Ц.Нямдорж улсын нууцыг задруулсан уу?

12-5-2

Л.ДОРЖБАТ

“Төрийн нууц” гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлууд багтана хэмээн хуульд заасан. Мөн үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц энэхүү мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаагаар задлахгүй байх ёстой.

Гэтэл сүүлийн үед улсын нууц байсхийгээд л задардаг болчихож. Нэг хэсэг улсын нууц задруулсан хэрэгт Хуульзүй, дотоод хэргийн сайд холбогдлоо хэмээн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай баахан шуугиан дэгдээсэн. Түүний араас хэд хэдэн хүн улсын нууц задруулсан хэрэгт ороолцолдсон. Тухайлбал, генерал Ж.Баатар, Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа, өмгөөлөгч Л.Санжаасүрэн гээд л чухал албан тушаалтнууд улсын нууц задруулагсдын цуваанд орж байв. Өмгөөлөгч Л.Санжаасүрэнг 2004 онд төрийн нууц задруулсан хэрэгт буруутган, ял оноосон. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгаж Францаас авчирсан Д.Энхбатыг өмгөөлж байхдаа улсын нууцтай холбоотой мэдээллийг задалсан гэх хэрэгт холбогдсон юм. СүүлдУИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан гэгч улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн ял сонссон.

Тэгвэл саяхан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улсын нууц задруулчихлаа. Тодруулбал, сайд Ц.Нямдорж өнгөрөгч долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүхийн шийтгэх тогтоолыг олон нийтэд харуулж, өөрийгөө “өмгөөлөв”. Энэ нь Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн тогтоол. Гэтэл энэхүү шүүхийн тогтоолыг телевизээролон нийтэд харуулж, бүр уншиж өглөө. Хуульзүйн сайд энэ нууцыг хаанаас, хэрхэн олж авав гэдэг нь сонирхол татаж байна. Албан тушаалаараа далайлгаж авсан уу. Угтаа бол Хуульзүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж буй парламентын туршлагатай улстөрч, Эрүүгийн хуулийн автор гэгддэг Ц.Нямдорж тэр шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулах ёсгүй, бас улсын нууцтай холбоотой гэдгийг хамгаас сайн мэдэх учиртай хүн.

Түүний уншиж танилцуулсантэрхүү шүүхийн тогтоол олон асуудал араасаа дагуулж байгаа юм. Нууцын архивт хадгалагдаж байх учиртай хавтаст хэргээс шүүхийн тогтоолыг авах зайлшгүй шаардлагатай хүнээс нууцын баталгаа авч, гарын үсэг зуруулах ёстой. Хэрэв сайд баталгаа болгон гарын үсэг зурсан бол нууцыг задруулахгүй байх учиртай. Хэдийгээр тэрээр өөрийгөө өмгөөлж, албан ёсны баримттай тайлбар хийсэн гэж байгаа ч нөгөө талаараа хуулийн байгууллагын нууцад хамаарах туслах ажилтны нэрийг ч илчилж орхисон. Түүгээр ч барахгүй нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон нийтэд задруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжийг бүрдүүлчихлээ. Л.Санжаасүрэн цагтаа өмгөөлсөн хэргийнхээ нууцыг задруулсан хэргээр шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн. Харин эдүгээ Ц.Нямдорж улсын нууц хэргийн шүүхийн тогтоолыг олон нийтэд задалсан, задруулсан хэрэгтээ ял сонсох уу.

Хэрвээ тэр төрийн нууцыг хууль бусаар олж авсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин төрийн нууцыг задруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасч, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдгийг Хуульзүйн сайд маань эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих