Дональд Трамп өнөөдөр Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч магадгүй

Өнөөдөр буюу Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа тус хот руу нүүлгэх шийдвэр гаргаж магадгүй болжээ.

 15738

Ингэснээр Вашингтоны олон жил мөрдөж ирсэн гадаад бодлогод өөрчлөлт оруулж, Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгах нөхцөл бүрдэж байна.

Арабын орнууд хүчтэй эсэргүүцэж байсан ч Трамп төрийн департментдаа элчин сайдын яамыг эртний түүхт хот руу нүүлгэх төлөвлөгөө боловсруулахыг үүрэгдсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ.

Хэрвээ Трамп Иерусалемыг бүхэлд нь нийслэлээ болгох гэсэн Израйлийн зүтгэлийг дэмжвэл энэ хотын зүүн хэсгийг ирээдүйн нийслэлээ болгох хүсэлтэй Палестинчуудын хувьд том цохилт болно.

Олон улсын хамтын нийгэмлэг тус хотыг бүхэлд нь эзэмших Израйлийн статусыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иерусалем хот нь Ислам, Жүүд, Загалмайтны шашинтнуудын ариун газруудыг багтаасан түүхэн чухал газар шороо.

Өчигдөр энэ асуудлаар Трамп Египетийн ерөнхийлөгч, Саудын Арабын хаан, Иорданы хаан, Палестины ерөнхийлөгч нартай утсаар зөвлөлдөхөд Арабын удирдагчид дуу нэгтэйгээр АНУ-ын бодлогыг эсэргүүцэж, ингэвэл Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгана гэж анхааруулжээ.

Трамп бас Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан байна. АНУ, Израйль хоёр урт хугацаанд түншилж ирсэн орнууд хэдий ч Вашингтон элчин сайдын яамаа Иерусалемд нүүлгэхийг хойшлуулсаар ирсэн түүхтэй.

Одоогоор дэлхийн ямар ч улс орон элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлээгүй байгаа юм. 1967 оны Ойрх Дорнодын дайны дараа Израйлийн арми Арабын мэдлийн зүүн Иерусалемыг өөртөө нэгтгэсэн ч одоо болтол олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.

Эх сурвалж: Reuters

Р.ТӨМӨР, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих