Швейцарьт эрүүгийн хэргээр шалгагдаж буй С.Баярцогтын 9,2 сая ам.долларыг АТГ-ынхан Монголд оруулж ирэх үү
2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “С.Баярцогт нь “Credit Suisse” банкинд нэг сая ам.доллартай, оффшор бүсэд компани байгуулсан” гэх мэдээлэл гарсан. Үүний дараа С.Баярцогт “Би нэг сая ам.доллартай байсан нь үнэн. Гэхдээ миний ард гурван хүн байсан. Мөн одоо дансанд гурван сая төгрөг хүрэхгүй мөнгө бий” хэмээн мэдэгдэж, монголчуудыг оффшор бүстэй танилцуулж байсан билээ.
Тухайн үед С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаал хашиж байсан тул нуусан хөрөнгө болон компаниа хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тусгахаа “мартсан” гэх шалтгаанаар албан тушаалаа өгч асуудлыг намжаах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Учир нь оффшор гэх бүсийг зөвхөн С.Баярцогтоор төсөөлдөг байсан үе өнгөрч, цөөнгүй монголчууд тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон компанийн захирлууд татвараас зугтаах зорилгоор хөрөнгөө нуусан нь үе шаттайгаар тодорхой болсоор байгаа юм.
Дэлхий нийт цагаан захтнуудын хөрөнгөнөөс татгалзаж байгаа өнөө үед Монгол Улс ч хуулиараа хориглосон. Улмаар Авлигатай тэмцэх газар энэ талаар тодорхой ажлуудыг хийсээр байгаа. АТГ-ын дарга Х.Энхжаргалын мэдээлж байгаагаар өнгөрсөн хугацаанд ил болсон панамын баримтуудыг үндэслэн хэд хэдэн хэрэг дээр эрүү үүсгэж шалгаж байгаа аж. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл нараас эхлээд өнөөх алдарт С.Баярцогтыг ч нэлээд гүнзгий шалгаж эхэлжээ. Ингэхдээ “УИХ-ын гишүүн С.Баярцогттой баримтууд нэлээд гүнзгийрч байгаа. Нэлээд юмнууд тодорхой болж магадгүй” хэмээн тодотгосон нь баттай баримтын араас орсныг илтгэх мэт.
Одоогоос яг жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогттой холбоотой нэгэн баримт дэлгэгдсэн нь оффшор дансандаа нэг биш 9,2 сая ам.доллартай гэх Швейцарийн банкны мэдэгдэл болоод өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд Швейцарь улсын Холбооны улсын шүүх С.Баярцогтод эрүүгийн хэргийн 305 дугаар зүйлээр /Мөнгө угаасан/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байв.
Хамгийн ноцтой нь Швейцарь улсын “Credit Suisse” банкан дахь С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар орсон нь “Оюутолгой”-той холбоотой байх магадлалтай гэх “хар”-ыг төрүүлж байгаа юм. Учир нь 2009 оны аравдугаар сарын 7-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн байдаг. Түүнчлэн өмнөх нэг сая ам.долларын асуудлыг ярихдаа 2008 оны тавдугаар сар гэсэн нь С.Баярцогт Сангийн сайд байх хугацаатай таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл “Ашигт малтмалын болон Татварын хуулинд өөрчлөлт оруулж, 2008 оны наймдугаар сард Аж ахуйн нэгжийн хуульд өөрчлөлд хийсэн. “Оюутолгой”-д бүх таатай нөхцөлийг бий болгосон” гэх харыг ч давхар төрүүлж байгаа юм.
Швейцарийн шүүхээс С.Баярцогтын “Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг. Учир нь оффшор бүс бүр өөр өөрийн онцлогтой байдаг. “Panama” бол 60 хувиа аваад 40 хувиа буцаадаг бол Швейцарийн банк 100 хувь буцаан олгодог аж. Тэгэхээр АТГ-ын дарга Х.Энхжаргалын С.Баярцогтын тухай мэдэгдэл үүнтэй холбоотой байх магадлал өндөр байна. С.Баярцогт Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөд данс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг аж.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Офшор Баярцогт хуужаагийн нуусан 9 сая долларыг монголд оруулж өрийг дарах дансанд хийх хэрэгтэй.
АТГ биш Авилгалыг Өөгшүүлэгч газар СБаярцогтыг шхогаж харагдаач Швейцарын банк баримтаа үзүүлсэнгүй тул нотлогдсонгүй гээд лярина даа манай Авилгалыг Өөгшүүлэгчид маань