигджээ. Ингээд нийлбэр дүнгээр 6.5 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
Энэ ангилалд Гүржийн шатарчин Мэри Арабизе 8.0 оноогоор тэргүүлж, ОХУ-ын Алина Кашлинскаяа 7.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн аж.
Охидын 18 насны ангилалд А.Энхтуулын хамт өрсөлдсөн ФИДЕ Мастер Б.Ану 4.5 оноогоор 34 дүгээр байрт шалгарчээ. Монголын бусад шатарчдын тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ энэ жил охидын 12 насны ангилалд оюун ухаанаа сорьж, 5.0 оноотой 26 дугаар байрт, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн хөвгүүдийн 14 насны ангилалд 5.5 оноогоор 34 дүгээр байрт тус бүр шалгарчээ.
Сурагчдын багийн болон хувийн дэлхийн аварга А.Энхтуул ийнхүү шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа нь энэ юм.
М.Өнөрөө
URL: