НАС БАРСАН ЭРИЙН ХАЛААСАН ДАХЬ ТЭМДЭГЛЭЛ (ӨГҮҮЛЛЭГ)

15414

Том Бенек зочны жижигхэн өрөөнийхөө ширээн дээр бичгийн машинаа тавиад ажиллаж суулаа. Тэрбээр бичгийн цэвэр цаас хошоодыг авч хортой цаас хавчуулаад бичгийн машиндаа хийн “Ажил хэргийн тэмдэглэл” гэсэн гарчиг тавиад, дор нь маргаашийн он, сар бичиж, бичгийн машиных нь хажууд хэвтэх үнгэгдсэн шар хуудсыг ажиглан суулаа. Гар нооргоор дүүрсэн тэр цаасыг хэсэг хараад тэрбээр “Халуун байна шүү” гэж амандаа гүвтнэхэд унтлагын өрөөнөөс эхнэрийнх нь босож хувцаслах, шүүгээний хаалга онгойлгох чимээг сонсов. Улмаар өндийгөөд хэлхгэр саарал өмднийхөө арын халаасанд гараа шургуулан цонхоор харж зогслоо. Намрын хүйтэн шөнө Лексингтоны өргөн чөлөөг манан бүрхжээ. Том Бенек өндөр нуруутай боловч туранхай, хар үстэй залуухан эр бөгөөд сургуульд байхдаа хэзээ ч хөл бөмбөг тоглож байгаагүй, харин сагсан бөмбөгийн багт орж байсан аж.

Тэрбээр цонхоо жаахан онгойлгоод буцсан боловч ажлаа эхэлсэнгүй, гараа халаасандаа хийсэн хэвээр хонгилоор алхан унтлагын өрөөний гаднаас “Клара! Чи ганцаараа явахдаа дургүйцэхгүй биз дээ?” гэж асуухад хувцасныхаа шүүгээнд толгойгоо шургуулсан эхнэрийнх нь “Үгүй” гэх бөглүү дуу гарч, удалгүй өндөр өсгийт тог тог хийн эхнэр нь гарч ирлээ. Өндөр гоолиг нуруутай, бараг л шаргал гэмээр цайвар хүрэн үс хөөрхөн царайд нь тун чиг зохицсон тэрээр сайхан хүүхэн ажээ. Клара гоёмсог банзал өмсөж, ээмгээ зүүнгээ нөхөр рүүгээ харан инээмсэглэж “ Хамт кинонд явахгүй гээд байгаад чинь уур хүрч байна шүү! Чи уг нь энэ киног үзэхийг хүссэн биз дээ?” хэмээн эрхлэн өгүүлэхэд нөхөр нь “Тийм ээ. Гэхдээ хийх ажил их байна” гэсэнд эхнэр нь зочны өрөөний ширээн дээрх овоолгоотой бичиг цаасыг хараад “Тийм дээ. Чиний ажил хичнээн их ч чи ард нь гарч чадна” гэхэд Том инээмсэглэн “Тун удахгүй би Бой Уизардын дэлгүүрүүд шиг томорно доо” хэмээв. Эхнэр нь түүнд “Тэгж бодогдохгүй л байна шүү” гэж инээмсэглэн хэлээд унтлагын өрөө рүү эргэлээ. Том янжуур асааж аваад ширээндээ суухыг завдтал Клара хувцаслаж дуусаад гарч ирэв. Үзэсгэлэнт эхнэрээ явах гэж буйг харсан Том янжуураа үнсний савыг ирмэгдүүлэн тавиад босож, гадуур хувцсыг нь авч өмсгөөд тэвэрч үнсэхдээ эхнэртэйгээ хамт явахыг туйлын ихээр хүсэж байгаагаа мэдэрчээ.

“Цагийг сайхан өнгөрөөгөөрэй!” хэмээн эхнэртээ хаалга нээж өгөөд, шатаар тог тог хийлгэн уруудах түүнийхээ араас нэг өнгийгөөд эргэж хаалгаа хаах хооронд нарийхан зайгаар орцноос бүлээхэн агаар урсан гэр рүү орох нь мэдрэгдэж, зочны өрөөний салхивч тасхийх, хөшиг, ширээн дээрх цаас хийсэх нь сонсдов. Түүнийг хаалгаа яаран хаагаад эргэхэд ширээн дээрх цааснууд хийсэн эргэлдэж, нөгөө түрүүний гар ноорог бүхий шар цаас эргэлдэн ниссээр цонхны тавцанд хүрч, салхивчны нарийн завсраар гарах гэж байгаа харагдахад ухасхийн цонх руу очиж, тавцанд хүртэл нөгөөх ер бусын бүлээн агаар үлээх шиг болоод, хөшиг хийсэн шар цаас салхивчаар гарчээ. Цонхонд нүүрээ наан гадагш ажиглахад өнөөх цаас цонхны модон тавцангийн торгон ирмэгт тогтож ядан байхыг хараад цонхоо хамаг хүчээрээ дэлгэн гараа сарвайтал цааш дахин хийслээ. Зэргэлдээх сууцны чулуун хананд өнөөх цаас хийсч очоод тогтчихсон, цайрч харагдахыг хараад гараа жаахан сунгаад зүтгэвэл хүрчихмээр санагдав. Хоёр байшингийн хоорондын зайг багцаалбал таван ярд орчим ажээ. Байшингийн чимэглэл бүхий булангаас нөгөө зөөлөн бүлээн салхи Томын нүүр рүү үлээнэ.

Тэрбээр цаасыг ажиглан цонхны тавцан дээр сөхөрч суусан хэвээр минут гаран хүлээв. Хэрэв цаас доош гудамж руу унавал цахилгаан шатаар уруудаж очоод авчихъя гэж бодсон ч өнөөх цаас доош унасангүй, байшингийн ханын чимэглэлийн түрж гарсан тоосгонд хавчуулагдчихсан, цайран харагдсаар байлаа. Тэр цаасыг галын шилээвэр юм уу шүүрний ишээр татаад авчихаж болохоор харагдаж байсан ч тэдний гэрт тийм зүйлс харамсалтай нь байсангүй. Ширээн дээрх энэ олон цааснаас ганцхан тэр шар цаас хийсэж одсонд тэр бухимдан хараал тавьж эхлэв. Шинээр хүнсний дэлгүүрийн салбар нээх талаар хийсэн бүх судалгаануудаа Том тэр гайтай шар цаасан дээр тэмдэглэсэн юмсанжээ. Үнийн санал, тоо баримт, үйлчлүүлэгчдийн тоо зэрэг маш чухал мэдээллүүд тэр цаасан дээр тэмдэглээтэй бий. Том энэ тэмдэглэлийг хийхийн тулд нэлээд хэд хоногийн турш орой болтол өөртөө үйлчлэх дэлгүүрийн үүдэнд зогсож, үйлчлүүлэгчдийн тоог нь гаргасан билээ. Тэдгээр баримтгүйгээр түүний шинэ дэлгүүрийн санаа удирдлагуудынх нь анхаарлыг татахгүй тул Том тэрхүү шар цаасны төлөө яахаас ч буцахааргүй болов.

Дараагийн хэдэн хором өнгөрөхөд тэр өнөөх шар хуудсыг тэр чигт нь орхичихдог юм бил үү гэж бодсон ч энэ тэмдэглэл түүнд өөр байхгүй, бүхэл бүтэн хоёр сарынх нь хөдөлмөр байсан учраас хэрхэвч орхиж болохгүй байв.
Өнөө орой хийх ёстой байсан ажил нь түүнд асар их боломж, ирээдүйг авчрах бөгөөд тэр компанийнхаа бусад залуу ажилтнаас илүү үнэлэгдэх болно гэдэгтээ маш итгэлтэй байсан тул цайран харагдах цаасыг авахаар цонхоороо гарахаар шийдлээ. Тэрбээр гэнэт ер бусын хөөрөлд автан инээд нь хүрч, тэр цаасанд хүрэх тийм ч хэцүү биш юм шиг санагдан, цаас тогтсон байшингийн булан хүртэлх зайг нүдээрээ хэмжиж үзжээ. Байшингийн ханын чимэглэл тоосго түүний гутлын ул гишгэж болохоор харагдаж, мөн хагас инчийн хошуу бүхий ирмэг гарган өрсөн тоосгоноос барилан тэнцвэрээ хадгалж болохоор санагдав.

Энэ бүгдийг тооцон ажигласныхаа дараа тэрбээр даарахгүйн тулд шүүгээнээсээ хуучин хүрмээ авч өмсөөд шууд цонхны тавцан дээр гарлаа. Чичирч салгалсан хөлөө аажуухан зөөсөөр цонхны гадна тавцангаар дамжиж байшингийн ханан дахь тоосгоны ирмэгт гишгэн түр зогсож, тэнцвэрээ олоод цаашлахад цонхныхоо гэрлээс холдож, харанхуй руу оржээ.

Арваннэгэн давхрын өндөрт хүйтэн байлаа. Гэрэлтэй харагдах цонхоо нэг ажиж аваад цонхны шаваас, тоосгоны булангаас барин цааш дөхөв. Тоосгоны түрж гарсан хэсэгт хөлөө болгоомжтой зөөж, хоёр гараа ээлжлэн ахиулсаар цаашиллаа. Чээж, нүүрээрээ хүйтэн тоосгон хананд наалдан тэнцвэрээ хадгалж хөдлөнө гэдэг амаргүй байв. Цонхных нь гэрэл бүр харагдахаа болиход энд түүний бодож байснаас илүү харанхуй болохыг тэр ойлгожээ.

Эхлээд баруун гараараа ирмэгээс барьж, дараа нь хөлдөө гишгэц олоод зогсолтгүй цаашлах зуур гишгэж байгаа тоосгоны ирмэг түүний тооцсончлон тийм өргөн биш нь мэдэгдэж байв. Тэрбээр зөвхөн урагшаа харж зүтгэсээр явахад хүрэмнийх нь товч хананд тээглэж байлаа ч тэр доош харалгүй хоёр хөлөө ээлжлэн тавилсаар урагш зүтгэлээ. Эцэст нь тэр өнөөх буланд арайхийн хүрчээ.

Тэр баруун хөлөө аажуухан өргөж, баруун талд нь буй ханын урагш түрсэн ирмэгт тавилаа. Хоёр байшингийн хана булан үүсгэн ойрхон байрласан бөгөөд тэрбээр яг тэр буланд нэг хөлөө өөрийнхөө байшингийн ханын түрсэн тоосгоны ирмэгт, нөгөө хөлөө зэрэгцээ байшингийн ханын тоосгоны ирмэгт тавьжээ. Нэг гараараа тоосгоны ирмэгээс барьж, нөгөө гараа аажмаар хоёр хөлийнхөө дундуур доош явуулан өнөөх цаасандаа хүрэхээр зүтгэв. Гэвч түүний өвдөг хананд тулаад, хангалттай бөхийж чадахгүй байлаа. Толгойгоо арай жаахан бөхийлгөж байгаад дахин оролдоод үзэхээр шийдэн тонгойтол хоёр хөлийнх нь дундуур Лексингтоны өргөн чөлөө, Лойвын театр бүхэлдээ харагдах нь тэр… Цааш ахиулан харвал Тавьдугаар гудамж, замаар сүлжилдэх олон машины гэрэл, хар цэг төдий харагдах явган хүмүүс, шоо мэт санагдах байшингуудыг хараад бүх бие нь зарсхийн, айсандаа чичирч эхлэв. Тэрбээр цаасны хойноос санаандгүй тонгойн ямар гэгч аймшигтай өндөрт, өчүүхэн жаахан тоосгоны ирмэг дээр тогтож ядан байгаагаа, нэг л хальтирвал ямар ч авралгүй болохоо ойлгоод хөдөлж ч чадахаа больчихжээ.

Жаал азнаад тэрбээр тоосгоны өнцгөөс аль болох лавхан атгаж, бүх биеэрээ хананд наалдав. Түүний хамаг бие чичирч, гар нь бадайран, нүдээ тас аньсан бөгөөд айсан, даарснаас болоод эрүү нь тачигнаж байв. Гэвч тэр амьд гарахын тулд өөрийгөө тайвшруулж, айдсаа дарах ёстойгоо ойлгож, гүнзгий амьсгаа авчээ.

Хүйтэн агаараар чээжээ дүүргэн амьсгал авсаны дараа ч чичрэхээ больж, нүдээ нээж чадсангүй. Тэр доош хараагүй байсан бол ийм байдалд оролгүй, ирсэн шигээ тайван буцаж чадах байснаа ойлгож байв. Одоо тэр эргээд цонх руугаа очиход тун хэцүү, бараг боломжгүй болсон байлаа. Энэ янзаараа хөлөө зөөхийг оролдвол тэнцвэрээ алдан доош унахаа ойлгоод тэрбээр хөдөлсөнгүй.

Хором хэртэй зогссоны дараа тэр доогуур сүлжилдэх машины дохио хангинахыг сонсчээ. Удалгүй шуугиан ихтэй хотын төвийн дуу чимээ түүнд бүрэн сонсогдож эхэлсэнд “Туслаарай” хэмээн хамаг чадлаараа хашгирав. Гэхдээ тэр их өндөрт салхитай, бас нүүр нь тоосгон хана руу харсан байгаа ийм нөхцөлд хашгираад хэн ч сонсохгүй, тэгээд ч энэ бол Нью-Йорк тул шөнийн цагаар ингэж хашгирахыг хэн нэгэн сонслоо ч тоохгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
Нүдээ анин өөрийнхөө байдлыг төсөөлөв. Тоосгоны ирмэг дээр тогтож ядан дэнжигнэж байтал түүний нэг хөл хальтран тэнцвэрээ алдаж, асар өндрөөс шидсэн чулуу шиг доош харван уналаа.

… Ийм байдалтай удвал түүний төсөөлөл аймшигт үнэн болох нь гарцаагүй тул тэр нүдээ аажуухан нээхдээ бага зэрэг тайвширсан байлаа. Тэгээд нэг гараа аажуухан хөдөлгөн, цаахна нь байгаа тоосгоны ирмэгээс барьж хөлөө зөөв. Дараа нь дахиад жаахан ахилаа. Тэр амьсгаадан зүтгэсээр байв. Ийнхүү бага багаар ахиж байтал түүний хөшсөн гарын хуруунд өнөөх гайт цаас мэдрэгдэх нь тэр. Гайхаж, цочирдсондоо болоод түүний хоолойноос инээх ч биш, архирах ч биш дуу гарлаа. Гэвч тэрбээр амаа ангайн цаасыг шүдээрээ зууж аваад дахин бүх биеэрээ хананд наалдан гар, хөлөө ээлжлэн аажуухан зөөж эхлэв. Тийн явахдаа тэрбээр бараг юу ч бодсонгүй, нүдээ ч нээсэнгүй. Энэ нь түүний айдсыг жаахан ч болов нимгэлжээ.

Тэр сөөм сөөмөөр ахиж байлаа. Гэнэт түүний толгойд энгэрээрээ тас наалдаж, зуурсан энэ хүйтэн тоосгон хананы цаадах гэрийнх нь байдал бууж ирэв. Дулаахан, сайхан тавлаг орчин. Тэр өөрийгөө шалан дээр гараа алдлан хэвтэж байгаагаар төсөөлж, тэрхүү сайхан, аюулгүй өрөөнөөс тун ч холгүй өөрөө хамаг тэвчээрээ баран чичрэн зогсож байгаа ажээ.

Ингэж дэмий юм бодон удаан зогсвол унах аюултайг тэр дахин санаад өмнөх шигээ нүдээ анин гар, хөлөө ээлжлэн зөөж эхэллээ. Гэтэл нүдээ аньсан байснаас цонхондоо ойртон ирж, гараараа барьж байсан ханын чимэглэл тоосго алга болсныг мэдэлгүй хоосон хана самардаад тэнцвэрээ алдаж, бүдрэхдээ баруун хөл нь зүүн хөлийнх нь шагайг цохин доош унажээ. Гэхдээ л тэр баруун гараараа цонхны шил, тавцан модыг самардан шүүрч амжаад, бүх биеэрээ цонхны тавцангаас дүүжлэгдсэн боловч онгорхой байсан цонхоо савчсан гараараа түлхэн хааж орхилоо. Хэдэн хормын дараа тэр өвдгөөрөө нэгэн тоосгоны ирмэг олж өвдөглөөд тэнцвэрээ авч, цонхны тавцан модноос зуурсан гараа тохойгоор нь нугалан дээш зүтгэсээр цонхны тавцанд чээжээ ойртуулж, духаараа хаалттай цонхондоо хүрэв.

Цонхны тавцангийн дороос зуурсан чигээрээ зочны өрөө рүүгээ өлийн харлаа. Улаан хүрэн өнгийн тохилог буйдан нь, бичгийн машин тавьсан ширээ нь, сэтгүүлүүд, түүний дөнгөж саяхан татаж байсан янжуур яг хамрынх нь урд байв. Янжуурынх нь утаа суунаглаж байхыг харвал дөнгөж сая гарсан мэт ажээ.

Тэр амандаа шар өнгийн цаас зуусан өөрийнхөө царайг цонхны шилэнд тольдоод нэг гараа тавцангаас суллан өнөөхийг амнаасаа авч цонхны гэрэлд нэгэнтээ хараад базан халаасандаа хийлээ.

Цонх бүтэн хаагдаагүй, жаахан завсар байсан хэдий ч онгойлгож чадсангүй. Цонхны хүрээг гадна талаас нь онгойлгох боломжгүй ажээ. Хуруугаараа хичнээн малтаж, төнхөөд ч завсар гаргаж чадсангүй. Зүүн гараараа цонхны тавцангийн модноос зуурч, тоосгоны ирмэг өвдөглөсөн хөл дээрээ дахин тэнцвэрээ олж байгаад баруун гарын алгаараа цонхны шил рүү дэлстэл гар нь шилнээс ойж, хүчиндээ савж тэнцвэрээ алдах шахлаа.

Тоосгоны булан өвдөглөж, тавцангийн модноос зүүгдэн амь дүйж байгаа түүнийг нэгэн жижиг хавтгай шил аюулгүй, дулаахан орон гэрээс нь тусгаарлаж байна гэж бодохоор түүний инээд ч хүрэх шиг санагдаж, нүдээ анин яах тухайгаа хором хэртэй бодсон хэдий ч толгойд нь юу ч орж ирсэнгүй. Гэхдээ тэр тайван байж, чичрэхгүйг хичээн, гэртээ орж чаддаг юм бол шалан дээрээ тэрийн хэвтэж, өнхөрч, гараа алдалж, өрөөн дотроо гүйнэ дээ хэмээн бодов. Түр амсхийгээд тэр хөлөө аяархан хөдөлгөн татаж, өвдөглөж буй тоосгоныхоо ирмэг дээр улаараа гишгэж чадлаа. Гараа зангидаж байгаад шил рүү цохисонд шил мөн л хагарсангүй, харин доргилтод нь зуурч байсан тавцангийн мод шажигнан дуугарсанд тэр цонхны шилийг тийм ч амархан хагалж чадахгүйгээ мэдээд дэмий л хашгирсан боловч хэн ч сонссонгүй.

Аргаа бараад “Клараг иртэл хүлээдэг юм бил үү?” гэж бодлоо. Тэгээд тэр үргэлжлүүлэн төсөөлж гарав. Клара цоожийг түлхүүрдэн орж ирээд хаалгаа хааснаа гэнэт зочны өрөөний цонхны цаана дүүжигнэх түүний хөөрхийлөлтэй царайг олж хараад сандран тэвдэж, цонх руу ухасхийн гүйж ирээд түүний хэлснээр цонхыг онгойлгох гэж хичээх боловч чадахгүй. Яагаад гэвэл, Клара цонхыг дотроос нь ч онгойлгож чаддагүй юмсанжээ. Тэр өмнө нь цонх онгойлгох болохоороо дандаа Томыг дууддаг байсан юм. Клара буцаж гүйн, байрны харуулыг юм уу хөршүүдээсээ хэн нэгнийг дуудан авчирч цонхоо онгойлгуулахад би гэртээ ороод тэдэнд “ Би цэвэр агаар амьсгалах гэж л…” хэмээнэ.

Гэвч энэ нь яагаад ч бүтэхгүй хувилбар байлаа. Учир нь, Клара гурван цагийн дараа ирнэ. Тэр ийм байдалтай бүхэл бүтэн гурван цаг тэснэ гэж үү? Цагаа харвал Клара яваад ердөө наймхан минут л болсон байв. Тэр найман минутын өмнө гэртээ эхнэрээ үнсээд зогсож байсан шүү дээ.
Тэрбээр хөлөө ч хөдөлгөхөөс айж байв. Учир нь, түүний хөл тоосгоны ирмэг дээр арай гэж тогтож байсан юм. Дээр нь түүний гар чилж эхэлсэн бөгөөд өвдөг нь шалбарч, хөл нь мэдээ алдан бадайраад тэсэхэд бэрх болсон байлаа. Ойролцоох байшингуудын цонх бараг бүгд гэрэлтэй, тасалгаан доторх зүйлс нь харагдаж байв. Хажуугийн байшингийн цонхоор нэгэн эр сонин уншаад сууж харагдана. Өөр нэг өрөөний цонхонд нэг хүний дүрс ойртож ирсэн боловч удалгүй алга боллоо. Бас нэг өрөөнд зурагтын цэнхэр саарал дэлгэц асаалттай харагдана. Нөгөө сонин уншиж байсан эр сонингоо эргүүлэн уншиж байгаа үзэгдэв.

Тэрбээр энгэрийн дотуур халааснаасаа боодолтой цаас оллоо. Нэгийг шүдээрээ сугалж аваад цонхны гэрэлд харвал ягаан бэхээр бичсэн түүний зар сурталчилгааны захидал байсныг өрөөсөн талаас нь хуйлаад, нөгөө халаасандаа байсан хайрцагтай шүдэнзийг гарган өрөөсөн гараараа нэлээд оролдон байж асаав. Цаасандаа гал оруулаад, галаараа тал тал тийш нь дохин далалжээ. Түүний халаасанд ийм зар сурталчилгааны захидал гурван ширхэг байсныг шатааж дууслаа. Сүүлчийн цаас шатаж дуусаад, үлдэгдэл нь газар унахад нэг эр түүнийг хараад дээш харсан боловч Томыг анзаарсангүй. Хэрэв түүний халаасанд хэдэн зоос байгаад, доош нь унагасан бол харсан хүн нь заавал хаанаас унасныг тогтоох гэж оролдох байсандаа гэж тэрбээр аргаа баран бодлоо.

Цонхны тавцангийн модноос зуурсан гар нь чичирч эхлэв. Гараа солиод халааснуудаа дахин нэгжиж үзлээ. Тэрбээр хүрмээ солихдоо түрийвчээ халаасанд нь үлдээжээ. Түүний халаасанд нөгөө шар хуудас л байв. Хэрэв тэр зам дээр унаж үхвэл энэ цаас хэнд ч хэрэггүй болох бөгөөд түүнийг хаалттай цонхоор яагаад унасныг нь хэн ч тайлж мэдэхгүй үлдэнэ. Халааснаас нь олдох энэ шар цаасан дээрх сараачсан зүйлсийг хэн ч ойлгохгүй бөгөөд зүгээр л зуурдаар нас барсан эрийн халаасан дахь ноорог цаас болох юм.

Тэр аврагдах боломжгүй болсноо ойлгож эхлэв. Гар нь тавцангаас зуурсан хэвээрээ авч маш ихээр чичирч байлаа. Тэрбээр эцсийн тэнхээгээ шавхан хөлөө тоосгон дээр тогтоож, гараараа тавцангийн янз модноос зуурч байхдаа эхнэрээ ийм харанхуй, хүйтэн шөнөөр үргэлж ганцааранг нь ажилд явуулж байснаа санаад ихэд харамсав. Хайртай бүсгүйтэйгээ хамт зугаалах олон оройг нь булааж, эцэст нь түүнийг энд авчирсан энэ шар цаасан дээрх хэний ч ойлгохгүй тэмдэглэл буюу нас барсан хүний халаасан дахь ноорог цаасанд түүний уур хүрч, хий дэмий гарзадсан амьдралынхаа хайран цаг хугацаанд харамслаа.

Түүний хөл, гар нь суларч эхлэх үед тэрбээр цонхны шил рүү дахин нэг цохиод үзэхээр шийдэж, биеэ бэлтгэн нударгаа зангидав. Тэр хамаг хүчээ шавхан сүүлчийн удаа цохих гэж байгаа болохоор сайтар тооцооллоо. Цонхны шил түүнээс хоёр фут орчим зайтай харагдаж байсан тул ийм зайнаас шилийг хагартал нь хүчтэй цохиж чадахгүй байх гэж тооцоод аль болох дээшилж, дөхөв.

Ингээд тэр нэг гараараа цонхны хүрээ модноос хумсаараа шигтгэн бариад, хамаг биеэ хөвчлөн тэнцвэрээ авч цохиход бэлдлээ. Цонхыг цохиж хагалсан даруйдаа шил байсан хүрээнээс шүүрч авахгүй унана гэдгээ тэр мэдэж байв. Учир нь, тэр хумсаараа цонхны хүрээнээс зуурч хором ч тэсэхээргүй байлаа. Түр зогсосхийгээд шууд цохижээ. Энэ цохилтоос түүний амьд гарах, арваннэгэн давхраас унаж бяцрах нь хамаарах байв.

Сүүлчийн цохилтыг хийхдээ тэр нударгаа цайтал нь хүчээ шавхан зангидаж, Клараг бодон яг цохих агшиндаа “Клара” хэмээн хашгирлаа.
Шил хагарах чимээ сонсдож, тасалгааны бүлээн агаар нүүр рүү нь зөөлөн үлээх мэдрэгдэн өрөөний шал, цонхны тавцангаар нэг хагархай шил бутарчээ. Цонх руу цохисон гараараа агшин зуур шилний хагархайны үлдэгдэл одоо ч сарайн буй цонхны хүрээнээс шүүрэн авч, өрөө рүүгээ зүтгэж байхдаа тэр баярлан инээмсэглэж байлаа. Цонх руу авиран гарч, өрөө рүүгээ орсны дараа тэрбээр гадаа хананд амь тэмцэн зүүгдэж байхдаа бодож байсанчлан шалан дээр тэрийн хэвтсэнгүй, өрөөн дундуураа ч гүйсэнгүй. Халааснаасаа өнөөх үнгэгдсэн шар цаасаа авч, ширээн дээрээ тавин дээр нь харандаа хаяад, толгойгоо сэгсэрч хэсэг ажиглаж зогссоноо хувцасныхаа шүүгээ рүү эргэж гадуур хувцас, малгайгаа өмсөөд, хаалгаа онгойлгон эхнэрийнхээ хойноос очихоор гарлаа. Түүнийг хаалга онгойлгоход ер бусын бүлээн салхи хаалгаар дахин үлээж, зочны өрөөний ширээн дээр тавьсан өнөөх шар цаас, харандааны хамт эргэлдэн, шилгүй болсон цонхоор нь хийсэж түүний өрөөнөөс, амьдралаас нь гарч явах нь харагдав. Том Бенек нэг сайн жуумалзаад хаалгаа хаалаа.
Жэйк Фэнни Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Б.Удвал


URL:

Сэтгэгдэл бичих