АТГ-аас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж хүргүүлнэ

цогзолмаа

Авилгатай тэмцэх газар БСШУСЯ-ны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажилтай танилцсан. Энэ үеэр тус салбарт нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн бөгөөд АТГ-аас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж хүргүүлэхээр болжээ.

Шалгалтаар салбарын хэмжээнд дараах зөрчлүүд илэрсэн гэж АТГ-аас мэдээлсэн билээ.

Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй. Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны ес нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах зарчим алдагдсан хэмээн дүгнэсэн. Түүнчлэн бүтцийн өөрчлөлтөөр 21 албан тушаалтанг ажлаас нь чөлөөлж, 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосныг ил болгосон.

1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байв. Иймд Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ.

Мөн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Яамны харьяа 2 агентлаг болох Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар нь шинээр байгуулагдсан бөгөөд Соёл урлагийн газрын дүрэм, журам нь батлагдаагүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг зөрчиж байна.

http://time.mn/n/lVR


URL:

Сэтгэгдэл бичих