Б.МЯГМАР: 3000 ГАРУЙ ӨРХИЙН ЭМЧ төрийн алба хаагчдад олгож буй 300,000 ТӨГРӨГИЙГ АВАХ ЭРХГҮЙ байна
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ЗОГСООХЫГ ШААРДАЖ хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хүралд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, Нийслэлийн Өрхийн эмнэлнүүдийн эрүүл мэндийн төвийн ажилчидын үйлдвэрчний эвлэлийн дарга н.Өнөрсайхан болон нийслэлийн, орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, төлөөлөллүүд оролцсон юм.
МЭМАҮХ-ны дарга Б.Мягмар
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, сануулах ажил хаялт хийсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг байгуулж, улмаар эрүүл мэндийн салбарын 3 талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн баасан гаригт эхлүүлж, ихэнх заалтуудыг зөвшилцөн хэдий ч өрхийн эрүүл мэндийн эмч нарт улсаас олгох 300000 төгрөгийг олгохгүй гэсэн шалтгааны улмаас хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрч, маргаан үүсгэх нөхцөл үүсээд байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй хэмээн ЭМЯ, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь өрхийн эмч ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Шалтгаан нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16,2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” хэмээн тодорхойлсонтой холбоотой. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага бөгөөд, зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө зүтгэж байна. Эдгээр эмч нарыг төрийн албан хаагч биш хэмээн үзэж байгаад эмч нар их гомдолтой байгаа.
Тийм учраас Өрхийн эрүүл мэндийн төвийн 3,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Сангийн яаманд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа. Нийт 2,400 хүнд хүрч ажилладаг энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна.
Монголын төр хүнээ үнэлээч, хүнээ битгий ялгаварлан гадуурх.
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж , 12 дугаар сарын 8-ны өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэх болно .” хэмээлээ.
ШААРДЛАГА /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
1. Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын нэмэлт хэлэлцээрт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүйгээр 300,000 төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх,
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, арвандугаар сарын 8-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэлээ.
2. Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3,000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд нийт хүн амын 70 хувьд стандарт, тусламж үйлчилгээний багцад заагдсан эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна салбарын бүхий л мэдээ, тайлан, үндэсний 29 хөтөлбөр, стратеги хэрэгжүүлэх, товлолт болон нөхөн дархлаажуулалт, эрүүл мэндийн салбарын цаг үеийн кампанит ажлуудыг цаг хугацаанд нь хийхээр цаг наргүй зүтгэж байна.
3. Үүнээс гадна өдрийн яаралтай дуудлагад айлаар явж, намар, хаврын нөхөн дархлаажуулалт, халдварт бус өвчнийг илрүүлэх үзлэг, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үзлэг гэх мэт эрүүл мэндийн салбарын цаг үеийн бүхий л ажлуудыг нуруундаа үүрч, дахин сэргэж байгаа халдварт өвчний дэгдэлт улаан бурхан, томуу томуу төст өвчний үеэр илүү цагаар ажиллаж, хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.
4. Нэг өрхийн эмч сувилагчид 2,200-3,200 хүн ам, 70-123 нярай хүүхэд, 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэд ноогдож, тэдэнд гэрийн идэвхтэй эргэлт, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт нэг өрхийн эмч сувилагч дунджаар 30-64 хүнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөөс гадна яаралтай 5-7 дуудлаганд явж байна.
5. Салбарын цаг үеийн ажлууд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүхий л ажлыг тухайлбал “Элэг бүтэн монгол “ үндэсний хөтөлбөр, улаан бурхан болон томуугийн нэмэлт дархлаажуулалтыг заасан хувьд нь хүргэх гэж ажлын үнэлэмжгүйгээр гутлаа эргэтэл, нохойд хөөгдөж айл, айлын хаалга нүдэж, хагас бүтэн сайнгүй илүү цагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байна.
6. Бид үнэлэмжгүй олон ажил хийлээ гэж хэзээ ч төрөөс мөнгө нэхэж, хэцүү байна гэж гомдол гаргадаггүй. Гэтэл энэ ажлыг өөр хүмүүс хийхдээ маш их хөлсөөр, өндөр ажлын үнэлэмжтэйгээр хийдэг юм байна. Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрөөр бидний хийсэн шинжилгээний бэлэн сийвэнд зөвхөн С вирусын идэвхжил тоолоход лабораториудад нэг иргэнд 80,000-130,000 төгрөг төрөөс өгсөн. Сайн дурын нэмэлт дархлаажуулалтыг хувийн эмнэлгүүд нэг иргэнд 15,000-25,000 төгрөгөөр хийж байх жишээтэй.
Гэтэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нараар хийлгүүлэхдээ бүх тусламж үйлчилгээ нь үнэ төлбөргүй, төрөөс өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын нийгмийн асуудал шийдэх болохоороо адилхан хүн ардынхаа төлөө зүтгэж байгаа салбарын Эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үүрч яваа цагаан нөмрөгтэй эмч ажилчдаа ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцлээ.
Бид Эрүүл мэндийн анхан шатны салбарыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө сэтгэл зүрх нэгтэй ажиллаж байна. Гэхдээ бид эрүүл мэндийн салбартаа дээрх бүх ажлыг үнэ төлбөргүй хийснийхээ төлөө гадуурхагдаж төрөөс үзүүлж байгаа Эрүүл мэндийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээс хасаж байгааг эсэргүүцэж, олгохыг шаардаж байна гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
URL: