ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
Өмнөговь аймгийн 15 сумын малчин, иргэдийн төлөөлөл нийлсэн 200 гаруй хүн хоёр өдөр зөвлөлдөж мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн холбогдох байгууллагад зөвлөмж гаргалаа. Дээрх аймгийн малчид хоёр жил тутамд ийнхүү зөвлөлдөж уг салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, тодорхой шийдлийг гарган төр засгийн бодлого шийдвэрт тусгуулан хамтран ажилладаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөнөөр өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх, отор нүүдэлтэй холбоотой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын хөлийн татварыг өгдөг болох үүнд үндэслэж төр засгаас мал аж ахуйн салбарт чиглэсэн дорвитой бодлого хөтөлбөр боловсруулахад малчид оролцоогоо нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн мал аж ахуйн салбарт 23 худгийг шинээр гаргаж, 37 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулахын зэрэгцээ малчдад хөдөлгөөнт баг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн сургуулийн сурагчдын амралтыг цэгцлэх, нэг дор амраадаг болох хүүхдүүд зургаан настай ЕБС-д суралцах болсонтой холбогдуулан дотуур байранд байрны багшаас гадна зөвлөх, туслах багшийг нэмж ажиллуулах вакцины үйлдвэрийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн вакцин хэрэглэх түүхий эдийн урамшууллын журамд өөрчлөлт оруулах, малын үүлдэр угсааг сайжруулах замаар үр ашгийг сайжруулах орон нутагт үйлдвэр байгуулах биржийн арилжааг орон нутагт хөгжүүлэх малчдыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулах, орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр омгийн мал сүргийг өсгөх зэрэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгдлээ. Малчдын зөвлөгөөнд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож зөвлөгөөнийг илүү ач холбогдолтой үр дүнтэй болгосон юм. Мөн энэ үеэр буянт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж яваа малчид иргэд төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнуулснаас гадна 15 сумын малчны төлөөллийг БНСУ-д аялуулах эрхийн бичгийг гардууллаа.
URL: