Б.Батсайхан: Тусгай зөвшөөрлүүдийг шалгавал Оюутолгойд хувь эзэмшигчид илэрнэ

download (1)

Ц.МЯГМАРБАЯР

Ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу  лиценз олголт, түүнийг

худалдах шилжүүлэхтэй холбоотойгоор зарим гадаадын компани хууль зөрчсөн, татвар

төлөөгүй зэрэг асуудлаар  геологич Б.Батсайхантай ярилцлаа.

– Гадны  ямар  компани хууль зөрчсөн юм бэ. Энэ тухайгаа тодруулна уу?

-Айвенхоу Майнз” компани 2007 онд хай­гуу­лын 35 лицензийг хууль зөр­чиж шилжүүлэхдээ татварт нэг ч төгрөг төлөө­гүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн урд хэ­сэгт орших нүүрсний ор­дын 35 ширхэг хай­гуу­лын тусгай зөвшөөр­лийг тухайн үеийн хан­шаар буюу 75 сая канад доллараар “Саусгоби сэндс” компанид хууль зөр­чин шилжүүлсэн. Ин­гэхдээ улсад нэг ч төгрөгийн татвар төлөө­гүй, зугтсан. “Айвенхоу Майнз” 2007 онд 35 ли­цен­зийг хууль зөрчиж бус­дад шилжүүлсэн нь Оюутолгойн гэрээ хийхээс хоёр жилийн өмнө юм.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөрт авсан мөнгөөр Оюутолгойд хөрөнгө оруулсан байх магадлалтай. Тиймээс энэ бүгдийг шалгуулна.   Ерөнхийлөгч уул уурхайн бүх лиценз 30 гэр бүлийн нэр дээр байдаг гэсэн. Эдгээр лиценз тэдний нэр дээр байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  хууль бусаар олгож байгаа эсэх асуудлыг судлах ажлын хэсэг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулагдсан юм билээ. Тиймээс  энэ мэдээллүүд уг ажлын хэсгийнхэнд хэрэг болно гэж үзэж байна.

– Танд татвар төлөөгүй баримт нь байгаа юу?

– Ажлын хэсэг энэ асуудлыг шалгая гэвэл би баримтыг дэлгэхэд бэлэн. Өнөөдөр сонины 2006 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 192 дугаарт “Монголын олон улсын хөрөнгийн корпорациас ирүүлсэн мэдээллээр манай улсад бүртгэлтэй Asia Gold corporation , Ivanhoe Mines Ltd-ийн нүүрс олборлолтын хэсгийг 82 сая  ширхэг хувьцаагаар арилжин авах тохиролцоонд хүрлээ. Ингэснээр уг компанийн 90 хувийг  эзэмших боллоо гэсэн мэдээлэл тухайн үед нийтлэгдсэн байсан.

Улмаар  2007 оны тавдугаар сарын 16-нд  нүүрсний хайгуулын 35 ширхэг лицензийг хууль бусаар шилжүүлсэн бөгөөд арилжааны борлуулалтын орлого нь тухайн өдрийн хувьцааны ханшаар бодвол 243 сая 600 мянган  канад доллар болсон юм. Үүнээс татвар  төлөөгүй. Энэ бүх тоо баримт нь өөрсдийнх нь сайт дээр байна. Харин лиценз шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 заалтыг шууд зөрчсөн. Манай хуулийн үзэл баримтлалаар бол охин компани нь толгой компани руугаа тусгай зөвшөөрөл шилжүүлж болдог. Харин толгой компани нь охин компани руугаа шилжүүлж болдоггүй заалттай. Аж ахуйн нэгжүүд нийлж томорч байвал дэмждэг харин хуваагдаж жижгэрч байвал дэмждэггүй ийм л үзэл санаа хуулийн агуулгад байгаа.

–Манайд нэг ч татвар төлөөгүй юм уу?

-Тийм.

–Хэчнээн төгрөгийн татвар төлөх ёстой юм бэ?

-Харин үүнийг л Улсын прокурорын ерөнхий газрын дэргэд байгуулсан ажлын хэсгээр шалгуулах гээд байгаа юм.

–Мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой  холбоотой хууль зөрчсөн үйлдэл

байна гэсэн?

–  Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст суманд АМГТГ хайгуулын 20883 тоот тусгай зөвшөөрлийг хаалттай тендерээр гадны компанид олгосон. Эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайн хоёр талд “Эрдэнэ Монгол” компанид XV-16956, XV-15569 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Тус талбайнуудад  алт, молибдений ордууд илэрсэн. 45 тонн хүртэл алтны нөөцтэй. Энэ нь” Бороо Гоулд”-ын алтны нөөцтэй дүйцэхүйц хэмжээний орд. Энэ талаар АМГТГ-ын дарга Д.Баатарцогтод гомдол гаргасан ч хариу ирүүлээгүй байна. Мөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 15192 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн хувааж бусдад шилжүүлсэн хууль бус үйлдэл бий. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь “Болд төмөр Ерөө гол” компанийн 8888 А тоот лицензтэй залгаа байрлах газарт “Миллениум Диггерс”  компани 15192 Х буюу хайгуулийн лицензийг аравхан хоногийн дотор авсан байдаг.

Энэ газарт нь 10885 А гэсэн тусгай зөвшөөрөл байсныг 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр цуцлаад ердөө арав хоногийн дараа  аравдугаар сарын 12-нд шинээр тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл АМГТГ-ын  Кадастрын хэлтсийн даргын 821 тоот шийдвэрээр 15192 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл авсныг буруу байна, хууль зөрчсөн  хэмээн тогтоосон. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 131, 442 дугаар шийдвэрүүд, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 514 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны мөн оны 195 дугаар тогтоол, холбогдох хуулиуд хүчин төгөлдөр байсаар байна. Харин Ашигт малтмал газрын тосны газар шүүхийн шийдвэрийг харгалзан цуцлах ёстой. Гэвч цуцлахгүй байсаар байна.

–Та байгууллагын нэр дурдаж байна, өөрийнхөө баримтад итгэлтэй байна уу?

-100 хувь итгэлтэй байна. Дээрх тусгай зөв­шөөр­лүүдийн ул мөрийг хөөхөд Оюутолгойн ордын хувь эзэмшил ч сөхөгдөх нөхцөл үүснэ гэж би бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 27 December 2017

Энэ сэтгүүлч хүний яриаг буруу ойлгоод гарчигласан бололтой юм. Яг үнэндээ Оюу-Толгойн 66 хувь хаанаас бий болсныг илрүүлнэ л гэжээ. 66 байх ёстой юу үгүй гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих