“КУБОК РОССИИ ПО ЖЕНСКОЙ БОРЬБЕ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГЫН ТӨЛӨӨ МАНАЙ 4 БӨХ ХҮЧ ҮЗНЭ
ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн дөрөв дэх удаагаа болж байгаа юм. ОХУ-ын Аялал жуулчлал, спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг тус тэмцээний шагналын сан нь 50 мянган ам.доллар юм.
Жин тус бүрт түрүүлсэн бөхөд эмэгтэй чөлөөт бөхийн спортын бэлгэдэл болгож гантиган суурьтай, хүрэл матрёшка гардуулж, 3 мянга ам.доллараар урамшуулна. Тус тэмцээнд ОХУ-ын бөхчүүдээс гадна АНУ, Казахстан, Монгол, Украин, Швед, Эстони зэрэг гадаад орны нийтдээ 150 гаруй бөхчүүд өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд шалгарсан бөхчүүдийн нэрсийг жин тус бүрээр нь танилцуулахад, 48 кг-д Виктория Энтони (АНУ) – Надежда Федорова (ОХУ), 53 кг-д Наталья Малышева (ОХУ) – Эрдэнэчимэгийн Сумьяа (Монгол), 55 кг-д Мария Гурова (ОХУ) – Нина Менкенова (ОХУ), 58 кг-д Александра Андреева (ОХУ) – Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), 60 кг-д Юлия Пронцевич (ОХУ) – Динара Салихова (ОХУ), 63 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) – Мэллори Велте (АНУ), 69 кг-д Очирбатын Насанбурмаа (Монгол) – Тамыра Менса – Сток (АНУ), 75 кг-д Эпп Мае (Эстони) – Аделайн Грей (АНУ) нар хүч үзнэ.
Харин манай бөхчүүдээс хүрэл медалийн төлөө 55 кг-д Б.Болортуяа, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар хүч, ур чадвараа сорих юм. Тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно.
URL: