Ц.ЦОГЗОЛМАА: МУИС-ИЙН СТАТУСЫГ НЬ ХАМГААЛАХ БОДЛОГОД ОНЦГОЙЛОН АНХААРНА

p1c0j32mjc1idbom691v1kq21pst3

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр МУИС-д ажлын уулзалт хийж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд сургуулийн захирал Я.Төмөрбаатар МУИС-д тулгамдаж буй асуудлууд, ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав. Тэрбээр, “Манай сургуульд хичээл болон оюутны байрыг шинэчлэх гээд шийдвэрлэвэл зохих олон асуудал бий. Тухайлбал, хичээлийн VI байр хөрөнгө оруулалтгүйн улмаас актлагдаад гурван жил болж байна. Үүнд 25 сая долларын өртөгтэй, 16 давхар хичээлийн шинэ байр барих бэлтгэл ажил хангаад явж байна. Мөн МУИС 75 жилийн түүхэндээ оюутнуудад зориулсан спортын ганцхан заалтай. Тиймээс оюутнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, оюуны ачааллын хажуугаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор Хичээлийн IV байрны ард талд нийт 7.8 тэрбум төгрөгийн өртөгтэй спортын цогцолбор барьж байгаа. Одоогоор 1.8 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Энэ ондоо багтаан нэг тэрбум төгрөгийн ажил хийнэ. Үлдэж буй таван тэрбум төгрөгийг цаашид улсын төсөвт суулгаж шийдэх асуудал бий” гэдгийг хэллээ.

Уулзалтын дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн актлагдсан хичээлийн IV байр, шинээр барьж буй спорт цогцолбор, ашиглалтад ороод удаагүй байгаа номын сангийн үйл ажиллагаатай танилцав.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “МУИС өнөөдөр 75 жилийнхээ түүхэнд Монгол Улсын ирээдүйн хөгжлийг авч явах бүх салбарын боловсон хүчнийг бэлтгэж ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр төрийн болон төрийн бус хэвшлийн сургуулиудын сургалтын хөтөлбөр, багшлах хүчний нөөцөд орж буй өөрчлөлтийг бид харж байгаа. Цаашид МУИС-ийг Монголын төр, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага болох Боловсролын яам нь өөрөө үндэсний боловсон хүчин бэлтгэдэг сургууль гэдэг утгаар нь тусгайлан статусыг нь хамгаалж явах ёстой. Тухайлбал, Японд Токиогийн их сургууль, БНХАУ-д Синьхуа их сургууль гээд үндэснийх нь их сургууль тухайн үндэстнийхээ боловсон хүчний нөөцийг бэлтгэдэг. Энэ бодлогод Боловсролын яамнаас онцгойлон анхаарна. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд дөхүүлэх, Азийн топ сургуулийн нэг, цаашлаад дэлхийн топ сургуулиудын нэг болоход үе шаттай бодлогоор ажлын хэсэг, экспертүүд, эрдэмтэн судлаачдын дэмжлэгийг авч ажиллана. Сургалтын хөтөлбөр, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацид судалгаа хийж буй шаталсан сургалтын бакалавр, магистр, докторантурт суралцах бүх тоног төхөөрөмж, багш нарын нөөц зэрэг сургалтын иж бүрэн тогтолцоо бүрдэх ёстой. Энэ чиглэлд шаардагатай дэмжлэгийг Боловсролын яамнаас үзүүлж ажиллана” гэв.

БСШУС-ын сайд их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцах уулзалтаа Монгол Улсын ууган их сургуулиас ийнхүү эхлүүллээ.

Ж.Болор

URL:

Нэр: 555 Огноо: 13 January 2018

4

Сэтгэгдэл бичих