Д.Отгонбаяр: “Хурд”, “Харанга”, “Чингис хаан” шиг хамтлаг дахиж төрнө гэдэгт би эргэлздэг

“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед “Хурд” хамтлагийнхан нам гүмхэн байлаа. Энэ хугацаанд уран бүтээлийн олз арвин байв уу?

-Энэ хугацаанд ерөнхийдөө урлагийнхаа ажлыг хийдгээрээ л хийж ирлээ. Өглөө арван цагт цуглаад, үдээс хойш ахиж цуглан орой тараад тоглолт хүлээдэг ерээд оны эхэн үеийг бодоход бүх зүйл харьцангуй өөр болсон шүү дээ. Урлаг соёлын янз бүрийн үйл ажиллагаа, тоглолтууд олон болж. Ер нь долоо хоногийн пүрэв, баасан, бямба, ням гаригуудад байнгын үйлчилгээний тоглолттой байдаг. Үйлчилгээний гэдгийг нэг утгаар нь урлаг гэж хэлж болно. Бид ард түмэн, албан байгууллагын ойнууд, хуримын тоглолтын захиалгад дарагдах нь бий. Үндсэндээ гэрээ хийж үйлчилгээ үзүүлж байгаа нь тэр. Өнөө жил л гэхэд 80, 90 жилийн ойгоо тэмдэглэж буй аймгуудын ард иргэдэд уран бүтээлээ толилууллаа.

-Одоо хийх гэж буй тоглолт та бүхний хэд дэх тайлан билээ?

-Энэ болтооны араас хөөцөлдсөн тоглолт биш юм. Би хэд дэх тоглолтоо ч мартчихсан байна. Анх 1994 онд “Хар салхи” нэртэй концертоо Улсын циркт тоглож байснаас хойш өдийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ хийж бие даасан томоохон хэмжээний арав гаруй тоглолт хийсэн байх аа. Бусад гадуур тоглогдсон том, жижиг хэмжээний концертуудтайгаа нийлүүлэх юм бол 500 гарчихсан тууж байгаа шүү.

-Сүүлийн тоглолт тань “Хайрын салхи” нэртэйгээр үзэгч олонд хүрсэн дээ?

-Тийм ээ. Өнөө жилийн тоглолтоо “Best of Hurd” гэж нэрлэмээр байна. 2011 он ивээлтэй их сайхан жил, сайхан зун, намар болсон. Байгаль дэлхий, эх орон минь ч бас хөгжлийн тулгуур гараан дээр ирчихэж. Сайнтай ч бай, муутай ч бай юм бүхэн хөдөлгөөнд орчихож. Бид нар ч бас дуугүй баймааргүй байна. Өмнөх “Хайрын салхи” тоглолтон дээр шинэ уран бүтээлүүд зонхилж байсан бол одоо тоглогдох концертод “Хурд”-ын хамгийн шилдэг гэсэн уран бүтээлүүд орох болно. “Best of Hurd” тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм. Нэгдүгээр хэсэг нь анплагед хоёрдугаар хэсэг нь электрон гитаруудаараа рок дуунуудаа тоглож “Хурд” ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуугаа дуулах болохоор уг тоглолт онцлог байх болов уу. Илүү сэтгэлд ойр, дотно сэтгэлийн тоглолт уулзалт болно гэдэгт огт эргэлзэхгүй байгаа шүү.

-Тоглолтын сюрприз гэвэл?

-Яах вэ. Угаалгын машин, индүү гэсэн янз бүрийн сюрприз байхгүй ээ. Гэхдээ тоглолт маань тэр чигээрээ бэлэг байх болно гэдгийг хэлье. Халуун дулаан хүн чанар, хайрын концерт болох юм. Миний гитараа яаж тоглох вэ гэдэг нь хүртэл өөрөө сюрприз юм л даа. Хоёр жил бэлтгэж байж хоёрхон өдөр тоглож байна гээд бодоод үз дээ.

-”Талархлын концерт”-оо орон нутгуудаар ахин тоглох уу?

-Он гараад “Талархлын концерт”-оо мэдээж тоглоно. Өнгөрсөн зун гэхэд л Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Булган, Хөвсгөл гээд олон аймгаар тоглосон. Одоо үлдсэн аймгуудаараа тоглож ард түмэнтэйгээ учран золгох болно. Мөн “Хурд”-ынхан он гаргаад Европоор тойрон аялж тоглолт хийнэ. Энэ тоглолт бол монголчуудад тоглох тоглолт биш Унгарт төв нь байдаг Европын рок хөгжмийн фестивальд оролцох юм. Урилга, гэрээ нь ирээд байгаа. Ганц авууштай зүйл нь та нар монголоороо л бай, тэр чинь их сонин, өөр юу ч хэрэггүй гэсэн. Зохион байгуулагч агентлаг нь томоохон агентлагийн нэг юм билээ.

Бидний сайн мэдэх “Рамштейн” хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулж анх гаргаж ирсан. Энэ фестивальд заавал англи хэл дээр дуулах албагүй төрөлх хэлээрэй дуулж, хуурдах юм билээ. Европынхон өөрсдийнхөө хөгжмийг сонссоор байгаад уйдаад бүр залхчихсан байдаг болохоор өөр улс орнуудын хөгжим ямар байна гэсэн чиг хандлагыг судлаад эхэлсэн байна. Монголыг бол бүр сонирхоод манай улс чинь моодонд ороод эхэлчихсэн байна лээ. Хэзээ байхдаа манайд Германы Канцлер, том том улсуудын төрийн тэргүүнүүд ирдэг байлаа. Үүнд учир бий шүү. Түүнийгээ дагаад спорт хөгжиж байгаа бол урлагийг бас сонирхоод эхэлчихсэн. Тус агентлагийнхан Монголын рок хамтлагуудыг судлаад манайхыг сонгосон юм байгаа биз. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дөрөвдүгээр сараас Европын арван таван орноор аялан тоглолт маань эхэлнэ. Тал нутгийн монгол хамтлагийн тоглолтыг хүлээж л байгаа байлгүй дээ.

-Эрхбиш танай хамтлагийнхан Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар очиж тоглосон байлгүй дээ. Гадаадын орнууд гээд ярихаар чинь ингэж асууж байна аа?

-”Хурд” хамтлаг байгуулагдсанаасаа хойш тоглоогүй аймаг, очоогүй сум гэж байхгүй. Эндээс харахаар манай хамтлаг ард түмэнтэйгээ ойр байдаг, эрэлт хэрэгцээтэй хүн ардынхаа хайртай хамтлаг болжээ гэж өөрийн эрхгүй бодогддог шүү. Бид өнөөдөр арав гаруй цомог гаргасан байна. Нийт урын сандаа хоёр зуу гаруй дуутай. Хамгийн сүүлд “Хайрын салхи” цомгоо сонсогчдодоо хүргэсэн. Шинэ он гаргаад шинэ альбомоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ альбом маань бусдаасаа арай өөр. Хүмүүс тухаарал бэлэглэсэн, гэрэл гэгээтэй, оюунлаг цомог юм.

-”Хурд” хамтлагийн гитарчин П.Наранбаатар буюу Нарсар хамтлагаасаа гарсан. Энэ удаагийн тоглолтод оролцохгүй гэж дуулдаад байгаа?

-Тийм ээ, оролцохгүй ээ. Одоо “Хурд”-ын ямар ч тоглолтод энэ хүн оролцохгүй гэдгийг хэлье. Ямарваа нэгэн хамтлагийн нэг, хоёр гишүүн хамтлагаасаа гарч л байдаг. Хамтлагийн амин сүнс хэзээ ч салшгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хамтлагтаа гитарчин нэмж авах уу?

-Үгүй. Тэртэй тэргүй Монголоор дүүрэн гитарчин байхад яах юм.

-”Монстер” шоуны шүүгч хийж байгаа харагдсан. Та бүгдийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?

-Одоо нэг мундаг үе гарч ирж байна. Гэвч монголчуудад таалагдсан “Соёл-эрдэнэ”, “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” хамтлаг гэдэг шиг тийм хамтлаг төрөх эсэх нь их эргэлзээтэй байгаа. Энэ бол тэвчээрээс шалтгаална. Олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд үлддэг болов уу гэж боддог. Тэгэхгүйгээр хоёр жил тоглочихоод тарчихдаг хамтлагийг би хамтлаг гэж хэлэхгүй. Бие биенийгээ сонсч юуны төлөө тоглож байгаагаа мэдэх хэрэгтэй. Бид Монголын рок попыг хөгжүүлэхийн төлөө явж байна. Хүмүүс амьдрахын төлөө гэж ярьдаг. Ард нь рок попын төлөө гэх зүрх сэтгэл байж гэмээнэ амжилтад хүрнэ.

-”Хурд” хамтлаг рок попын урлагт зүрх сэтгэлээ бүрэн зориулж чадсан уу?

-Мэдээж. Үүнээс илүүг би зориулж чадахгүй. Зүгээр нэг бацаан гүйж ирээд “Хурд”-ын гитарчин болчихоогүй. Рок попын түүхийг сөхөөд харахад тэртээ жараад оноос эхтэй энэ урлагт амь нас, зүрх сэтгэлээ зориулсан олон хөгжмийн зохиолч, дуучдын хүч чадал шингэсэн байдаг болохоор би дотроо залбирч явдаг юм. Тэд байсан болохоор бид одоо байгаа, бид байгаа болохоор бидний хойч үе байгаа юм.

-Гар нийлж ажилладаг уран бүтээлчид гэвэл?

-Анхных нь гэхэд Б.Галсансүх, Х.Чилаажав байна. Х.Чилаажав хорь гаруй дууны шүлэг бичсэн мундаг яруу найрагч. Жинхэнэ монгол ахуй, амьдрал үнэртсэн өөр ертөнц шүү. Манай Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар ах нар байна. Хамтарч ажиллахад урамтай, бие биенээ ойлгоход хялбар байдаг юм. Зуу зуун жилд дуулагдах энэ бүтээлийг хамтдаа бүтээж байна гэхээр агуу л даа.

-”Чоно” хамтлагийнхан маань хаагуур юу хийж явна вэ?

-”Чоно” одоохондоо уран бүтээл хийгээгүй ээ. Дуучин Дэрмээ маань өөрийн гэсэн альбомоо хийж байгаа, Цаашид ингээд явах байх. “Чоно”-ыг сонсох хүсэлтэй газар байдаг юм бол очоод тоглодог л юм байгаа биз. Тэдний асуудалд бид нар оролцохгүй.

-Тэгэхээр “Чоно” хамтлагийг тарсан гэж ойлгож болох уу?

-Тарсан гэхэд ч хаашаа юм. Тараагүй гэхэд ч хаашаа юм. Байцгааж л байна.

-Ард түмний хайртай нэгэн уран бүтээлчийн тань хувьд асуухад, манай рок попын хөгжил өнөөдөр ямар байна вэ. Гол нь урлагийг үнэлэх үнэлэмж ямар байна. Үүнд саналаа хэлэхгүй юу?

-Манай улс хөгжөөд хэдэн жил болж байгаа билээ. Англиас гаралтай энэ урлаг хөгжөөд хэдэн жил болж байна. Үүнд маш их учир байгаа юм. Нийгмийн хөгжилтэй холбоотой,  Америкт амьдарч байгаад ирсэн Чинбаа сая тоглолт хийлээ. Чинбаагийн хөгжмийг Америкаас ирсэн том, том хөгжимчид тоглож байгаа гэхээр дэлхийгээс нэг дутахааргүй байна. Хэв маяг гээд хоцрогдоод алийгаа алдсан юм бол алга.

Үүнийг бүгд мэдэрч байгаа.

Дэлхийд гарах гарц, хүч хөдөлмөр, мөнгө хэрэгтэй байна. Манай улс ер нь их сонин ш дээ. Сэтгэл дундуур явдаг ганц зүйл байдаг юм. Спортыг дэмжиж яасан их хөрөнгө хаяж байна вэ.

Мэргэжлийн урлагийнханд, ээ чааваас юу өгч байна аа. Хөөрхий минь өрөвдмөөр байдаг ш дээ. Бидний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид бидэнтэй зэрэгцээд л хурим найран дээр тоглоод явж байгааг хараад гутардаг. Үнэхээр улсын статуст орсон мундаг хөгжимчин тэр өндөр цалингаа аваад ганцхан театртаа уран бүтээлээ туурвиад явах хэрэгтэй. Зөвхөн театрын дуучид, хөгжимчид, жүжигчид байх хэрэгтэй болов уу. Одоо бол үнэхээр утгаа алдаж байна. Урлагийг үнэхээр зүрх сэтгэлээрээ ойлгодог хүн гараад ирэх юм бол мөнгө бол байгаа.

Мөнгөгүй болохоор урлаг яаж хөгжих вэ дээ. Бөөн гоё санаанууд л байгаад байдаг. Хоёр зуун тавин мянган төгрөгийн цалингаар яаж амьдрах вэ. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд, жинхэнэ сэтгэлээрээ амьдарч, хөглөгдөж яваа хүмүүс бол урлагийнхан даа. Драмын жүжигчдийг харахаар тэр гоё дүрийг бүтээж байна.

Үзэгчид нь ч оюуны өндөр чадамжтай хүмүүс байдаг. Том, том бизнесменүүд тэднийг шүтчихээд гараад явдаг. Гэтэл манай жүжигчид хөлсөө арчаад жижиг тэргэндээ суугаад гэртээ хариад лавшаагаа идээд унтаж байгаа байхгүй юу яг үнэндээ. Монголын урлаг ямар байгаагийн зүгээр л нэг тод жишээ энэ.

Э.ЭНХБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих