Парламентын багт наадам
Хэрвээ парламент зул сарын баяраар багт наадам хийдэг бол хэнбугай ч үзэж харчих юмтай, сонин содон өвөрмөц
үзүүлбэртэй тоглолт болох байсан биз. Тэгээд ч тэс өөр 76 төрх, ааш араншин, өөрийн гэсэн өвөрмөц ертөнц бий юм хойно шинэ жилийн багт наадмын бүрэлдэхүүн торох юмгүй бүрдэх л юм байна.
Гэхдээ яахав мөрөөдөлд хязгаар байх биш, парламентын багт наадмыг жинхэнээр нь хийхгүй ч дүрслээд үзвэл ямар вэ. Тэгэхээр мэдээж юуны өмнө өвлийн өвөө хэрэгтэй. Энэ дүрд тоглочих бие бялдар өв тэгш, хоолойны цар хүрээ сайтай, нас тогтсон гишүүн гарын таван хуруунд л багтах юм байна. Тэгээд нэлээд тунгаасны эцэст УИХ-ын даргыг энэ дүрд тавих нь оновчтой юм шиг санагдлаа. Ядаж л нас намбыг нь бодсон ч тэр шүү дээ.
Харин туулай болох гишүүн Ерөнхийлөгчөөс авахуулаад парламентаар дүүрэн байгаа юм байна. Тухайлбал, Батж.Батбаяр, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Дамба-Очир, Р.Раш, Д.Хаянхярваа, З.Энхболд… гээд явж байнаа. Ер нь тэгээд тоочоод байвал нэлээд олон туулайтай болох дэг шүү. Тэгээд ч эдгээр эрхэм хаанаас нь ч харсан гологдох юмгүй, дүрээ жинхэнэ утгаар нь амилуулж чадах тийм л туулайнууд.
Түүнчлэн энэ парламентад үнэг болох цөөнгүй түшээ байгаа шүү. Харин энэ олон үнэгнээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардан хийсэн Засгийн газрын гурван сайд болон С.Баяр нартай барьцаж, үнэг болох хүсэлтэй хүн гарахгүй байх аа. Мэдээж энэ дүрд тоглох хүнийг олон түмний дунд ямар нэр хүндтэй, хийж бүтээсэн ажил энэ тэр гээд өнгөрөгч жилд амжуулсан бүх зүйлийг нь бодолцож сонгосон ухаантай.
Ямар сайндаа л Сангийн сайд С.Баярцогт ирэх оны төсвийн нэгдсэн төслийг чуулганаар хэлэлцэх үед замын бөглөрөлөөс болж яам, Төрийн ордон хоёрын хооронд бүтэн цаг явж байхав. Уг нь явган алхсан ч таван минут л зарцуулах газар. Гэтэл эрхэм сайд цаг гаруй хугацаанд явсан юм байх.
Мөн энд нэг зүйлийг тодруулахад, парламентын багт наадмыг бусад байгууллагынхаас арай өвөрмөц болгохын тулд бах сонговол ямар вэ. Тэгээд ч зарим түшээдийн хуралдаанд оролцох байдал нь бахтай төстэй ч юм уу. Харин энэ дүрд эргэлзэж тээнэгэлзэх юмгүй эхний ээлжинд шууд Н.Ганбямба гишүүнийг томилчихвол зүгээр үү. Эрхэм түшээ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ямар ч асуудал хэлэлцсэн бүгдэд нь хошуу дүрж, сөрөг байр суурь илэрхийлдэг нэгэн. Тэгээд ч цэцэн мэргэн гэж жигтэйхэн. Ер нь түүний санаанд нийцэх зүйл бараг л үгүй шүү.
Ихэнх гишүүд өөрийн мэргэжил болон ажиллаж байсан салбарынхаа асуудалд өндөлзөж, үг хэлдэг. Гэтэл Н.Ганбямба гишүүн харин ч эсрэгээрээ. Магадгүй ингэж аяглах нь түүний хувийн онцлог ч байж болох. Түүгээр ч зогсохгүй парламентын түүхэнд нэрээ мөнхлөх гэсэн далд санаа ч байхыг үгүйсгэх аргагүй л юм. Түүнчлэн яах аргагүй бахаар сонгох ганц, хоёр гишүүн байнаа. Орхиход хэцүү. Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар зүй ёсоор орно.
Тэднийг энэ дүрд сонгох болсон шалтгаан нь С.Эрдэнэ гишүүний хайртай Ардчилсан хүчний холбооноос болсон юм. Э.Бат-Үүл гишүүн уг холбоог хуучнаар МАХН-ын захиалгат урвагчид юм биш үү гэсэн нь С.Эрдэнийн зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хөдөлгөсөн. Ингээд л дуусашгүй маргааны эхлэл тавигдаж хоёр эрхмийг энэ дүрд тоглоход хүргэсэн юм даа.
Өө, тийм нэг чухал дүрийг бараг мартах шахжээ. Нээрээ шинэ жилийн багт наадамд зайлшгүй байх ёстой гол дүр чинь цасан охин биз дээ. Гэтэл С.Оюун гишүүнээс өөр цасан охин болгочих бүсгүйчүүд энэ парламентад хомс юм. Энэ дүрд тоглох хүний асуудал бүрхэг байна даа. Ямар Д.Дэмбэрэл дарга шинэ он гарлаа гээд хэдэн туулайгаа дагуулаад хүрээд ирэлтээ биш. Бас ганцхан С.Оюунаа дагуулахаар муухай юм даа. Тэгж байхаар хэлбэр галбир тийм ч гэсэн нөгөө хоёроо араасаа дагуулахаас өөр яахав. За тэгэхээр энэ асуудал ингээд шийдэгдэх шив.
Харин чоно, хонины дүрд Ц.Нямдорж болон Х.Тэмүүжин гишүүн тохирох юм шиг санагдлаа. Гэхдээ бас хонины тоог нэмж болох л юм. Тухайлбал, Ц.Сэдванчиг, Ж.Сүхбаатар… гэх мэт. Тэгэхээр Ж.Сүхбаатар гишүүний хувьд Ц.Нямдорж сайдад заамдуулсан гэдгээрээ хонины дүрд тохирч байгаа бол Х.Тэмүүжиний тухайд байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр сайдтай чи, би дээрээ тулан хэрэлддэг нь энэ дүрийн эзэн болгож буй хэрэг.
Мөн багт наадмаа жижигхэн хөөрхөн хөхөөгөөр чимвэл ямар вэ. Энэ дүрд яг тохирох хүн нь өөрийн санаачилсан хуулийн төслөө батлуулах гэж уйгагүй зүтгэдэг Д.Балдан-Очир гишүүнийг тодруулъя. Тэгээд ч тэрбээр туслахтайгаа хамгийн эрт ордонд ирж, хамгийн сүүлд явж харагддаг юм. Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн багт наадамд ороогүй түшээд дараагийн шинэ жилээр ямар нэгэн дүрд тохогдох нь гарцаагүй ээ.
О.Сүлд http://www.niigmiintoli.mn/
URL: