АНУ Пакистаны харилцаа хурцадлаа

Пакистан улс АНУ-тай тогтоосон дипломат харилцаагаа эргэн харж улмаар Цагаан ордонд ямар нэг байдлаар цэргийн дэмжлэг, хавсарга хүчин болохгүй байхаа зарлалаа.

НАТО-гийн нисдэг тэргүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр тус улсын хил дээр цэргийн тусгай ажиллагаа явуулсны улмаас Пакистаны армийн 24 албан хаагч амь үрэгдсэнтэй холбоотойгоор асуудал ийнхүү босоод байгаа юм.

НАТО-гийн нисдэг тэрэгнүүд хилийн постын ойролцоо нисэж явснаа гэнэт чиглэлээ өөрчлөн постууд руу пуужин харваж, пулемётоор шүршсэн байна.

Хоорондоо хол зайтай хилийн постууд руу ийнхүү НАТО-гийн нисдэг тэргүүд нэгэн зэрэг гэнэт довтолсны улмаас 24 пакистаны хилчид амь үрэгдэж, 13 хилчин хүндээр шархадсан байна. Амьд үлдэгсдийн нэгнээс пакистаны хэвлэлийнхэн мэдээлэл авсан байна. Хабиб Нажиал хэмээх тус хилчний ярьж буйгаар бол НАТО-гийн нисдэг тэрэгнүүдийн өөдөөс тэд нэг ч удаа эсэргүүцэн буудаж амжаагүй гэнэ. Пакистан цэргүүдийн нэг хий дэмий агаарт дохио илгээсэн боловч нисдэг тэрэгнүүд буудсаар байсан аж.

Энэ явдалтай холбогдуулаад НАТО-гийн нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдээлэл хийж Пакистаны талаас хүлцэл эрсэн байна.

Харин Пакистаны засгийн газар үүнийг хангалтгүй хэмээн үзээд АНУ болон Пакистаны хооронд тогтоосон иргэний болон цэргийн харилцаагаа эргэн харж үзэх болсноо зарлалаа.

Мөн Афганистан дахь НАТО болон АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагаанд огтхон ч хавсаргүй хүчин болж оролцохгүй болсноо мэдэгдэж байна.

Тиймээс ажиглагчдын үзэж буйгаар бол АНУ энэхүү хариуцлагагүй үйлдлээрээ Пакистаныг өөрөөсөө нэгмөсөн түлхлээ хэмээжээ.

Пакистан Афганистаны хил дээр энэ оны эхнээс авахуулаад өдгөөг хүртэл АНУ нисгэгчгүй байлдааны онгоцны турших хөтөлбөрөө хэрэгжүүлж удаа дараа Пакистаны хил орчмын нутгуудаар дайралт хийж олон энгийн иргэд болон цэргүүдийн аминд хүрээд байгаа. Үүнтэй холбогдуулан Пакистаны тал удаа дараа эсэргүүцэл бүхий мэдэгдэл гаргадаг ч энэ удаагийнх шиг ноцтой хэмжээнд яригдаж байгаагүй юм.

АНУ Пакистаны харилцаа сүүлийн үед Осама бин Ладен болон америкийн тусгай хүчний нисэх онгоцны үлдэгдлийг пакистаны тал хятадын цэргийнхэнд шилжүүлж өгсөн гэх мэт асуудлаас болж нэлээд эвгүйтэх болсон.

Удаа дараагийн агаарын довтолгооныг Пакистан улс тэсэж өнгөрүүлж байсан бол энэ удаад аргагүй дипломат харилцаагаа таслах хэмжээний асуудал дэгдээхээс аргагүйд хүрлээ хэмээн өрнөдийн мэдээллийн агентлагууд уламжилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих