“Сөүл болон Вашингтон Солонгосын хойгийг цөмийн дайны ирмэгт аваачлаа”
СӨҮЛ. /Ройтерс/. АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хүчний хамтарсан цэргийн сургуулилтынхаа хүрээнд өнөөдөр Америкийн “B-1B” бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн дээгүүр нисгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ бөмбөгдөгч онгоцыг хамтарсан цэргийн сургуулилтад ашиглаж, тус хойгийн дээгүүр нисгэсэн нь Вашингтон болон Сөүлийн зүгээс Пхеньянд өгч буй “анхааруулга” гэж олон улсын ажиглагчид үзэж байна байна.
Пхеньян АНУ-ын эх газарт хүрч, цохилт өгөх хүчин чадал бүхий шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин харван туршсанаас долоо хүрэхгүй хоногийн дараа буюу энэ долоо хоногийн даваа гарагаас АНУ болон Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнийхэн тав хоногийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм.
АНУ урьд өмнө нь цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Пхеньянд “анхааруулга” болгох үүднээс тус хойгт бөмбөгдөгч нисэх онгоцуудаа байрлуулж байсан удаатай.
Вашингтон болон Сөүл 200 гаруй байлдааны нисэх онгоц, тухайлбал “ F-22” болон “F-35” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцоор сургуулилт хийж байгаа аж.
“Дайны бэлтгэл” хийж байна гэж хамтарсан цэргийн сургуулилт хийх бүрт нь АНУ-Өмнөд Солонгосыг Пхеньян буруушаадаг бөгөөд энэ удаагийн сургуулилт эхэлсний дараа буюу даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Сөүл болон Вашингтон Солонгосын хойгийг цөмийн дайны ирмэгт аваачлаа” гэсэн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: