ХӨВСГӨЛИЙН АЛТЫГ УХУУЛАХ ШИЙДВЭРИЙН АРД УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН БАЙГАА ЮУ

15926

Монгол Улс дэлхийд цэвэр усны нөөцөөрөө 22-т ордог. Монголын цэвэр усны нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд байдаг. Энэ утгаараа Монголын төрөөс бодлого болгон, уул уурхай, ашигт малтмалын лиценз олголгүй дархалж ирсэн хоёр аймгийн нэг нь Хөвсгөл юм.

Тэгвэл энэ сарын 4-нд Хөвсгөл аймгийн ИТХ хуралдаад 2018 оны төсөвт 50 дугаар өргөргөөс урагш талбайд алтны хайгуул хийнэ гэж хөрөнгө мөнгө суулгажээ. Энэ нь тус аймгийн иргэд, зарим улс төрийн хүчнийг “босгоход” хүргээд байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ындарга Л.Төмөрбаатар нар уул уурхайн хайгуулын ажилд нь зориулж хайгуулын нэгэн компанид 120 сая төгрөг төсөвлөж өгсөн гэнэ.

Харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 50 дугаар өргөргөөс хойшх газар нутаг дархан цаазтай. Тиймээс урагш нутаг дэвсгэрийг нь уул уурхайн “зориулалтаар ашиглахаар орон нутгийн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд удирдлагууд шийдсэн бололтой юм.

Нөгөөтэйгүүр Хөвсгөл нутгийнхан үүний цаана УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байна уу гэж хардаж байгаа ажээ. Учир нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь УИX-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ойрын хүн гэгддэг юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Л.Ганболдыг 2012 оны Орон нутгийн сонгуулийн дараа Хөвсгөл аймгийн Засаг дарга болгох гэж “улаа эргэтэл” гүйжээ.

Тэрээр 2013 оны эхээр МАН-ын генсек Г.Занданшатарын хамт хэвлэлийн бага хурал зарлаж “…Хөвсгөл аймгийн ИТХ өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Л.Ганболдыг Засаг даргаар томилуулах хүсэлтийг Ерөнхий сайдад удаа дараа хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл томилоогүй. Л.Ганболдыг батламжлахгүй байгаа шалтгаан нь төрийн алба хашаагүй гэдэг үндэслэл гаргаж иржээ. Л.Ганболдын хувьд өмнө нь Засаг даргын зөвлөхөөр гурван жил ажилласны зэрэгцээ 2008 оноос хойш Хөвсгөл аимгиин МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Тиймээс төрийн алба хашаагүй гэж үзэх нь үндэслэлгүй” гэж байсан юм. Улмаар Л.Ганболд нь тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягтай шүүхдэлцсэн. Ер нь бол Л.Энх-Амгалан, Л.Ганболд хоёрын харилцааг нутгийнхан нь маш сайн мэддэг ажээ.

Иймд Хөвсгөлийн газар нутгийг ухуулахгүй гэсэн нутгийн иргэдийн тэмцэл дэвэрч магадгүй болсон байна. Юутай ч хамгийн түрүүнд буюу энэ сарын 5-нд тус аймгийн АН-ын хорооноос УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн ИТХ, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагадаа “…Аймгийн ИТХ-ын шийдвэрийг цуцлахгүй бол Монгол орны хоймор нутгийн газар шороог хөндөхийн эсрэг иргэдийнхээ хамт хатуу зогсоно” гэж мэдэгдсэн байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


URL:

Сэтгэгдэл бичих