Түүхий төслийн сүүдэр нь хямрал

218761-05122017-1512437974-312623530-1Төсөл бол тоглоом биш. Сайтар тооцохгүй, сайн тооцлоо гэхэд тууштай хэрэгжүүлэхгүй бол төсөл, хөтөлбөрүүд хямралын үндэс, өрийн эх үүсвэр болдгийг өнгөрсөн түүхүүд хангалттай харуулж байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө Монгол төслөөр амьсгалж байлаа. Дотоодын хэрэгцээг бүрэн хангана, импортыг орлоно… Ийм сүржин нэртэй төслүүдийн нэр урсаж, түүнийг дагасан санхүүжилт ч хэдэн тэрбумаар хэмжигдэж байв.

Олон зуугаар тоологдсон эдгээр төслийн эхний төсөөллөөр бол Монгол Улс хэдийнэ хөгжлийн шинэ шатанд хүрчих байлаа. Гэсэн ч төсөл бүхэн хөгжил авчирдаггүйг өнгөрсөн хэдэн жил бид хангалттай харлаа. Ер нь хэдхэн жилийн өмнөхийг биш түүнээс урьдахыг сөхөхөд ч сайн бус саар төслүүд цөөнгүй бий. Тухайлбал, Даланзадгадын дулааны станцын төслийг учир мэдэх олон хүн муу төслийн сайн жишээгээр нэрлэдэг. Тэртээ 1995 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын зээлээр Өмнөговь аймгийн Даланзадгадад дулааны станц барихаар шийдсэн байдаг. Энэ цагаас эхлээд уг төслийн бараан түүх эхэлсэн. Станц байгуулах ажил л гэхэд хэдэн жил эргэж хургасаар 2000 онд дууссан.

Төсөл бүр, мөнгө бүр хөгжил дэвшил, өсөлт дагуулдаггүй

Гэвч тус станц ашиглалтад орсон цагаасаа эхлэн байсхийгээд тэг зогсолт хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл дагуулсан юм. Ялангуяа, 2012 оны тэг зогсолт. Идэр ес тачигнаж байсан нэгдүгээр сарын эхээр илч, дулааны эх үүсвэр цахилгаан станц таг зогсож, Өмнөговийн иргэд гал алдахад хүрсэн гашуун түүхтэй. Ингээд ашиглалтад ороод ердөө арваадхан жил болсон станц дахин 3.8 сая ам.долларын санхүүжилт нэхсэн байна. Хамгийн гол нь засаж, сэлбээд ч станцын ажиллагаа сайжраагүй төдийгүй байсхийгээд л хүндэрч, албаныхныг айлгана.

Хүндрэл үүсэх бүрт станцын амийг торгоохын тулд улсын болон орон нутгийн төсвөөс мөнгө цутгасаар ирсэн юм. Ингээд өмнийн говьд илч, дулааны эх үүсвэр болгохоор байгуулсан тус станц эргээд өр, алдагдлын эх үндэс болсон билээ. Анхнаасаа станцын зураг төсөл нь буруу гарсан. Дээр нь янз бүрийн улсаас, өөр өөр стандарттай төхөөрөмжүүд суурилуулсан нь осол, гэмтлийн шалтгаан болсныг албаныхан хэлдэг. Өнөөг хүртэл өмнөговьчууд уг станцад хэзээ юу болох бол гэсэн айдастай хэвээр байна. Тооцоо судалгаа түүхий төслүүд улс хийгээд иргэд, хувийн хэвшилд дарамт болдгийн бодит жишээ энэ. Орон нутгаас гадна нийслэлд ч ийм төсөл мундахгүй.

  • Төр түүхий төсөлд хөрөнгө хаявал энэ нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, улсын төсөвт дарамт болохоос хэтэрдэггүй.
  • Улсын төсөвт суусан, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүд удаашрах тусам зардал нь нэмэгдэж, санхүүжилтийнх өртөг нь өсөж байдаг.
  • Төслийн удирдлагын “PMI Mongolia Chapter” байгууллагын тооцоогоор олон улсад томоохон төслүүдийн ДНБ-д эзлэх хувь нь дунджаар 25 хувьтай байдаг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 40 орчим хувьд хүрдэг байна.

Хэдэн жилийн өмнө Сэлбэ голын урсацыг сайжруулах нэртэй сүржин төслийн нээлт болсныг нийслэлчүүд мартаагүй байх. 2011 оны есдүгээр сард нээлтээ хийсэн уг төсөл эхний 1-2 жил эрчимтэй урагшилсан. Энэ хугацаанд 1.3 километр талбайг хамрах уг төслийн 30 гаруй хувийг тохижуулж, сайжруулсан. Гэвч үлдсэн хэсгийнх нь хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаагүйгээс төсөл гацлаа. Бүр гацаад зогсохгүй өмнөх шинэчлэлдээ сөргөөр нөлөөлж эхэлсэн байдаг. Ингээд татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг зарцуулсан төслийн үр дүн суларч, зарцуулсан хөрөнгө нь үр ашиггүй болж эхэлсэн юм.

Анхнаасаа нарийн тооцоогүй, тууштай хэрэгжүүлээгүй төслүүд хөгжил бус хүндрэл, цаашлаад хямралын эх үндэс болсоор. Ялангуяа, үндэсний томоохон компаниудыг эс тооцвол төслийн талаар ойлголт, мэдлэг манайд дутмаг хэвээр. Тэр тусмаа төрийн байгууллагын түвшинд энэ ойлголт хэвшээгүй байгааг салбарынхан хэлдэг. Төсөл бол үйл явц. Энэ үйл явцыг зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөснөөс төслийн хувь заяа хамаардаг. Буруу тооцоо, төлөвлөлт нь төслийн өртгийг өсгөдөг. Хувийн хэвшил ийм төсөл хэрэгжүүлснээр компанийг дампууралд хөтөлнө.

Харин төр түүхий төсөлд хөрөнгө хаявал энэ нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, улсын төсөвт дарамт болохоос хэтэрдэггүй. Ялангуяа, улсын төсөвт суусан, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүд удаашрах тусам зардал нь нэмэгдэж, санхүүжилтийнх нь өртөг өсөж байдаг. Манай хамгийн амжилттай урагшилж буй төслүүдэд хүртэл зарим дутагдал ажиглагдах нь бий. Тухайлбал, Монголын иргэний нисэхийн салбарын ирээдүй болох Хөшигийн хөндийн нисэх буудлын үүдээ нээх хугацаа хойшилсоор.

Албаны мэдээллээр, нисэх буудлын барилгын ажил дууссан. Өөрөөр хэлбэл, онгоцоо хүлээн авахад бэлэн болсон. Харин үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, нисэх буудал хүрэх зам зэрэг ажил дутуугаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Бэлэн болсон барилга ч халаалт, дулаан хэрэглэж, тэр хэрээр төслийн зардал нэмэгдэж таарна. Төслийг цогцоор нь хараагүй, нэгдсэн удирдлага дор зангидаагүйгээс ийм байдалд орчихоод байна. Япон улсаас их хэмжээний зээл авч босгосон нисэх буудлын барилга өнөө хэр хөөрч, буулгах онгоцоо хүлээсээр. Энэ хэрээр зээлийн хугацаа хийгээд хүүгийн хүрд эргэж буй. Энэ мэт олон төслийг нэрлэж болно. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эдгээр төслийн алдааг өдгөө засах боломжгүй.

Хамгийн гол нь муу төслийн сүүдрийг ухаарч, цаг хугацаа, мөнгө, эх үүсвэр гарздадагийг ойлгох нь чухал. Улмаар эдгээр төслөөс сургамж авч, дараагийн удаа гаргасан алдаагаа давтахгүй байх нь чухал байгаа юм. Ялангуяа, Монголд хэрэгжүүлж буй төслийн тоо олон байгаа энэ үед тун болгоомжтой хандах хэрэгтэй. Төслийн удирдлагын “PMI Mongolia Chapter” байгууллагын тооцоогоор олон улсад томоохон төслүүдийн ДНБ-д эзлэх хувь нь дунджаар 25 хувьтай байдаг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 40 орчим хувьд хүрдэг байна.

Иймд зөв тооцоо судалгаатай, чухал төслүүддээ хөрөнгө оруулахгүй бол энэ нь улсыг хөгжил өөд бус өрийн хэлхээнд түлхэж орхидог болохыг бид хангалттай харлаа, мэдэрлээ. Цаашлаад төсөл бүр, мөнгө бүр хөгжил, дэвшил, өсөлт дагуулдаггүй. Зөвхөн зөв зүйлд зарцуулсан хөрөнгө оруулалт нь өгөөж авчирдаг болохыг ирэх жилүүдэд ч ухамсарлахад илүүдэхгүй. Эс бөгөөс төслийн сүүдэр өр, хямрал дагуулсаар байх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих